Ардын зураач Г.Одонгийн үзэсгэлэн гарна
Ажлын дараа” бүтээлээрээ Төрийн шагнал хүртэж байсан ардын зураач Г.Одонгийн нэрэмжит үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд Уран зургийн галерейд болох нээ. Үзэсгэлэнг "Бахархан дурсагдах Дашбалбар нутаг минь" хэмээх уриан дор Дорнод аймгийн Дашбалбар сумын 90 жилийн ойн ажлын хүрээнд зохион байгуулах юм байна.
Тэрбээр 1925 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт төржээ. Тэрээр 1942 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, Москва хотын Суриковын нэрэмжит Уран Зургийн Академи дүүргэж, 1951 оноос ДУДуС-д багшилж байгаад 1958 онд УБДС-ийн дэргэд зураг-хөдөлмөрийн салбарыг үндэслэн байгуулж, 1986 он хүртэл багшилж, мэргэжлийн зураачид, зураг хөдөлмөр, шугам зургийн багш нар олныг бэлтгэжээ.
Г.Одон нь Монгол орныхоо бүх аймаг, сумдын нутгаар аялан явж олон тооны судалбар зураг хийхийн хамт Монгол нутгийн үзэсгэлэнт сайхан байгаль, ард түмнийхээ түүх, аж байдлын сэдвийг голлон, мөн хөрөг зураг зурдаг байсан аж. Тэрээр нийтдээ 200 гаруй уран бүтээл туурвиж, эх орныхоо дүрслэх урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач агсан Гэлэгийн Одон “Ажлын дараа” 1948 онд зуныхаа амралтаар нутагтаа очин хадлан хадаж, хөдөөгийн амьдралын гүнд гар бие оролцож явснаа эргэн дурсаж, 1952 онд бүтээжээ.
Зураг дээрх хүмүүс ид ажлын үеэр айл хэсэж, архи ууж яваад ирсэн бололтой нэг залууг зэмлэж байна. Энгэр заам нь задгай тэр залуугийн өвөрт шилтэй архи болов уу гэмээр зүйл түнтийх аж.
Энэхүү мөнхлөгдөн үлдсэн бүтээлийг эрдэмтэн, урлаг судлаачид дүгнэхдээ “Г.Одон гуай 1947 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд оюутныхаа амралтаар очиж хадлан хийж явахдаа "Ажлын дараа" бүтээлийнхээ гол санааг олж аваад бүтээсэн. Энэ “Ажлын дараа” бүтээлийг хараад, дунд зэргийн уран бүтээл уншсан юм шиг болж байгаа юм. Хадуур, орос ёотон, шар гуулин данх гэхчилэн хадланчдын өдөр тутам хэрэглэж байсан зүйлийг тэнд харуулсан.
Гол дүрийн өвгөн болох хар хантааз, цагаан цамцтай буриад өвгөний дүрийг Г.Одон гуай их эрэл хайгуул хийж явж байж олсон гэдэг. Энэ дүрээ хайгаад явж байхдаа шуудайтай юм үүрсэн өвгөнтэй таарч уулзаад "Би таныг “Ажлын дараа” хэмээх бүтээлийнхээ гол дүр болгож бүтээх гэсэн юм. Та зуруулахгүй юу” гэж гуйж. Тэгсэн нөгөө өвгөн дүргүйцэж гэнэ. Одон гуай хэсэг хугацааны дараа өвгөн дээр шил архи барьж очоод ярилцсаны дараа өвгөн өөрийгөө бүтээлгэхийг зөвшөөрсөн гэдэг” хэмээжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ