Т.Соёлхүү: Газар өмчлөх эрхээ салгуулаарай

img

Газар өмчлөлийн цахим бүртгэл өчигдрөөс эхлэн орон даяар явагдаж байна. Үүнтэй холбоотой асуудлаар Ннийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүүтэй ярилцлаа.

ff

-Газар өмчлөлийн цахим бүртгэл эхэллээ. Энэ удаад ямар байршлуудад иргэд газар өмчлөх эрхтэй вэ?

-Өчигдөр буюу энэ сарын 26-ны 12.00 цагаас газар өмчлөлийн цахим бүртгэл эхэллээ. Ингэснээр журмын дагуу хуанлийн 15 хоногийн турш иргэдээс хүсэлтийг нь цахимаар хүлээн авах эрх үүслээ гэсэн үг юм. Энэ удаад шинээр 5 байршил зарлагдсан. Үүнд, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд өмчлүүлж байна.

Түүнчлэн, өмнө нь зарлагдсан газраас 3 байршилд тодорхой тооны нэгж талбаруудад дахин зарлагдсан байгаа. Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн 3 байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулж байна. Нийтдээ 8 байршлаас иргэд сонголтоо хийгээд бүртгүүлэх боломжтой.

ff

-Өмнөх бүртгэлээс өмчлөөгүй 3 байршил үлдсэн юм уу?

 -Өмнөх цахим бүртгэлээр сонгогдсон ч заасан хугацаанд өргөдлөө ирүүлээгүй 1443 иргэн бий. Тэр газруудад дахин бүртгэл зарлаж байна.

ff

-Өмнө нь сонгогдсон ч өргөдлөө өгч амжаагүй эдгээр иргэд яах вэ?

 -Өмнөх цахим бүртгэлээс сонгогдсон ч өөрсдөө өргөдлөө өгөөгүй иргэд энэ удаад дахин хүсэлтээ гаргах боломжтой.

ff

 -Харин өмнө нь цахимаар бүртгүүлээд газар авч чадаагүй иргэд энэ удаад яах вэ?

 -Өмнө нь эхний 5 байршилд 281 мянган иргэн хүсэлт гаргасан.  Эдгээрээс хүсэлт гаргаад сонгогдож чадаагүй иргэд энэ удаад дахин бүртгүүлэх боломжтой. Гэхдээ энэ удаад цахимаар бүртгүүлэхдээ бүх мэдээллээ эхнээс нь оруулах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, өмнөх цахим бүртгэлд бүртгүүлэхэд тэдний мэдээлэл серверт хадгалагдсан байгаа. Тухайн үед баталгаажуулалтын код гэж өгсөн. Тэр кодоороо сайт руу нэвтрэн орж бүртгүүлэх боломжтой.

ff

 -Газар өмчлөлийн бүртгэл авах www.umch.ub.gov.mn сайт өмнө бүртгэлийн үеэр гацсан. Энэ удаа хүчин чадлыг нь хэр сайжруулсан бэ?

 -Энэ удаад систем болон програм хангамжийн хүчин чадлыг сайжруулсан. Тиймээс иргэд цахимаар бүртгэл хийхэд ямар нэг хүндрэл гарахгүй болсон.

Үүнээс гадна өмнөх бүртэглийн үед иргэдийн зүгээс цахимаар бүртгэл хийх гэхээр ойлгохгүй байна гэсэн гомдол ирж байсан. Тиймээс энэ удаад газар өмчлөлийн цахим бүртгэл иргэдэд илүү ойлгомжтой болсон гэж болно. Хоёр дахь удаагийн бэлтгэл ажлын хүрээнд системийг бүрэн шинэчилсэн.

ff

 -Өмнөх бүртгэлийн үед сервер гацсанаас зарим иргэд баталгаажуулалтын кодоо мартах тохиолдол гарсан. Иймэрхүү байдлаар кодоо мартсан иргэд яах вэ?

 -Баталгаажуулалтын кодоо мартсан, байхгүй тохиолдолд өөрийн мэдээллээ серверт эхнээс нь дахиж бүртгүүлнэ. Ингэснээр шинэ баталгаажуулалтын код авах юм.

ff

-Зарим иргэд цахим бүртгэлээр бүртгүүлэх гэж оролдоход “Иргэн та гэр бүлийн хэрэгцээнд газар өмчилсөн байна” гэсэн хариу гарч ирээд байна хэмээн гомдоллож байна. Тодруулбал, одоогоос хэдэн жилийн өмнө Газрын тухай хуулинд “Өрхийн хэрэгцээнд нэг газартай байна” гэж заадаг байсан. Гэр бүлийн гишүүд нэг газар дундаа өмчилсөн нь одоогийн хуультай огт нийцэхгүй болоод байгаа юм байна. Ийм асуудалтай иргэд хаана, хэрхэн хандах вэ?

-Одоогийн хуулиар Монгол улсын иргэн бүр 0,7 га газар өмчилж авах эрхтэй. Хэрэв хуучин хуулиар газар өмчилж авсан бол, өөрсдийн өмчлөх эрхээ салгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг гэр бүлийн таван гишүүн дундаа нэг газартай бол, тухайн өрхийн тэргүүн эсвэл тухайн өрхийг төлөөлөх иргэн  та Нийслэлийн Өмчийн газарт иргэний үнэмлэх, өргөдлөө авчирч, газар өмчлөх эрхээ салгуулах ёстой. Ингэснээр тус гэр бүлийн бусад гишүүдэд газар өмчлөх эрх үүснэ.

ff

-Төрийн албан хаагчдын хүнд сурталын асуудал гадуур яригддаг. Танай байгууллага иргэдэд хэр шуурхай үйлчилж байна вэ?

-Газар өмчлөх эрхээ салгуулахыг хүссэн,иргэдэд шуурхай үйлчилнэ. Хамгийн гол нь бүрдүүлэх материал, бичиг баримт нь бүрэн байх хэрэгтэй. Ийм тохиолдолд тэр дор нь бид архиваа шүүж үзээд, газар өмчлөх эрхийг нь салгаад өгнө.

ff

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр хэн нэгэн нэр дэвшигч, тухайн тойргынхоо сонгогч нарыг газартай болгоно хэмээн газар өмчлөх, анкет бөглүүлсэн байна. Үүний улмаас мөн л гэр бүлийн хэрэгцээндээ газартай гэх мэдээлэл цахим хуудаснаа бүртгэгдсэн байх юм. Гэвч тухайн иргэний өмчилсөн газар хаана байгааг өөрөө ч мэдэхгүй байх жишээтэй. Энэ тохиолдолд тус иргэн хаана хандах вэ?

-Тэр үеийн газар өмчлөх систем нь эхлээд газраа эзэмших эрх үүсгэнэ, дараа нь өмчлөх эрхтэй болдог байсан. Харин одоо тухайн иргэнд газрыг нь шууд өмчлүүлж байгаа. Тиймээс  дээрх асуудал тулгарсан иргэд хамгийн түрүүнд газар эзэмшүүлэх анкет бөглүүлсэн нэр дэвшигчдээ хандах хэрэгтэй. Магадгүй тухайн нэр дэвшигч, тус дүүргийн Засаг даргатай тохирсон байхыг үгүйсгэхгүй.

ff

-Тэгэхээр газар эзэмших эрх нь үүссэн иргэдийн өмчлөх эрх шууд үүссэн гэсэн үг үү?

-Тийм. Газар эзэмших эрх үүссэн бол өмчлөх эрх үүснэ. Уг асуудлыг дүүргийнхээ Газрын албанаас лавлах хэрэгтэй.

ff

-Өмнөх цахим бүртгэлээр гадаадын иргэд газар өмчлөх эрхтэй болсон гэх асуудал яригдаад байсан. Энэ асуудал юу болсон бэ?

 -Гадаадын иргэд газар өмчлөх эрх олгоогүй. Учир нь бид гадаад иргэн байх магадлалтай гэх хэд хэдэн иргэнийг УБЕГ-аар шалгуулсан. Гэтэл гадаад нэртэй таван иргэний дөрөв нь Монгол Улсын иргэн байсан. Харин нэг иргэн нь гадаад иргэн байсан учир эрхийг нь хүчингүй болгосон байгаа.

ff

-Дөрвөн иргэн Монгол улсын иргэншилтэй хэрнээ, гадаад хүмүүс байсан гэсэн үг үү?

-Тиймээ. Гэхдээ хуулиндаа Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй байгаа шүү дээ. Тэр хуулийн дагуу л газар өмчлүүлсэн.

ff

-Гэр хорооллын иргэдийн хашааны газрын өмчлөл хэдэн хувьтай байна?

-Бид иргэдийн өмчлөлийн асуудлыг шуурхай шийдэж өгөхийг зорьж байна. Хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангаад манайд өргөдлөө өгвөл заасан хугацаанд нь шийдвэрлэж өгч байгаа.

ff

-Гэр хорооллыг дахин төлөвлөлт  газар өмчлүүлэх ажилтай зөрчилдөж байна уу?

-Газрын тухай хуульд иргэн бүрт газар өмчлүүлнэ гэж заасан. Тэр хүн газраа өмчилж авсанаар худалдах, бэлэглэх буюу захиран зарцуулах эрхтэй болж байна гэсэн үг. Нэг ёсондоо, үл хөдлөх өмчтэй болсон тухайн хүний газар дахин төлөвлөлтөд багтсан бол тухайн гүйцэтгэгч компанийнхантай нөхцөлөө тохирч амьдарч буй орчноо өөрчлөх боломж олдож байна. Энэ утгаар нь л харах хэрэгтэй.

ff

-Нэг хэсэг дүүргүүдийн газрын албанд давхардуулан олгосон, өмчлөлийнх нь газарт хууль бусаар хашаа, байшингаа барьсан гэх маргаан тасардаггүй байсан. Одоо байдал ямар байна?

ff

-Иймэрхүү маргаантай асуудал шийдэгдсэн. Яахав, мэр сэр гардаг. Газрын албаны хурлаараа авч хэлэлцээд хаана алдаа гарсан байна, түүнийг нь засдаг. Боломжгүй нэгнийх нь зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг даа.

ff

- Хотын өмнөх удирдлагууд зуслангийн газрыг цэгцэлсний дараа өмчлүүлнэ гэсэн шийдвэр гарган энэ асуудлыг түр хойш тавьсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Зуслангийн газрын өмчлөл олон жил яригдсан. Өнгөрсөн жил Засаг даргын дэргэдэх мэргэжлийн агентлагууд, дүүргийн газрын алба хамтран Зуслангийн товчоо байгуулсан. Энэ жилээс элхэн зуслангийн газрыг өмчлүүлнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mnbb:
http://theweeklyjob.com/?id=315100
2015-01-28
shalgaach:
eniig shalgaach ub-g ballaj bga humuus
2015-01-27
dsafsafsadf:
sadf*f dfgdfsadfsag dsgs ags
2015-01-27
irgen:
gazriin albaniihan hund surtal hamgiin aimaar ydarsan ulsuudiig bol heden zuun udaa yvuulna doo tsarai haraad
2015-01-27
hudlaa heleed baigaarai:
gazriin albaniihan aimar hund surtaltai shdee
2015-01-27