Хүүхдийн эмч “ХОВОР ХҮН” болжээ
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн тасгийн зорьлоо. Шинэ оны босгон дээр эх хүүхэд болон эмч сувилагч нар хэр ачаалалтай ажиллаж бас баярын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байгааг “тандах” гэж тэр. Гэтэл санасныг бодвол харин ч ачаалал багатай байв. Өнгөрсөн сарын дундуур эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв бүү хэл дүүргүүдийн эмнэлэгт ч ханиад томуу болон хатгалгаа туссан хүүхдүүд ихээр ирж нэг орон дээр тус бүр 2 хүүхэд ногдож, сахиурууд нь суугаараа хонох эсвэл гэрээсээ гудас хөнжил авчирч шалан дээр унтдаг байсан юм. Мөн ор хүрэлцэхгүй болж эмнэлэгт хэвтэн эмчүүлж буй хүүхдүүд ч шалан дээр өдөр хоногийн өнгөрүүлж байлаа. Харин 12 дугаар сар гарснаас хойш эмнэлэгт хэвтэж эмчүүлэх хэмжээний хүндэрсэн хүүхдийн тоо эрс багассан байна. Гэхдээ дүүргүүдийн эмнэлэг ачаалалтай байгаа хэдий ч өнгөрсөн сарын байдалтай харьцуулбал харьцангуй гайгүй болсон аж. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн амьсгалын замын эмгэг судлалын тасгийн хүлээн авах тасагт өдөрт 60-70 хүүхэд үзүүлж байгаа аж. Амьсгалын замын эмгэг судлалын тасаг төсөвт 40 ортой. Гэтэл өнөөдрийн байдлаар 55 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үүнээс гадна нярайн эмгэг судлалын тасагт 70 хүүхэд хэвтэн эмчүүлж байгаа гэнэ. Энэ тасаг нь мөн л төсөвт 40 ортой. Энэ мэтчилэн ачаалал хэтэрсэн асуудал гарч байгаа ч тангараг өргөсөн эмч, сувилагч нар хоёр нарны хооронд борви бохисхийлгүй ажиллах аж. Харин ч нэг үеэ бодвол хүүхдийн амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн хэмжээг хэмжих багаж зэрэг наад захын тоног төхөөрөмжөөр хангагдсан учраас “улаан гар, бор зүрхээрээ” зүтгэдэг байсан үеийн ачаалал багасан хэмээн Хүүхдийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор У.Цэвэгмид хэлж байв. Гэхдээ л соц нийгмийн үед мөрдөж байсан эрүүл мэндийн чиглэлийн бодлого алдагдаж хүүхдийн эмнэлэгийн тоо, багтаамж муу байгааг учирлав. Уг нь эрүүл мэндийн салбарыг “атгасан” эрхтэн дархтанууд энэ байдлыг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж баймаарсан. Өнгөрсөн сард л гэхэд ханиад томуу ихсэж эмнэлэгт хэвтэхээр дугаарлаж байгаа эхчүүд, Баянзүрх дүүргийн эмнэлгийн хонгилд ор дэр засан хэвтэж буй эх хүүхэд, нэг өрөөнд байх хүний тоо ихэссэнээс агаарын дутагдаж шөнө унтахаа больсон хүүхдүүдийн талаар мэдээллийн суваг болгоноор дамжуулж байсан билээ. Ор дэр, өрөөний тоо цөөхөн байгаагаас үүдэн хүүхдээ сахиж байгаа эцэг эхчүүд ихээхэн бухамддаг төдийгүй “Сул ор байгаа өөр тасагт хэвтэн болдоггүй юм уу” хэмээн эмч сувилагчдыг багагүй сандаргадаг гэх. Гэхдээ юманд учир суманд гичир бий. Өнөөдөр эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн нярайн мэс заслын тасаг төсөвт 20 ортой хэдий 14 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүүхдүүд нь гүйлсэн булчирхай, чих, хамар хоолойн мэс ажилбарт орсон байдаг учраас өрөөний ариутгал, халваргүйжүүлэлт дээд зэрэгт байх ёстой. Өөрөөр хэлбэл ханиад томууны “үнэр” байх ёсгүй. Гэтэл эцэг эхчүүд энэ байдлыг тэр бүр мэддэггүй учраас “Сул ортой тасагт хэвтүүлсэнгүй” хэмээн гомдоллож зарга хийдэг аж. Үүнээс гадна бас нэгэн ТОМ асуудал байгаа нь зөвхөн эх хүүхдийн эрүүл мэндийн төвд бус эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд “асуудал” болоод байна. Энэ нь хүүхдийн эмчийн асуудал юм. Хэдэн жилийн өмнө Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль буюу бидний хэлж заншснаар Анагаах ухааны дээд сургууль “Хүүхдийн эмч” гэх мэргэжлээр “Хүүхдэд зориулсан” эмчийг тусгайлан бэлтгэж төсгөдөг байв. Харин өдгөө эл сургуулийг “хүүхдийн” гэх тодотголтойгоор төгсөж байгаа нэг ч оюутан байхгүй. Учир нь хүүхдийн эмчийн анги үгүй болсон юм. Тиймээс сүүлийн үед хүүхдийн эмч “ховор хүн” болж энэ салбарын асуудал болоод байгаа хэдий ч албан ёсоор асуудлыг шийдсэнгүй. Энэ мэт эмчийн асуудал л асуудал болж байгаагаас бус өнөөдөр эх хүүхдийн эрүүл мэндийн төв нэг үеэ бодвол хөлөө олж хөгжлийн өндөр түвшинд эмчилгээ сувилгаагаа хийж байна. Харин салбар яам хийгээд Засгийн газар хүүхдийн гэх тодотголтой эмнэлгийн тоог нэмэгдүүлж, эмч нараа бэлтгэдэг болмоор байгааг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Ж.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ