
Саяхан Итали орноор ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатараар ахлуулсан аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарын баг аялаад ирсэн.
Тэд эх орондоо ирээд үзэж, сонссон туршлагаасаа хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, Дорнод аймгийн эмч, мэргэжилтнүүд эхийг усанд төрүүлэх аргыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ талаар Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Должин "Итали улсын Вимеркате хотын эмнэлэгт жилд 1500 эх төрдгийн 10 хувь нь усанд төрдөг. Манайхтай харьцуулахад төрөлт харьцангуй цөөн. Эхийг усанд төрүүлнэ гэдэг хүүхдийн амьдрах чадвар, эхийн эрүүл мэндэд маш сайн. Хүүхэд эхийн хэвлийд усан орчинд байдаг. Шууд хуурай орчинд төрүүлнэ гэдэг бол тухайн хүүхдэд ээлтэй бус орчин хүлээж авч байна гэсэн үг. Энэ арга туршлагыг манай нөхцөлд авч хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж бодлогын төвшинд ярьж байгаа" хэмээсэн юм.
Мөн тус улсын авч хэрэгжүүлдэг арга хэмжээнүүдийн дундаас өндөр настнуудыг хөдөлгөөнтэй байлгаж, өтлөлтийг удаашруулах тал дээр илүүтэй анхаарч, дүүрэг дүүргээрээ алхдаг тогтсон өдөртэй болгох ажлыг тус аймгийнхан хэрэгжүүлж эхэлснээрээ бахархаж байсан.
Түүнчлэн Ломбарди мужийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн сайд проф. Лучиано Брескиани болон албаны бусад хүмүүстэй эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцаж, хамтын ажиллагааг эрх зүйн хувьд баталгаажуулахаар тохиролцож 2012 оны гуравдугаар сард хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар болжээ.
Мөн эм үйлдвэрийн "Фрилчуэм" компанийн хүсэлтээр тус компанийн захирал Дисма Маззола болон гадаад харилцааны зөвлөх Гаетона Кастеллини нартай уулзаж, хээлтэй гүүний шээснээс шинэ эм гарган авах технологийг Монголд нэвтрүүлэх чиглэлээр ярилцсан байна. Үүнээс гадна эмнэлгийн оношлогоо, эмчилгээний сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлтэй газар дээр нь очиж танилцсан бөгөөд дэлхийн шилдэг 10 оношлогооны тоног төхөөрөмжийн компанийн нэг болох Esaote групп дээр очиж танилцжээ.
emch.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ