Агуйт уулын аварга бөх даян аварга С.Цэрэн

img

Эргэн дурсахуйд элээх хорвоогийн хүмүүн заяат алдарт бөхийнхөө тухай үг урлаж, үсэг хэлхэж сууна. Халхын сайхан эр Юндэн шиг ард түмнийхээ сэтгэлд мөнхөд хоногшсон Булган аймгийн Сайхан сумын (хуучнаар Түшээт хан аймаг Дайчин Чин Ван Ханддоржийн хошуу) уугуул, Монгол үндэсний бөхийн даян аварга С.Цэрэн агсны тухай дурсамж ярилцлагаа толилуулья.

Анх аваргыг би хаана харлаа. Аа тийм 1974 онд МПСОрдонд бөхийн дугуйланд суралцаж байхдаа  Улсын наадмын хүүхдийн барилдааныг явуулахад засуул хийсэн юм байна. Тэгэхэд С.Цэрэн аварга маань аварга Ч.Бээжингээр тав давж шөвгөрч өнөд баясгалант чимэг авч байсан. Өтгөн хар хөмсөгтэй, сартгар уужим хамартай, гараа  дэвээ сайхантай монгол бөхийн сонгодог төрх бүхий хүн байлаа. Манай ахмад бөхчүүд ярьдаг, ээ дээ манай С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ч.Лундаа, Д.Галдандагва, Д.Загдаа, аварга Д.Дамдин нар ч мөн гудиггүй  сайхан эрчүүд шүү. Үнэхээр л сайхан бөхчүүд. Бас ихэнх нь Булганы бөхчүүд байгаа биз гэж. Сүүлд 1987 оны Цагаан сарын барилдааны өмнөхөн алдарт засуул Ш.Лүгдэв гуай бид хоёрт аварга өөрөө ингэж хуучилж билээ.

-Би чинь халхын алдарт хоёр аваргын хүй цөглөсөн нутагт төрснөөрөө бахархдаг юмаа. Би 1937 оны туулай жилд төрсөн хүн. Хавар цагт Агуйтын голын зүүн талд сүндэрлэх Агуйт уулын баруун урд үзүүр Хадаг толгойн хаваржаанд мэндэлсэн. Бараг л 30-аад жил барилдлаа. Миний аав Сэрээтэр дархан гэж хүн байсан. Би дөрөв дэх хүү нь. Тэрний буян ч юмуу зодог шуудаг урлах гарын дүй гайгүй шүү. Одоо чинь гар хөдөлсөн хүн хоосон хонохгүй дэг ээ. Хурга ишиг даган хөлд орж адуу малтай ноцолдож бяд суусан гэх үү дээ. Манай Сайхан нутаг бөх  элбэгтэй. Том сайхан бөхчүүдийг халхайж хэлхийн суух, алхах, гишгэхийг  харах дуртай, тэдний яриа хөөрөө ч амттай. Өвгөчүүл биднийг  хөөргөдөхдөө том болно гээд л хооронд нь барилдуулна. Нутгийн сайхан ах  нар хүнийг төлөвшүүлж эр хүн болгодог юм билээ. Гэрт бөх хүн ороод ирвэл өвдгийг нь түшээд суучихна. Бүхнийг мартана, ах, эгчдээ загнуулна. 12 настайдаа сумандаа Майн баяраар “Улаан гуталт” Б.Жанчивдорж гуайн аманд  гарч байлаа. Октябрийн баяраар нэг нутаг усны уран барилдаантай “хар хошуу” Чимид гэдэг бөхийг хаяж бөх болох гараагаа эхэлсэн юмдаг. Дараа нь 16 настайдаа зэргэлдээх Баян-Агт суманд түрүүллээ. Олигтой бөх байгаагүй юм аа. Тэр үед  унага тумбарайдаж бяраа үзүүлдэг байсан бол бөх болсоор тумбарай мэхийг гаргууд хийдэг болсон. Ид залуудаа бөхийг ширвэж, шилж амлаж явлаа. Амаа  буруу авч дээгүүр барилдах жилээ өвдөг шороодож явсан ч удаа бий. 1970 онд Бээжинг түрүүлдэг жил би их сайн байсан. Тэр жилийн наадмаар  Г.Дамдиндоржийгоо  амлаад авсан чинь мань хүн уурлаж чамайг хараана, ерөөнө гээд ухаан санаа үймүүлж байгаад намайг хаячихлаа. Би л  унхиагүйдээ унахгүй юу, тэрнээс биш “хулгар”-ын хараана гэж хаашаа харсан юм байхав, Хөвсгөл гэхээс цаашгүй золиг. Одоо манай “өмсдөг” шиг хийморь цогтой гардаг бөх алгаа. Унасан хаясан ч цаанаа нэг урамтай даа. Намайг их ойн одтой аварга л гэдэг, одтой өдөр гэхээс одтой бөх гэж үгүй болов уу. Монгол бөхийн барилдаан бидний үед үнэхээр шударга байлаа. Шударга зан нь ч бөхийн барилдаан дээр харагдаж, тэр ч бүү хэл начин төрдөггүй  наадам ч байсан юм шүү. Улс хувьсгалын 40 жилээр миний хувьд тавын даваанаас хойш их зориг орсон. Өмнөөс өрөөд зогсож байгаа бөх цээжинд багтаад, бушуухан шиг л атгаад өмийлгээд тавьчих юмсан гэж бодогдоод. Залуугийн өвчин шүү дээ. 50 жилээр бол нас ухаан тэгширсэн үе байлаа. Ер нь ч сайн барилдъя гэж бодсон, сайн ч бэлтгэл хийсэн. Дөрөвт үлдээд Ж.Хайдавт залрах дөхсөн, Лүүгээ та байгаагүй бол өнгөрсөн шүү. Хайдав ч сайн бөх шүү дээ. Баянааг бол хаяна гэж цээжинд багтаагүй, хэрэг дээрээ өөрөө  л буруутсан. Илүү юм огтхон ч байхгүй. Баянаатай барилдана гэж өөрийгөө ирлэж бэлтгэдэггүй байсны харгай. Аварга хүн чинь ганц хоёр олигтой бөхтэй барилдана уу гэхээс тааруухан бөхчүүд бол тооцоонд нь байдаггүй  юм. Манай хоёр Мөнх өөрсдийгөө бүрэн дайчилж чадсан хүмүүс. Лундаа, Галдандагва, Цэрэндаш гурвыг би заан арслан болох л улс гэж бодож явдаг байлаа, даанч сэтгэлд хүрсэнгүй ээ.

Бөх хүн өөрийгөө дутуу үнэлэх эсвэл хэтрүүлж үнэлснээс амжилт гаргадаггүй тал бий. Мөнхбат, Баянмөнх, Эрдэнэ-Очир, Дэмүүл, Санжаа эд  чинь тэгш сайхан биетэй амьтад. Хоёр Мөнх алсын бодолтой холч улс, Дамдин чинь гайхалтай бяртай, чулуу л гэсэн үг.

Манай бөхийн мэх чинь асар олон боловч нэг л мэхээр мөнхөрдөг. Та нар бод л доо. “Өмсдөг” Дамдиндорж, “дүүгүүр” Гомбосүрэн, Сэрээнэн, Болдбаатар, “тавхай” Баасансүрэн, гээд л, намайг тумбрай ч гэдэг юмуу ер нь нэрлэнэ шүү. Бөх  хүнд удам заавал нөлөөлдөг, ээжийн минь талд “түнтэн” Нямаа гэж бөх байсан гэнэ лээ. Одоогоор эмч, тэр үедээ сайн маарамба байж, даншгийн арслан бөх. Залуу бөхчүүддээ ах бөх, аварга хүний хувьд зөвлөхөд архи  дарснаас хол, ахмадын үгийг алдалгүй дагаж мөрдөж явбал өлзийтэй сайн шүү. Бөх хүн чинь төрийн наадмын ариун дагшин баатар нь байдаг. Манай монголчууд шиг бөхдөө тийм их хайртай ард түмэн дэлхийд олонгүй байхаа. Иймэрхүү сайхан бичил ярилцлагыг тэр үед “Хөдөлмөр” сонинд өгсөн ч гаргаагүй юмдаг, одоо эрийн сайхан аваргынхаа тухай үр хүүхэд, хүчит олон бөхчүүд, найз нөхөд нь юу гэж дурсаж явдгийг сонирхуулъя............................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ