Ноён уулан дахь Хүннүгийн өв
Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Гацууртын ордыг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компаниас уг ордын тодорхой хувийг эзэмших саналыг Засгийн газарт тавьсан юм. Засгийн газар Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамааруулах, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад буй. УИХ-аас баталсан стратегийн 15 орд, цаашлаад стратегийн ордод хамруулах үндэслэлтэй хэмээн үзсэн 39 ордын жагсаалтад ч багтаагүй Гацууртын ордыг стратегийн ордын жагсаалтад оруулахаар болсон нь, улмаар төрийн хувь эзэмшлийг яагаад 34 хувь биш, 20 хувь байхаар тогтов зэрэг нь олны анхаарлыг багагүй татаж байгаа.
й
Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах эсэх тухай тогтоолын төслийг шинэ оны өмнөхөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн. Харин шинэ он гарсаар УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Гацуурын ордыг стратегийн ордод хамруулах тухай асуудлаар тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь “Шударга ёс" эвсэл энэ асуудлаар тав хоногийн завсарлага авсан билээ. Тус бүлгийн завсарлага өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт дууссан ч эл асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцээгүй байгаа юм.
ы
Гацууртын орд байрлах Ноён уул орчимд Хүннү гүрний түүхийг агуулсан эртний булш бунхан бүхий хиргэсүүр байдаг. Энэ нь Монголын төдийгүй дэлхийн өв хэмээн Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга гишүүн мэдээлээд буй. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ, Х.Болорчулуун, Ц.Оюунгэрэл болон Л.Цог гишүүний туслах н.Баярхүү нар өнгөрөгч бямба гаригт Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Ноён уулд байх эртний түүхийн өв болон Гацууртын орд газрыг очиж үзэж танилцлаа. Мөн энэхүү танилцах ажилд Археологич н.Эрдэнэбаатар, Түүхч, доктор О.Батсайхан болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
ы
Бямба гаригийн өглөө 07 цагт бид хотоос хөдөлж эхлээд Ноён уулын Сүжигтийн амыг зорин очсон юм. Сүжигтийн ам нь Төв аймгийн Борнуур сумын нутаг талаас очиход илүү ойр бөгөөд Гацууртын ордоос зүүн урд зүгт байрладаг ажээ. Түүх сөхвөл, 1912 онд Орос, Монгол, Германы хамтарсан “Монголиор” компанийн ажилтан Болод хэмээх буриад залуу алтны нүх юм болов уу хэмээн ухаад үзтэл эртний булш гарч ирсэн аж. Ингээд Оросын газар зүйн нийгэмлэгт “Эртний булш гарлаа” хэмээн олон удаа захидал бичиж, шинжилгээний анги оруулахаар болтол 1917 оны Октябрийн хувьсгал гараад энэ ажлыг эхлүүлж амжаагүй аж. Ингээд 1923 оны үед Оросын эрдэмтэн П.К.Козлов зөвшөөрөл аван анх удаа энэ газарт ирж малтлага хийсэн бөгөөд 1923-1926 онд буюу нийт гурван жилийн хугацаанд энд ажиллажээ. Тэрээр “Ноён уулыг тойроод 212 ноёдын булш байна. Энэ бол Хүннүгийн үеийн олдвор” хэмээн дэлхий таниулснаар П.К.Козлов ч алдаршжээ. Учир нь Хүннүгийн үеийн булшнууд дэлхийн соёлын өвд хамгийн хосгүйд тооцогддог байна.
й
П.К.Козловын үед зургаан булш малтаж, тухайн үед соёлын үнэт зүйлсийг тэмээнд ачиж, хойд хилээр гарсан гэдэг. Судар бичгийн хүрээлэнгийн дарга нар Оросын академитай “Эдгээр материалд судалгаа хийгээд буцааж өгнө” хэмээн 1924 онд гэрээ хийсэн ч бүрэн бүтэн эргэж ирсэн нь цөөхөн гэнэ. Одоогоор дэлхий дээр эн зэрэгцэхүйц Хүннүгийн үеийн өв байхгүй гэдэг.
й
Археологич Д.Эрдэнэбаатар “Ноён уулыг Оросын эртэмтэд малтсанаас хойш 1950-аад онд манай археологич Ц.Доржсүрэн гуай малтлага хийж үзсэн байдаг. 2006, 2009, 2001онд мөн Археологийнийн хүрээлэнгийнхэн малтсан юм билээ. Ажлын хэсгийнхэнд өгсөн ашигт малтмалын кадастрын тойм зураг болон ашиглалтын талбай бүхий координат заасан зургийг газар дээр нь жи пи эсээр харьцуулах энд ирсэн. Гэтэл Хүннүгийн үеийн булшнууд алтны нөөцийг нь авах ашиглалтын талбайд орчихсон байна. АМГ-ын Кадастрын албанаас өгсөн зурагт улаанаар тэмдэглэсэн нь ашиглалтын талбайнууд. Бид 4835, 10630 координатад очиж зогссон. Гэтэл ашиглалтын талбайд булшнууд орж байна. Үүнийг л бид нягтлах гэж энд ирсэн. Хүннү гүрэн бол Монгол төдийгүй Евроазийн соёлын том голомт нутаг.
й
Тэр дундаа энэ Ноён уул бүхэлдээ 2220-иод жилийн өмнө Хүннүгийн төрт улсын хаад язгууртнуудыг онголж нутаглуулсан газар юм. Ер нь Ноён уулыг тойроод ганц Хүннүгийн биш бүхий л түүхэн цаг үеийн булшнууд бий. Бидний зогсч буй Сүжигтийн аманд 500 гаруй булш бунхан бий нутгийн иргэд гэж ярьдаг ч П.К.Козловын тэмдэглэснээр 200 гаруй булш бий гэж үздэг. Мөн эндээс зүүн тийш Хужирт, Зурамтын ам гэж бий. Тэнд нийт 300 гаруй булш бийг сайн мэднэ. Манай төрийн түшээд мэргэн ухаан гаргаж, түүх соёлын өвөө эвдэж сөнөөлгөхгүй байгаасай”
й
Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н. Батболд "Манай Археологийн хүрээлэн ОХУ-ын Новосибирьскийн Археологи, угсаатан судлалын хүрээлэнтэй хамтраад 2006, 2009, 2010, 2011 онд нийтдээ дөрвөн булш малтсан. Нэг жилд 5-11 сар хүртэлх хугацаанд ганцхан булшны малтлага судалгаа хийдэг. Ноён уулын булшнаас Хүннүчүүдийг өрнө, дорнотой холбоотой байсныг гэрчлэх Грек, Ромын гаралтай эд өлгийн зүйлс, мөнгөн хөөмөл чимэглэл, Өмнөд азийн гаралтай хивс, нэхмэл ширдэг зэрэг нь илэрч олдсон. Эдгээр олдворыг ОХУ-ын зардлаар сэргээн засварлуулж авчраад үзэсгэлэнд тавьсан. Монгол Улс Хүннүгийн голомт нутаг. Ноён уул шиг Хүннүгийн язгууртны булш бүхий долоон газар илэрч олдоод байгаа. Хүннүгийн үед холбогдох жирийн иргэдийн жижиг булш нийтдээ 7000 гаруй бий. Үүнээс 6000 гаруй нь Монгол Улсын газар нутагт байна. Эндээс үндэслээд Хүннүчүүд бол монголчуудын өвөг дээдэс, нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулсан гэж үздэг.
й
Монгол Улсын нутаг дэвсгэрт хүннүчүүдийн дурсгал болох хадны зураг, хаадын болон жирийн иргэдийн булш байдаг. Хүннүгийн язгууртны булш бүхий газруудыг бид ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр ажиллаж байгаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уул, Хэнтий аймгийн Баян-Адарга Дуурлиг нарс, Архангай аймгийн Гол мод-1, 2 зэрэг газруудыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэн баталгаажуулж, дурсгалт газар болгон хамгаалах арга хэмжээ авна. Өөрийнхөө түүх соёлыг хадгалж, хамгаалж, сурталчлах нь Монгол Улсын стратеги байх ёстой. Гэтэл газрын доорх баялгийг нь авахаар өөр стратеги хийж байна. 50 тонн алтыг мөнгөтэй үедээ дэлхийн хаанаас ч худалдан авч чадна. Дахин давтагдашгүй түүх соёлын дурсгалаа устгачихвал бид хаанаас ч, хэнээс ч худалдаж авч чадахгүй. Түүх дурсгалын газрыг тусгай хамгаалтад авч, орчны бүсийг 1-3 км-ээр тогтоодог хуулийн заалт бий. Орчны бүсэд тэсэлгээ хийх, ашигт малтмалын хайгуул, судалгаа хийхийг хориглодог“
ada
Археологич Д.Эрдэнэбаатар "Авран хамгаалах ажлыг уул уурхайн компаниудын ажлын төлөвлөгөөнд баригдаж хийдэг. Энэ нь манай улсад хамгийн аюултай. Манай ажил болохоо болилоо. Та нар үүнийг нэг жилийн дотор хий гэж яаруулаад байдаг. Ноён ууланд ингэж ажиллавал тонуулчидтай адилхан л ажиллана гэсэн үг. Нэг булшин дээр 100 орчим хүн ажилладаг. Тэдний хоол хүнс, цалинг хэн өгөх вэ. Зуны гурван сарын хэдэн өдөр бороотой вэ. Тэгээд зун нь богино. Дурсгал нь их. Талбай нь ч ялгаагүй. Зардал ч өндөр. Малтлага хийгээд гаргаад ирлээ гэхэд олдворуудыг сэргээн засварлах хөрөнгө хэрэгтэй. Хадгалах байр сав хэрэгтэй. Тэр нь хаана байна. Тиймээс малтахгүй байсан нь дээр гэдэг хувилбарыг эрдэмтэд сонгож байгаа юм.
й
Өөрөөр хэлбэл, 10 институт зэрэгцээд орсон ч Ноён уулын булшийг аврах хэцүү. Хуулиараа алтыг нь авах гэж байгаа газар авран хамгаалах зардлыг гаргах ёстой. Гэхдээ 212 булш аврах зардал өгөх үү, үгүй юу гэдэг нь асуудал. Өгч чадахгүй бол бид түүх соёлын өвөө устгуулмааргүй байна. Бид дандаа ийм ядуу байхгүй. Египет ядуу байж, хамаг юмаа алдсан. Гэтэл өнөөдөр тэд хүчтэй болж дурсгалуудаа буцааж авч байна. Пирамидаа судлуулж, үзүүлээд амьдарч болж байна шүү дээ. Бидэнд ч тийм цаг ирнэ шүү дээ. Аугаа их хаадынхаа булш бунханыг зохих ёсоор нь ил гаргаж, судлуулж, жуулчдад үзүүлээд мөнгө босгох боломжтой. Бид тэр цагийг үзэхгүй ч хойч үе маань бий шүү дээ. Бид 2220 гаруй жил угсаа залгаад ирсэн. Биднээс хойш хэдэн мянган жил хүн амьдрахыг хэлж мэдэхгүй шүү дээ.
й
Эрдэмтэн судлаачид Ноён уулын Сүжигтийн аманд байх Хүннүгийн үеийн түүхийн олдворууд бүхий овгор шороо, шорооны голд доош гүнд харагдах булш бунханы талаар танилцуулсан. Хиргэсүүр бүр нь газрын гүндээ таван давхар байшингийн хэмжээтэй байрладаг бөгөөд Ноён уул цэвдэгтэй учраас түүх соёлын дурсгалыг бидний үе хүртэл 2000 гаруй жил бүрэн бүтнээр нь хадгалж ирсэн гэнэ. Цэвдэггүй газрын булш малтахад хүн, малын яс муудсан байдаг бол Ноён уулын булшнаас малгай, дээл хувцас, хивс бүрэн бүтэн гарч ирдэг ажээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “Юугаар ч орлуулашгүй түүхийн өв энд байна. Гүний уурхайгаас алт олборлох арга нь тэсэлгээ. Цэвдэг рүү орж тэсэлгээ хийдэг. Хэрэв цэвдэг эвдэгдвэл бүх юм эвдэгдэх аюултай. Гишүүд зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэсэн.
й
Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Уул уурхайн ажил эхлэхийн өмнө авран хамгаалах ажил хийнэ гэж ярьдаг. Уул уурхайн компаниуд тусгай зөвшөөрөл авангуутаа палентеологи, археологи, угсаатан зүйн судалгааг хийлгэдэггүй. Шууд талбайгаа аваад хайгуулаа эхэлж оруулдаг. Энд тэнд өрөмдөөд эхлэхээр нь хүмүүс гомдол гаргангуут ийм ажил хийлгэсэн болдог. Эсвэл нөөцөө тогтоочихоод ашиглаж болно гэнгүүт хуулийнхаа дагуу явъя гэдэг. Баахан газар өрөмдөж өрөмдчихөөд ингэж ярьдаг” гэлээ.
й
Ийнхүү Сүжигтийн ам дахь хиргисүүрүүд байх газруудыг үзэж танилцаад Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах “Сентерра гоулд Монголиа” компанийн зүг хөдөлсөн юм.
й
й
Үргэлжлэл бий...
й
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ