Дорнод аймгаас төрсөн Улсын сайн малчин 13 жилийн өмнө 50 богтой мал маллаж эхэлжээ
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ХХААЯ-ны дэд сайд сайд Х.Золжаргал нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт ажиллаа. Тэрээр Дорнод аймгийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцахын зэрэгцээ тус аймгийн Баянтүмэн сумаас төрсөн Улсын сайн малчин Цогдэлгэрийн Жаргал, Булган сумаас төрсөн улсын сайн фермер Самдангийн Итгэл, Улсын сайн тариаланч Ө.Сүхбаатар, Алтан төлийн эзнийн шагналыг гардууллаа. Улсын сайн малчин Ц.Жаргал нь 13 жил мал маллаж байгаа бөгөөд аймгийнхаа төвд уран дархан, барилгачин хийж явсан тэрээр 1996 онд 50 бог мал худалдан авч маллаж эхэлсэн бөгөөд энэ үедээ 300 тахианы аж ахуй эрхэлж байсан тэрээр тахианы аж ахуйгаас олсон орлогоороо амьжиргаагаа хийж малаа жил тутам хорогдуулалгүй өсгөж чадсанаар хоёр жилийн дотор малынхаа тоо толгойг 300-д хүргэсэн аж. Үүндээ урамшсан тэрээр тахианыхаа аж ахуйг хүнд бэлэглэчихээд малаа аваад хөдөө гарсан хэмээн сайдад хууч дэлгэсэн тэрээр сүүлийн гурван жилд малынхаа тоо толгойг 3800-4214-т хүргэсэн гэнэ. Жаргалын гол амжилт нь 100 эхээс дунджаар 110-120 төл авдаг бөгөөд мал нь ихэрлэж тоо толгойг нь эсэн мэнд авдаг нь түүний өдий зэрэгтэй амжилтанд хүргэжээ.
Тэрээр амжилтаа нутгийнхантайгаа хуваалцаж сум орон нутгийнхаа амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийг малжуулах ажлын байр шинээр бий болгоход санаачилгатай ажиллаж 8 өрхийг малжуулахад 700 толгой мал олгож нэн ядуу 5 өрхийг малчинаар ажиллуулан цалинжуулахын зэрэгцээ урамшуулалд нь мал олгох зэргээр дорвитой хувь нэмрээ оруулж иржээ. Тэрээр нэн ядуу өрхийг өөр дээрээ авч мал маллах арга ухаанаасаа хуваалцан ажил амьдралд нь хөл залгуулах энэ аргаа Хараацайн үүр хэмээн нэрлэж сургалт семинарыг ч мөн явуулж байгаа бөгөөд улсын сайн малчин бүр тав байг гэхэд ядаж нэг өрхийг малжуулаад зааж сургаад явбал ядуу малчин гэж байхаа болино. Энэ тал дээр санал санаачилга гаргахад дэмжиж өгөөч гэсэн хүсэлтийг Тэргүүн шадар сайдад уламжилсан. Тэрээр зөвхөн мал маллаад зогсохгүй 10 гаруй худаг гаргаж 300 гаруй мод тарьсан бөгөөд ирэх жилээс аймгийн төвийн ойролцоо 10 га газар авч ногоо тарьж хүмүүсийг ажиллуулан аймгийнхаа иргэдийг монгол ногоогоор хангахаар бэлтгэж буй гэнэ. Сайн малчин төдийгүй сайн менежер түүний шагналыг гардуулж байхдаа Тэргүүн шадар сайд “Үнэндээ төр засгийн шагнал нүдээ олж эзэддээ хүрч байна. Сайн малчин гэдэг ганц хүний хэрэг биш. Тэдний арга туршлагыг төрөөс зохион байгуулж олон хүнд хүргэх зааж сургах үгүйдээ л санаа авах хэмжээнд хүргэх нь зүйтэй юм” хэмээн өгүүлж энэ шагналыг өөрийн биеэр Сайн малчины хотонд хүргэж байгаадаа баяртай байгаа хэлж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ