
NBA зул сарын баяраар эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл нийт 32 тоглолт болжээ. Гал бутарсан 32 тоглолт. NBA-гийн ажил хаялт нэг талаар сагсан бөмбөгийн фэнүүдийг гонсойлгож байсан ч нэгэнт NBA эхэлсний дараа тоглолтууд ийнхүү шуурхай болж байгаа нь бидэнд үнэхээр бэлэг барьж байна. Өчигдөр л гэхэд NBA-д 10 тоглолт болсон. Одоогийн байдлаар Дорнод конференцийг Атланта Хоукс, Индиана Пэйсерс, Майами Хит багууд тэргүүлж байгаа бол Никс, Рэпторс, Бобкэтс, Кавалерс, Бакс, Нетс, 76, Мэжик, Буллс багууд бүгд 1 хожил 1 хожигдолтой улирлыг эхлүүлж явна.
Дорнодын багуудаас Вашингтон Визардс, Детройт Пистонс, Бостон Селтикс багууд нэг ч хожилгүй бүсийнхээ сүүлийг мушгиж эхэллээ. Ялангуяа Бостон Селтикс бусдаасаа арай олон буюу 3 тоглолт хийж нэг ч хожил авч чадаагүй яваа нь шуугиан дэгдээж эхэллээ.
Харин Өрнөдийнхнөөс Сан Антонио Спэрс, Оклахома Сити, Портленд, Голден Стейт, Денвер, Нью Орлеанс багууд адил тэнцүү хожилтойгоор бүсээ тэргүүлж байна. Тус бүсэд өнгөрсөн улирлын аварга Даллас Маверикс хоёр тоглож хоёр хожигдсон нь мөн л Бостоны адил олны анхаарлыг татаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ