Түүхэн амжилтын эзэд эх орондоо ирлээ
"Дакар ралли-2015" автомашин, мотоциклийн олимпод эх орноо төлөөлөн амжилттай оролцож, Монгол Улсынхаа төрийн далбааг Өмнөд Америкийн тэнгэрт мандуулсан эр зориг, тэсвэр тэвчээрийн эзэд эх орондоо өнөөдөр өглөө ирлээ. Тэднийг гэр бүл, ойр дотныхон нь болоод үнэнч дэмжигчид, багийн хамт олон нь угтлаа.
б
Манай тамирчид эрс тэс уур амьсгалтай монгол орны хүүгийн хат, зориг тэвчээр заан, Өмнөд Америкийн +50 хэмийн халуунд давст нуур, элсэн цөл дамнасан 9000 км замыг амжилттай туулан, 13 өдрийн турш уралдаж, "Дакар ралли"-д оролцсон тамирчдын мөрөөдөл байдаг "Finish" медалийн эзэд болсон билээ.
б
Уралдааны мотоциклийн ангилалд гурав дахь удаагаа оролцож буй манай туршлагатай тамирчин ОУХМ Д.Болдбаатар "Дакар ралли"-ийг хоёр дахь удаагаа амжилттай дуусгасан билээ. Энэ жилийн уралдаанд 168 мотоцикль гараанаас гарсан ч 79 нь л бариалсан. Үүнээс Д.Болдбаатар 45 дугаарт, 78 дугаар Ч.Анар нийт дүнгээрээ жагссан. Манай тамирчин Ч.Анарын хувьд "Дакар ралли" уралдаанд анх удаа оролцохдоо, уралдааны хүнд хэцүү, бартаа саад ихтэй замыг давж, барианд орсон юм.
"Дакар ралли-2015"-д монголчууд анх удаа машинаар уралдсан. Монгол Улсынхаа алтан соёмбот далбаа, монгол бичгээрээ гоёсон 431 дугаартай автомашин 13 өдрийн турш 9000 км замд ажралгүй уралдаж, хүнд шалгуурыг даван тамирчин ОУХМ Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нар амжилттай бариалж, "Finish" хийлээ. Энэ жилийн Дакар ралли уралдаанд Унгар Монголын хамтарсан UNIQA SANDLANDER багаас гурван машин гараанд гарсан. Гэсэн ч 413 дугаартай спортын мастер Ө.Бямбацогтын чиглүүлж байсан машин гурван өдөр уралдаад техникийн гэмтлээс болж хасагдсан. Харин 355 дугаартай Унгарын багийн ахлагч Шандорын унаж, Жаргалсайханы чиглүүлсэн машин 11 дэх өдрөө машины мотор нь эвдэрч харамсалтайгаар хасагдсан юм.
б
Ингээд 431 дугаартай ОУХМ Н.Лхамаагийн унаж, ОУХМ Б.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нарын чиглүүлсэн машин гол найдвар болсон. Тэгвэл тэд маань багийнханыхаа төдийгүй монголчуудын итгэлийг дааж, 13 өдрийн турш амжилттай уралдаж барианд орсон. Автомашины төрөлд 143 машин Дакарын барианаас гарсан ч энэ жил 67 машин 13 өдрийн уралдаанаа дуусгалаа. Манайхан амжилтаараа 62 дугаар байрт орсон юм. Ийнхүү энэ залуус монголын автомашин, мотоциклийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээн, түүхийг тэмдэглэж эхэллээ.
Гэрэл зургийг Б.Дорж
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ