Курсант хамтлаг: “Монстер” шоунд орсоноор урлаг хатуу гэдгийг илүү мэдэрсэн

img

(монстер шоуны тусгай байр)

-“Монстер” шоунд орсоноор урлаг хатуу гэдгийг илүү мэдэрсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрсдийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу? -За баярлалаа. Та бүхэнд болон нийт уншигчиддаа хариу мэнд хүргэе. Бид “монстер” шоунд 150 дугаартай оролцсон Курсант хамтлагийхан байна. Олон бэрхшээлийн ард сайхан шагналын эзэд болсондоо баяртай байна.

-Курсант хамтлагийн хувьд “монстер” шоунд оролцоход хүндрэлтэй асуудлууд их байжээ? -Өө байсаан байсан. /инээв/ бид нар цэргийн сургуулийн сонсогчид учраас чөлөөний хуудас, цаг завнаас эхлээд л олон бэрхшээл тулгарсан. Оргож нэг үзсэн, гуйж нэг үзсэн тэгэж зүтгэсний хүчинд очих газартаа хүрсэндээ. /инээв/

-Анх энэ шоунд яагаад оролцохоор болов. Ямар зорилго өвөртлөн шоундаа өрсөлдсөн бэ? -Анх бол ёстой тохиолдлоор оролцсон. Сургуулиасаа чөлөөгөөр гараад гэртээ амарч байхад  Тв8-р реклам эхлээд харсан. Тэгээд сургууль дээрээ очоод баахан ярилцсаны эцэст оролцохоор шийдсэн. Орсон маань ч их зөв шийд болсон.

-Курсант гэж яагаад нэрлэх болсын бол? -Бид нар Батлан хамгаалах сургуулийн хөгжмийн сургуулийн сонсогчид учраас “Курсант” гэж нэрлэсэн. Манай хамтлаг чинь анх өөр нэртэй Арай өөр бүрэлдэхүүнтэй байсан. Тэгээд л шууд тушаалаар байгуулагдаад энэ нэрийг өгсөн. Үндсэн хуучин хамтлаг дээрээ саксфон зэрэг медүүдийг нэмээд цэргийн хөгжмийн амьд хамтлаг болсондоо.

-“Монстер” шоуны оролцогчдод хөгжилтэй дурсамжтай үеүд их  байсан гэж ярьдаг. “Курсант”-ын хувьд хамтлагаараа үргэлж байсан болохоор энэ шоу та бүхэнд их л дурсамж үлдээсэн байхдаа? -    Оюутан цагийн болон залуу насны маш их дурсамжуудыг манай “монстер” шоу мөнхөлсөн. Бид нарт цаг хугацааны болон материаллаг эдийн хувьд бага зэргийн асуудал гарч байлаа. /инээв/ Жишээ нь гэхэд л бэлтгэлийн байр олдохгүй байрны подволд бэлддэг байсан. Хөгжмөө дараад л эхлэхээр жижүүр эгч нь бас айлын хүмүүс нь чимээ их гаргалаа гэж загнуулдаг байсан. Тэгээд л оюутан бидэнд ходоодноос эхлээд дарамтлах зүйл их гарнаа. /инээв/ Зүгээр усаар талхаа хүртэл даруулаад л идчихдэг байсан. Гэхдээ одоо бодоход энэ бидний хамгийн хөгжилтэй бас сайхан дурсамжууд.

-Энэ шоу та бүхэнд ямар өөрчлөлтүүдийг авчирсан бэ? -Үр дүн сайтай шоу болсон гэж боддог юм. Шинэ залуу хамтлагуудын жинхэнэ чансааг нь шалгасан. Бидний цаашдын уран бүтээл туурвих их гарааг яах араггүй “монстер” шоу тавьсан. Бид өөрсдөндөө илүү их итгэлтэй болсон. Тайзан дээр гараад биеэ хэрхэн авч явах уу, үзэгчдээ яаж байлдан дагуулах вэ гэх зэргээр олон туршлагуудыг хуримтлуулж чадсан. Ер нь бол энэ шоу зохиогдоогүй бол “Курсант” гэж хамтлаг байхгүй байсан.

-Хамтлагийн гишүүд шагнал авна гэдэгтээ хэр их итгэлтэй байсан бэ? Тэр мөчид ямар сэтгэгдэл төрж байсан бол? -Шагнал авна гэдэгт бол ер нь л итгэлгүй байсан. /инээв/ Бид нар 4-р шатанд маш сайн үзүүлбэр үзүүлж үзэгчид болон шүүгчдээс өндөр үнэлгээ авсан бол сүүлийн 5-р шатанд тийм ч сайн байгаагүй. Бэлтгэл хийж чадаагүй байсан болохоор үнэхээр шагналд найдаагүй. Тэр үед яг биднийг дуудахад ёстой гайхах баярлах зэрэгцэж байсан. Энэ том хэмжээний олон авъяаслаг хамтлаг дуучид, хөгжимчид өрсөлдсөн шоунаас тусгай байр авсан нь “Курсант” хамтлагийн залуусыг жинхэнэ хурцалж эрлэж өгсөн явдал байсан. Бид нар энэ эрчээрээ тун удахгүй үзэгч, уншигч та бүхэнтэйгээ сайхан уран бүтээлүүдээрээ уулзах болно.

-Шинэ бүтээл гэснээс  уран бүтээлүүд хэзээ гарах гэж байна. Цэргийн сургуулийн сонсогчидоос үзэгчид их зүйлийг харж байгаа байх? -Өө бид хамтдаа олон зүйлийг хийхийг төлөвлөж байна. Манай хамтлагийн шинэ дуунууд бэлэн байгаа. Одоо бичлэг бага зэрэг хүлээгдэж байгаа. Гэхдээ энэ зун гэхэд залуусын сонсох дуртай дуунууд биднээс төрөх байх гэдэгт итгэлтэй байна.

-Та бүхэнд амжилт хүсэж байна. Олон сайхан уран бүтээлүүдээр эргэн уулзах болтугай? -Баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн  биднийг дэмжиж байсан бүх зон олондоо ирж буй сар шинийн мэнд  хүргэж байна. Та бүхний  дэмжлэг үргэлж бидэнд урам зориг өгч байдаг шүү.

Баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ