Хүүхдийн мөнгө архичдыг тэтгээд байна уу?

УИХ-ын гишүүн С.Цэнгүүний “Хүүхдийн 100 мянгыг зогсоох ёстой” гэсэн байр суурь улстөр халсан эдгээр өдрүүдэд МАН-ын зодооныг цөм өшиглөв. Өдгөө нийгмийн сүлжээнд халуун маргааны сэдэв болж, түүнийг сошиал орчинд дүүжилж байна. Хүүхдийн мөнгө манай нөхцөлд болгоомжтой хөндөх ёстой сэдэв. Ээж нар хүүхдийн 100 мянган төгрөгийг зогсооё, багасгая, больё гэх зэрэг мэдэгдэл,мэдээлэлд эмзэг ханддаг улс. С.Цэнгүүн гишүүн жилийн нэг их наяд төгрөг хэрэглээнд урсаж байна гэж тайлбарлахдаа 100 мянган төгрөгөөр жилийн дараа юу ч худалдаж авч дийлэхгүй. Бид иргэдийг бодит байдал руу чиглүүлэхгүй бол удахгүй Венесуэлийн араас орох нь гэсэн байр сууриа өчигдөр байнгын хорооны хуралдаанаар хэлсэн. Түүнтэй ижил байр суурьтай нэг хэсэг нь зөвтгөж, илүү үглэж буй бол тэрслэх хэд хэдэн баримтаас цухас сийрүүлье. Дэлхий даяар 180 гаруй улс хүүхдийн мөнгө олгодог. Тэдний дийлэнх нь Канад, Герман, Франц, Австрали, Солонгос, Чили, Бразил гээд хүүхдийн мөнгө нь нийгмийн хамгааллын үндсэн хэрэгсэл болсон улс орнууд байна. Дэлхийн банк, НҮБ-ын Хүүхдийн сангийн (UNICEF) болон олон улсын их сургуулиудын 50 гаруй судалгаанд дүн шинжилгээ хийхэд хүүхдийн мөнгө архи, тамхины хэрэглээг нэмэгдүүлдэг гэдгийг нотолсон судалгаа бараг байдаггүй. Харин эсрэгээрээ, тогтмол орлого авдаг өрхүүдийн стресс буурч, архины хэрэглээ багасах хандлагатай байдаг нь тогтоогджээ. Учир нь иргэдийн ядуу амьдарч буйд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг зүйл бол архи биш, харин тогтворгүй орлого юм гэж үзсэн байна. Иргэдийн орлого тогтмол болох үед хүмүүс хүүхдийнхээ сургууль, хоол хүнс, хувцсанд илүү анхаарч эхэлдэг. Мэдээж манайд архидалт өндөр. Гэхдээ гол шалтгаан нь Хүүхдийн мөнгө олгоод байдагт биш, харин амьдралын боломж хомс, стресс их, нийгмийн дэмжлэг сул байдгаас архидалт нэмэгдээд байгаа юм л даа. Нэгэнт архинд донтох хандлагатай хүн бол 100 мянга байтугай, 10 мянга байсан ч архинд зарцуулна. Харин нийгмийн дундаж иргэн энэ мөнгийг гэр бүлийн хэрэглээнд зарцуулдаг юм. Судалгаагаар хүүхдийн мөнгийг эхчүүдэд шууд олгох үед хүүхдийн хэрэгцээнд зарцуулах хувь эрс нэмэгддэг нь батлагдчихсан зүйл. Тэгээд ч нэг зүйлийг одоо ойлгомоор байнаа… Хүүхдийн мөнгө бол халамж биш хөрөнгө оруулалт гэдгийг. Хүүхдийн мөнгө бол зүгээр нэг “тэтгэмж” биш. Энэ бол ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт. Нэг хүүхдэд сард 100 мянган төгрөг өгснөөр богино хугацаанд үр дүн нь мэдэгдэхгүй байж болох ч, урт хугацаанд хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлдөг байна. Канадын туршлагаар, хүүхдийн мөнгөний хөтөлбөр хэрэгжсэнээс хойш хүүхдийн ядуурлын түвшин 40 хувиар, Бразилд энэ үзүүлэлт 25 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл энэ мөнгө төсвийн алдагдал бус нийгмийн хамгийн эмзэг хэсгийг хамгаалж байгаа хэрэг юм шүү дээ. Тийм ээ, Монголд хүүхдийн мөнгөний үр ашиг муу байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ шийдэл нь энэ мөнгийг зогсоох лав биш. Хүүхдийн мөнгө архичдыг тэтгээд байна гэдэг бол амархан тайлбар шүү. Зүй нь архи бол ядуурлын шалтгаан биш харин үүний үр дагавар буюу товчхондоо ядуурал, ажлын байргүй байдал, боловсролын тэгш бус байдал зэрэг нь архидалт руу түлхдэг гэж судлаачид дүгнэдэг нь оргүй зүйл огт биш.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ