Сонгуулийн хэнгэрэг
Өрийн хэмжээ ДНБ-ий 58.3 хүрсэн гэж зүтгүүлсээр батлууллаа. Яг үнэндээ бол
ДНБ-ий 55.2
хувьтай тэнцэж байгаа бололтой
байна. Гэхдээ өр 58.3 хувьд хүрсэн гэж зүтгүүлж байхдаа бараг баригдах шахав. Их
хурлын нэг гишүүн “Өр 55.2 хувьтай тэнцэж байгаа гэсэн. Одоо
болохоор өр ДНБ-ий 58.3 хувь гэх. Ойлгохоо байлаа, энэ олон тоонд будилаад
байна” гэсэн юм. Энэ нь зүгээр нэг
хошигнол биш байсан нь тодорхой. Өрийн таазыг 70 хувьд хүргэж зээл авах зам
хаагдах тийшээ хандангуут Засгийн газар овсгоо гаргаж урьд засгийн өрийг өсгөөд
оруулаад ирчихсэн бололтой. Өчигдөр өрийн таазыг ДНБ-ий 58.3 хувь гэж
батлуулаад авлаа. Ингэхдээ төсвийн алдагдлыг нөхөхөд зориулж
900 тэрбум төгрөгийн бонд гаргахаа
баталгаажуулж авч чадав. Үүнийг улс орноо бодсон цагаахан заль гэх үү. УИХ-ыг
загнаад шахаад болохгүй бол хуураад сурчихсан гүйцэтгэх засаглалын жишиг юм уу.
Сөрөг хүчин засгийн гадна байсан бол ийм зүйл хэзээ ч болохгүй байлаа. Харин ч
гараа өргө гэх байв. Харин одоо бол хэн хэнийгээ бодоод гэдгээр “Өр хэд билээ.
Сайн ойлгоогүй шүү” гэж нүхээ малтсаар төсвийн тогтвортой байдлын хуулийг бараг
л санал нэгтэй баталлаа. Бодитойгоор 55.2 хувьд яригдсан өрөн дээр энэ онд нэмж
босгох зээл бондоо хавчуулаад одоогийн байгаа өр 58.3 хувьд нь барья гэж
шийдлээ хэмээн ард түмнээ илт тохуурхан зарлаж байна. Зээл авахгүй, халамж
тэтгэлэг хасахгүй, цалин нэмнэ. Өрийн таазыг одоо хүрсэн түвшинд нь барихаар
болоо гэсэн энэхүү таашаал төгс мэдэгдэлүүдхамтарсан засгийн газар сонгуулийн
бэлтгэлдээ шийдэмгий орсныг харуулна. Зээл авахгүйгээр хөрөнгө оруулалт байхгүй
царцсан байдалтай нам суучихаад байгаагаа ил тод зарлаж
хэмнэлт нэхсэн Засгийн газар эцэст нь их хуралтайгаа хуйвалдлаа. Төсвийн
цоорхойг нөхөх 900 тэрбумаа өнгөрсөн засгийн өрийн дансанд хийж зарлан огцорсон
засгийн газраар нэг мөр туг дахиад авлаа. Ингэж л шийдэж байх гэж хамтарсан юм
болов уу даа. Нэг талаас намууд “Огцров” гэсэн том шийтгэл хүлээсэн дарга
сайдтай нөхөн харицлага тооцох хууль манайд байхгүй байгаа цоорхойг тун
мэдрэмжтэй ашиглаж байгаа хэрэг.
Улс орон хямарсан уу, хямраасан уу гэдэг асуулт одоо ч тавигдсан хэвээр байгаа. Хэрвээ шинэчлэлийн засгийн газар хямраасан бол хариуцлага тооцохыг ярих л ёстой. МАН үүнийг тун сайн мэдэрч сонгууль дөхөхөөр нэхэл хатуутай босгож ирэх нь гарцаагүй. АН-ын хувьд өөрийн намын огцорсон засгийн газраас нь буудсаар байгаа гор нь сонгуулиар гарч мэдэх л юм. Шийдлийн Засгийн газар асуудлыг бодитой харж шийдэмгий дуугарч эхэлсэн ч сонгуулийн болзолд дарагдаж үнэнээс ухарч эхэллээ. Энэ засгийн газар хаяа тэлсэн популизмийг хумих гээд барсангүй. Ердөө хэдхэн хоногийн өмнө төсөв цоорхой. Халамж тэтгэлгээс таная гэж байсан засаг эсрэг талаас хэнгэрэг дэлдэх эхний чимээнээр нам боллоо. Цалин нэмэхээр болсон. Хүүхдийн мөнгийг үлдээсэн. Ээжүүд минь уучлаарай гэлээ. Эхнээсээ энэ мөнгө боломжгүй гэж олон нийтийг нэг хөөргөдөж үзээд дараа нь ард түмэндээ хайртай тул үлдээлээ гэж шоудлаа. Сонгуулиар бодоорой. Бүх халамж тэтгэлгийг чинь өгөхөөр боллоо гэсэнтэй адил зүйл болов. Шинэ он гарангуут эрчимтэй өрнүүлсэн “хэмнэлт” компанит ажлынхаа халхавчинд тус тусын өмчилсөн яам агентлагуудад халаа сэлгээ шуурхай явуулж баг бүрдүүлэлтээ цэвэрхэн хийв. Ээжүүдийн мөнгийг хасч байхад хэдэн төрийн албан хаагч “пялах” бол байх л асуудал гэж олон нийт халаа сэлгээтэй эвлэрчихсэн байсан хэрэг. Үнэндээ бол ард нь бас л хэдэн өрхийн амьжиргаа асуудал хүндэрч байгаа юм. Өнөөдөр халагдавч нэг нартай өдөр өөрийн хүн нь гарч ирж суга татдаг тойрогт амьдраад сурчихсан төрийн албан хаагчид халагдлаа гэж хэл ам хийсэнгүй. Талбай дээр жагссангүй. Сурцтай хүлээсээр үлдэж байна. Шийдлийн Засгийн газар сонгуулийн хамтарсан комисс болчихсон мэт. Бид ер нь бүгдээрээ ирэх сонгуулийн бэлтгэлд хамрагдсан мэт харагдаж байна. Ирэх жил хямралыг амжилттай давлаа гэсэн их сурталчилгааны нөлөөнд сонгуулиа хийж дахиад л энэ МАНАН дундаа, шинэ хямралтайгаа үзэлцэж суувал гайхах юм алга. Их улс төрийг залж яваа хоёр намын ааш аяг ийм л төсөөллийг бий болгож байна.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ