
Дэлгэр зуны дулаахан нэг өдөр ажлынхаа өрөөнд бөөн стресс дунд толгой эргэчихсэн сууж байлаа. Үүдний харуул давхиж орж ирснээ Дагваа аварга ирчихлээ таныг хайж байна, шууд дээшээ гарлаа гэж дуржигнуулав. Монголчуудын омгийг бадартал өрсөлдөгч нараа чулууддаг, ширүүн төрхтэй дайчин аваргын царай сэтгэлд орж ирэхдээ зэрэгцэн нэг мэдэх нь ээ би шатаар өгсөж явлаа. Хоёр давхарын нийтийн үзвэрийн зурагт, теннисийн ширээ хавиар багагүй хүмүүс байв. Тэдгээр улсуудын цаана аварга улаан сеткэн малгай дугтуулаад дарчихсан, шорт, пудволк, пүүзтэй утсаар яриад буйдан дээр дээр сууж байлаа. Аварга манайд сувилуулахаар иржээ. Өгий нуур дээр загас барьж явахад нь завь холбироод, унахдаа нуруугаа жаахан гэмтээчихсэн гэв.
Аварга анхны эмчилгээндээ орохоор болов. Надад хоёулаа хамт явъя би мэдэхгүй юм чинь чи надад хаагуур яаж явахыг заагаад өг гэв. Зочид буудлын 204 дугаарын өрөөнөөс эмчилгээний байрлуу аваргатайгаа юм ярьсан шигээ би яасан их додигор алхаж байсан гэж санана. 56 градусын халуун рашаанд хүмүүсийг оруулахын тулд рашаанаа хөргөдөг номтой. Аваргад аль болох халуун нь сайн гэнэ. Угаасаа Японд халуун рашаанд ороод сурчихсан бололтой. Аварга рашаандаа ороод хэвтчихэв. Би лав тэгж орвол шалзрахын наагуур юм болно. Аварга хааяа нэг цүл пал хийтэл ванн дотроо эргэхээс өөр тоож байгаа юм алга.
Аваргыг ирсэн тухай мэдээ сувилалаар хуурай өвсний түүдэг шиг л тархав. Зарим хүмүүс Асашёорюү аваргатай хамт нэг ээлжинд цуг амарч буй тухайгаа ар гэрийнхэндээ сайрхан утсаар ярина. Аваргыг сувилуулж байсан өдрүүдийн орой хүмүүс гадуур алхах нь эрс нэмэгдсэн. Учир нь аварга оройн хоолныхоо дараа салхилангаа настай хүмүүсийн амар мэндийг мэдэн, хэнтэй ч хамаагүй сайхан яриа өрнүүлж буудлынхаа өмнө хүүхдүүдтэй цуг бөмбөг өшиглөнө. Хүмүүс эхэндээ аваргад халдаж чадахгүй зургаа нэг даруулчихмаар байдаг, хэлээд өгөөч гэж жолооч бид хоёрт учирладагсан.
Аваргыг сувилуулах хугацаанд хүүхдийн баяр тохиолоо. Хүүхдүүдэд бэлэг гардуулах бидний хүсэлтийг дуртайяа зөвшөөрч 100 гаруй хүүхдэд бэлэг гардуулж, хамт зургаа даруулж, аав ээжүүдийг алаг үрстэй нь хамт магнайг нь тэнийтэл баярлуулав. Хаа явсан газраа сайхан инерги тарааж байгаа нь хүмүүст маш ихээр таалагдаж тэр чинээгээрээ аварга өөрөө баяр баясгаланг мэдэрдэг байх. Нэг удаа аваргын өрөөнд хоол цай дөхүүлэнгээ хэдэн үг солив.
-Та хөлбөмбөг тоглоод шийтгүүлсэн дэлхийн анхны хүн байхаа?
-Үгүй ээ, би гайгүй. Хойд Солонгосынхон хэдэн хөлбөмбөгчдөө дэлхийн аваргад амжилт гаргасангүй гээд бариад шоронд хорьсон гэсэн, за бараг л зүйл дуусгасан гэж ярьдаг ш дээ. Тэрийг бодвол би гайгүй ээ.
-Та барилдах эрхээ хасуулах үедээ Монголд таныг гэсэн олон түмний уур амьсгал, бухимдлыг хэр мэдэрдэг байв?
-Үгүй ээ, тэр үед би эрх чөлөөгүй байсан. Гэрээсээ гарах боломжгүй, утсаар ярих, интернет орох хязгаарлагдмал, ертөнцөд юу болж байгааг огт мэдэхгүй. Манай гэрийн гадаа бэсрэг наадам бол байгаа юм шиг олон сэтгүүлч нар цуглачихсан, CNN болон зарим томоохон телевизүүд гэрийн гаднаас шууд нэвтрүүлэг хийгээд л үнэн хэцүү байсан.
-Одоо таныг NHK ээс урьдагуу. Зодог тайлсан бөхчүүд сумогийн шууд нэвтрүүлэгт онцгой зочноор оролцдог уламжлал байдаг ш дээ?
-Над руу утсаар ярьдаг. Гэхдээ би энэ их хэл амыг/ 7 сарын тэмцээн цуцлагдаад сумо ид самуурч байсан үе / дуустал очихгүй.
Бидний яриа иймэрхүү байдлаар өндөрлөв.
Аварга буцах дөхлөө. Урд оройных нь бүжгэн дээр аваргыг урив. Соёлын танхимд хүмүүс пиг дүүрэн. Аваргыг хаалгаар орж ирэхэд хүмүүс алга нижгэнүүлэн угтав. Аварга тайзан дээрээс хүмүүстэй мэндчилээд дуусахад гэрэл бүгд унтарлаа. Тайзны эсрэг талд өлгөсөн 6м:4м том дэлгэцэн дээр аваргын шуугиулж байсан үеийн барилдааны бичлэг, миксүүд гарч өрсөлдөгч нараа хүч түрэмгийлэн дийлэх зарим барилдаан дээр нь үзэгчид тасралтгүй уухайлж, алгаа нижигнүүлэн омогшсоор. Тайзны голд суух аваргын сэтгэл ч хөдөлж буй бололтой. Аваргын ид хаваа гайхуулсан барилдааны бичлэг хөгжмийн аянд нүргэлсээр дуусахтай зэрэгцэн хүмүүс бүгд босч яг л нэг хүн шиг, нэгэн зэрэг алгаа ташиж тасралтгүй уухайлсаар. Хүмүүсийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулжээ. Тэр үдэш аварга нийтийн болон диско бүжгийг чадварлаг бүжиглэдэгээ харуулж , хүмүүсийг хөгжөөж жинхэнэ тааваараа сайхан байв. Хүмүүсийн царайд инээмсэглэл тодорч аваргатай хамт байгаа тэр үдэш нь бүгдийнх нь хувьд амьдралынх нь тод өдрүүдийн нэг байсан байх даа.
Туул минь татарчих вий гэж сэрвэлзэн хонодог
Туг минь бөхийчих вий гэж сүслэн залбирдаг
Давах нь хүчтэй ч дуулах нь уяхан
Инээх нь зөөлөн ч бодох нь тэнүүхэн Аваргадаа сайн сайхныг хүсье. Монголчууд таныг бүх сайхан үгээрээ магтдаг билээ.
http://biba.blog.banjig.net/post.php?post_id=89951
СЭТГЭГДЭЛ БИЧИХ