”Цагаан сар-2011” шатрын тэмцээн болно
Монгол хүний авьяас билгийг хөгжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөхөд нь тус дэм болох, шинэ залуу их мастеруудыг төрүүлэх, шатарт элэгтэй нэгнээ урамшуулан үнэлж, зэрэг, дэв олгодог болохын тулд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, залуу, өсвөр үеийнхнийг энэ спортоор хичээллүүлэх нь зайлшгүй юм.
Тиймээс УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг агсан МШХ-ны ерөнхийлөгч байхдаа УИХ-ын гишүүн Н.Түвшинтөгстэй хамтран санаачилсан “Цагаан сар-1996” шатрын тэмцээнийг энэ жилээс сэргээн зохион байгуулахаар боллоо.Уг тэмцээн нь “Их мастер” төслийг хэрэгжүүлэх анхны алхам байсан юм.
2011 оны нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд ГХЯ-ны ёслолын танхимд болох “Цагаан сар-2011” нэр хүндтэй энэхүү тэмцээнийг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулан Монгол туургатны ”Урамтай шатар”холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын санаачлагаар 2011 оноос эхлэн сар шинийн өмнө уламжлал болгон, зохион байгуулж байхаар болж байгаа ажээ. Уг тэмцээнийг энэ жил МҮХАҮТ хамтран зохион байгуулж, Монгол-Оросын хамтарсан УБТЗ-ын нийгэмлэг, МСS Интернейшнл ХХК ивээн тэтгэж байна. Тэмцээнийг А,Б,C ангиллаар зохион явуулна. “А” ангилалд 2100-аас дээш рейтингтэй шилдэг 20 шатарчин, “Б” ангилалд шилдэг 8 эмэгтэй шатарчин “С” ангилалд 2100-аас доош рейтингтэй 52 шатарчин оролцох юм. 1996 онд болсон анхны тэмцээнд ОХУ, Казакстан, Узбекстаны нэртэй шатарчид уригдан оролцсон бөгөөд манай залуу шатарчин Б.Хатанбаатар түрүүлж, их мастерын эхний баллаа авч байсан байна.
Дараагийн “Цагаан сар-1998” тэмцээнд ОХУ, Казакстан, Узбек, Буриадын их мастер, олон улсын мастерууд оролцсоны дотор ЗХУ-ын аварга В.Цешковский, их мастер, алдарт дасгалжуулагч Л.Панченко, А.Фоминых зэрэг олон нэртэй шатарчид оролцож, уг тэмцээний чансааг өргөж байсан юм. Түүнээс хойш Б.Хатанбаатарын араас Ц.Шаравдорж, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар их мастер болцгоосон билээ.
“Цагаан сар” тэмцээнийг амжилттай зохион явуулахад одоогийн ерөнхий сайд С.Батболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч С.Дэмбэрэл, тэр үеийн МШХ-ны тэргүүлэгчид байсан Н.Чулуунбаатар, Б.Ганболд, Ч.Чулуунбаатар нар ихээхэн сэтгэл, хүч чармайлт гаргаж байсныг талархалтайгаар онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.
Ж.Хишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ