
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид шинэ оны өмнөхөн Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн хүүхдүүдэд урам зориг хайрлаж гарын бэлэг гардуулан өглөө. Өнгөрсөн онд эрэгтэй шигшээ багийнхан шинэ оны өмнө энэ төвөөр зочилж бэлэг гардуулахын зэрэгцээ тэднийг МСБХ-ны үндэсний лигийн тэмцээнийг үзэх урилга өгч байлаа. Харин өнөөдөр МСБХ-ноос бэлэг өгөхөөс гадна гадаа талбайд тоглох зориулалттай 10 ширхэг резинэн сагсны бөмбөг бэлэглэсэн юм. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд 16-21 насны 50 хүүхэд амьдарч, мөн сурч боловсордог. Мөн энэ төвд 110 ортой түр хоноглох байр байдаг бол орон гэргүй тэнэмэл амьдралтай хүмүүс, хүүхэд багачууд хоног төөрүүлдэг байна. Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулдаг тусгай жижиг төвөөс 16 хүрсэн хүүхдүүдэд энэ төвд ирж бүрэн төгс нийгэмшүүлээд сургууль соёлд сургадаг. Тэд эндээ амьдрангаа сургуульдаа явж хичээл номдоо шамдан суралцдаг юм байна. Харин өнөөдөр шинэ оноо угтан авах гэж байгаа Тусгай төвийн хүүхдүүд МСБХ-ноос 2 дахь жилдээ бэлэг гардан авсандаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Мөн МСБХ, МУБИС-ийн харьяа БТДС-ийн захиргаатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Тэгвэл энэ хүрээнд Тусгай төвөөс урлаг соёл, спорт, сурлага өндөр хоёр хүүхдийг сонгон авч БТДС-д үнэ төлбөргүй сургах болно гэж хэлсэн юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ