Хувийн сонирхлоор гадны иргэдийг шалгуулдаг

img

Сүүлийн үед Монголд ажиллаж, амьдардаг гадаад иргэдтэй холбоотой асуудал нэлээд гарах болсон. Үүнтэй холбогдуулан Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Х.Бэхбаттай ярилцлаа.

-Монголд гадаадын хэдэн иргэн ажиллаж, амьдарч байна вэ?

-Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 117 орны 22904 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 8448, хөрөнгө оруулагч 2801, суралцагч 1323 хүн байна. Албан болон хувийн хэрэг гэдэг нь төрийн байгууллагын урилгаар ирсэн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах, гэр бүлийн шалтгаанаар, цагаачлах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах, мэргэжил дээшлүүлэх зэрэг зорилготой Монголд амьдарч байгаа гэсэн үг юм.

-Манай улсад хувийн хэргээр оршин суугчдын тоонд хязгаар байдаг уу?

-Байлгүй яахав. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэж заасан байдаг.

-Манай улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь аль улсын иргэд байгаа вэ?

-Судалгаанаас харахад Хятад, Солонгос улсын иргэд их байна. Өнгөрсөн 2014 онд Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээс хойш Монгол Улсын хилийн орох, гарах чиглэлд улсын хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн тоо 2-3 дахин, ОХУ-ын иргэдийн тоо 50 хувиар өссөн байгаа.

-Хэвлэлээр вьетнам иргэдтэй холбоотой асуудлыг нэлээн хөндөж бичих болжээ. Манай улсад хэдэн вьетнам иргэн ямар визтэй ажиллаж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар манай улсад 513 вьетнам иргэн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, амьдардаг. Тэдний 478 нь хөдөлмөр эрхлэх албан ёсны зөвшөөрөл бүхий HG визтэй, 26 нь монгол хүнтэй гэр бүл болсон, 9 хүн Монголд хөрөнгө оруулагч, түр оршин суугчийн визтэй. Хөдөлмөр эрхлэхээр Монголд ирсэн вьетнам иргэдэд дээд тал нь нэг жилийн виз олгодог. Гэхдээ тэд өөрсдөө визээ үргэлжлүүлэн холбогдох газраар сунгуулдаг. Бид тэдгээр иргэдийн визний асуудал, хууль бусаар оршин сууж буй зэрэг асуудлыг л шалгах үүрэгтэй. Манай байгууллага Монголд ажиллаж амьдарч байгаа вьетнам иргэдийг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн байдлаар шалгадаг. Өөрөөр хэлбэл, иргэн аж ахуйн нэгжийн санал гомдлын дагуу болон шалгалт явуулах эрх бүхий байгууллагын мэдээллээр шалгалт хийдэг. Өнгөрсөн 2014 онд бид Монгол улсаас 24 иргэнийг албадан гаргасан. Харин 2015 оны эхний 20 хоногт хоёр иргэнийг албадан нутаг буцаалаа.

-Жуулчны визтэй солонгос эмч нар Монголд ирээд хууль бусаар 600 гаруй хүнд эмчилгээ хийсэн хэрэг гарч байсан. Энэ асуудалд танай байгууллага ямар хяналттай ажилладаг вэ?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд ийм асуудал гараад байгаа. Үүнийг бид манай монгол иргэдтэй холбоотой асуудал гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, манай монгол иргэд ашгийн төлөө солонгос эмч нарыг аялал жуулчлалын визээр урьж монголд авчраад гоо сайхан, эрүүл мэндийн мэс ажилбар хийлгэдэг. Тиймээс манай байгууллага өнгөрсөн 2014 онд нэлээд олон гоо сайхны эмнэлгийг шалгаж, хэд хэдэн солонгос иргэнийг буцаан гаргасан. Зөвхөн гоо сайхны мэс засал хэлбэрээр 11 солонгос эмч Монголд ирж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан байдаг. Нэг жишээ дурьдахад, нэр бүхий нэгэн гоо сайхны эмнэлэг баасан гаригт жуулчин ангиллын визтэй солонгос эмчийг урьж авчраад амралтын өдрүүдэд хагалгаа хийхээр 9-н хүний захиалга авсан байсныг шалгалтаар илрүүлж байсан. Тэгэхээр энэ бол манай монголчуудын “шунал”-аас болж байгаа асуудал. Тиймээс бид шалгалтад хамрагдсан бүх эмнэлэгтээ 2015 онд анхаарлаа хандуулж ажиллана.

-Монголчуудын эмчлээд байгаа солонгосчууд нь тэндээ эмчийн зөвшөөрөлтэй, мэргэжлээрээ ажилладаг хүмүүс байсан уу?

-Солонгостоо эмч хийдэг эсэх нь манай байгууллагад хамааралгүй. Зөвхөн жуулчны визээр Монгол улсад ирээд эмчилгээний зөвшөөрөлгүй байж эмчилгээ хийх гэж байгаа нь асуудал шүү дээ.

-Жуулчны визтэй монголд ирсэн гадаад иргэдийн зарим нь хөдөө орон нутагт геологи, архелогийн хайгуул хийдэг талаар албан бус эх сурвалжууд мэдээллэдэг. Энэ үнэн үү?

-Иймэрхүү асуудал мэр сэр гардаг. Гэхдээ улирлын чанартай. Үүний цаана ахиад л манай монгол хүмүүс тэднийг дагуулаад явж байдаг. Ялангуяа алт, зэс зэрэг хүнд металын илэрцтэй газруудад тухайн аймаг, орон нутгийн ашиг сонжоо хайсан иргэд гадаадын хөрөнгө оруулагчтай хамт явж байна гэх нэрээр явж байдаг.

-Монголд оршин суудаг гадаад иргэдтэй холбоотой санал гомдол танай хяналт шалгалтын газар хэр их ирдэг вэ?

-Ер нь бол ирдэг. Гэхдээ ирсэн гомдол, саналыг шалгахад чанар муутай байдаг. Өөрөөр хэлбэл, 100 хүн санал гаргаж, гадаад иргэдийг шалгууллаа гэхэд тэдний 50-аас илүү хувь нь хувийн ашиг сонирхолтой байдаг. Иргэд маань хэн нэгэн гадаад иргэнтэй бизнес болон хувийн ашиг сонирхлын улмаас муудалцахаараа түүнийг шалгуулах хүсэлт, санал, гомдлоо ирүүлдэг. Ийм тохиолдолд манай байгууллага аль болох хуулийн дагуу шийдэж өгдөг.

-Санал, гомдлын дийлэнх нь ямар улсын иргэнтэй холбоотой байдаг вэ?

-Хятад, Солонгос, Вьетнам улсын иргэдтэй холбоотой асуудал их гардаг. Жишээлбэл, Вьетнам иргэдтэй холбоотой гомдолд түүний ажиллуулдаг авто засварт үнийн тариф байхгүй, хэтэрхий үнэтэй машин заслаа гэх гомдол байдаг.

-Манай улсын иргэд сүүлийн хэдэн жил Солонгос руу их зорчдог болсон. Тэндэхийн Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газар ажлаа сайн хийдэг шиг санагддаг. Хараар хөдөлмөр эрхлэж буй иргэдийг өмссөн хувцастай нь нутаг буцаадаг. Харин манай улсын Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газар ажлаа тэгж хийдэггүй. Энд ямар асуудал байна вэ?

-БНСУ-ын Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газарт шууд баривчлах, эрүүгийн хэргээр байцаан шалгах эрх байдаг. Өөрөөр хэлбэл, тэндэхийн Ерөнхий прокурорын мэдэлд Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газар нь байдаг учраас “immergation-цагдаа” гэх статустай байдаг. Харин манай улсын Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь Төрийн захиргааны байгууллага юм. Хэрэв бид Төрийн тусгай албан хаагч статустай, цол зэрэгтэй байсан бол наад зах нь хуулийн дагуу хэн нэгнээс мэдүүлэг авах эрхтэй байх байсан. Одоо хуулиар олгосон эрх нь зөвхөн гадаад иргэний визний зөрчлийг үзэх байдаг.

-Танай байгууллагын хяналт шалгалтад хэдэн албан хаагч ажиллаж байгаа вэ?

-Өнгөрсөн 2014 оны 4-р сарын 1-ээс өмнө манай байгууллага Гадаадын иргэний харъяатын асуудлыг эрхлэх газар гэж байсан. Түүнээс хойш Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болж өргөжсөн. Гадаадын иргэний харъяатын асуудлыг эрхлэх газар байх үед 11 улсын хяналтын байцаагчтай байсан. Харин Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болсноос хойш 14 улсын хяналтын байцаагчтай боллоо. Тэгэхээр бид хэр их ачаалалтай ажиллаж байгаа нь харагдаж байгаа биз дээ.

-Гадаадын иргэн оршин суугаа хаяг дээрээ байхгүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хуульд заасан арга хэмжээ авна. Хуулийн байгууллагатай хамтарч эрж хайна. Мөн бичиг баримтгүй гадаад иргэнийг хэн болохыг тогтоохоор 30 хүртэл хоног саатуулан, шалгадаг. Ихэвчлэн, 1-2 хоногийн дараа тэр гадаад иргэн нуусан иргэний үнэмлэхээ гаргаж ирдэг. Бид иргэний үнэмлэхгүй хүнийг Солонгос шиг нэг удаагийн буцах үнэмлэх өгөөд явуулах боломжгүй.

-Нутаг буцаах хүртэл хорьж саатуулдаг гэлээ. Энэ хооронд хоол хүнснээс эхлээд тодорхой хэмжээний зардал гарна. Үүнийг хаанаас гаргадаг юм бэ?

-Монгол улсаас албадан гаргах зардлыг тухайн гадаад иргэнээс гаргуулна. Хэрэв тэр гадаад иргэнийг урьсан хүн, аж ахуйн нэгж байвал тэднээс зардлыг нь гаргуулах хуулийн зохицуулалт байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
gartaa dunguj saya avsan avilgaa nuuj baigaa um shig evgui zurag ve?
2015-01-23
hhhhhh:
lalraa ajlaa hiidee .. bitnamuud tolgoi deer baaj bn lalraa cham metiin ajlaa hiidegui *kaas bolj
2015-01-23