Ц.Нямдорж: Жуух бичиг солилцох гээд багагүй зардал гарна даа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Өнөөдрийн байдлаар 8 улс манай дипломат харилцаа тогтоох саналыг Бээжин дэх Элчин сайдын яам болон Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан зөвшөөрч, Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зуржээ. Бүгд Найрамдах Уганда, Руанда, Холбооны Микронез, Гаитин, Кирибати, Экваторын Гвиней, Чад, Маврики улстай тус тус дипломат харилцаа тогтоохоор тусгасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Нямдорж:
б
-Дэлхий бүх оронтой дипломат харилцаа тогтоосон улс байдаг юм уу. 15 улстай харилцаа тогтоох үлдлээ гэнэ. Бүгдийг нь нэгмөсөн оруулж ирж болдоггүй юм уу. Бидний ажил,цагийг ГХЯ үрээд байна. Хэн мэдэхгүй, хэн ч очихгүй газар дипломат харилцаа тогтоох нь ямар хэрэгтэй юм бэ. Засгийн газарт байхдаа ч би гайхаад “үүнийг нэг мөсөн нэг амиар хийгээд өгөөч” гэдэг байсан. Жуух бичиг солилцоно,ирнэ очно гээд багагүй зардал гарна даа. Монголд хэрэгтэй зүйл эндээс юу үлдэх вэ? гэлээ. Үүнд ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн:
б
-НҮБ-ын аливаа орон дипломат харилцаа тогтоосон орны тоогоор нэр хүнд нь илэрхийлэгддэг. НҮБ-ын бүх гишүүн орон бүгдтэй нь шахуу дипломат харилцаатай байдаг. Дипломат харилцаа тогтоохдоо тогтоол гарч гарын үсэг солилцдог. Үүний дараагаар удаан хүлээлгээд байдаггүй. Бичиг хэргийн тодорхой үе шат байдаг. Тиймээс эхний ээлжинд 8 орныг оруулж ирж байна. Дипломат харилцаа тогтоосноор жуух бичиг солилцохгүй. Мэдэгдээд орхидог гэсэн юм.
б
Ийнхүү Монгол Улсаас гадаад улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
б
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ