Ихэмсэг, эрхэмсэг Франц орон


Тэнд цагаачлан амьдарч байгаа манай иргэдийн хувьд цагийн ажил зонхилон
хийдэг бололтой. Тэдэнтэй уулзахад
“Франц сайхан орон, амьдралын төлөө зүтгэсэн хүнд ээлтэй” гэж байлаа. Хэрвээ
Францад амьдарч байхдаа хүүхэд төрүүлвэл цагаачдад амьдрах байраар хангаж,
хүүхдийн тэтгэмж гэж сар бүр 300 евро өгч, эрүүл мэндийн хяналтад авдаг байна.
Хуучин Парис хотын төв
нь кино дэлгэцнээ мөнхөрч, эчнээ танил болсон домог, дурсгалт газрууд.
Тиймээс ч тэр хэсгээр зорчиход хүмүүсийн хувцаслалт нь л өөр болохоос “Монте Кристо
гүн” ч юм уу, “Парисын дарь эхийн сүм” кинон дотор орчихсон юм шиг илбийн сэтгэгдэл төрөх. Францчууд язгууртан маягийн
ихэмсэг бие авч явдаг хүмүүс ч өөлбөл гэдрэг, “би” төвтэй хүмүүс юм. Францыг европын “соц” орон гэдэг. Үнэндээ худалдаа
үйлчилгээний төв, дэлгүүрүүд нь 20.00 цаг гээд хаалгаа барьчихдаг юм билээ. Харин кафе, ресторанууд нь хэзээд нээлттэй.
Хоёр мянга гаруй жилийн өмнө Сена мөрний хөвөөнөө
сүндэрлэсэн Парис бол Европын хоёр дахь
том хот. Жилдээ 50 орчим сая жуулчин хүлээж авдаг энэ хотын төв хэсгээр
зорчиход францчуудаас илүүтэй жуулчид холхино.
Хөгжлийн явцдаа эртний уран барилга, дурсгалт газруудаа
хадгалж ирсэн нь өнөөдөр сая сая жуулчдыг татсаар, дэлхийн хүн төрөлхтний
заавал очиж үзэх орны нэгд багтан өргөмжлөгджээ.
Парист ирсэн хүмүүсийн очихыг зорьдог газруудад Эйфелийн цамхаг,
Парисын дарь эхийн сүм, Луврын музей, Ялалтын хаалга, Элисэйн талбай,
Диснейлэнд багтдаг.
Биднийг очихын өмнөхөн Францын сэтгүүлийн газарт халдаж,
10 гаруй хүнийг буудан хороосон халдлага гарсан байлаа. Тиймээс Парисын
гудамжинд буутай цагдаа нар үе үе таарч байв. Тэнд онцгой байдал зарласан
байлаа. Парисынхан өмнөх өдөр нь амиа
алдагсдын дурсгалыг хүндэтгэн тайван жагсаал хийжээ. Онцгой байдал зарласан энэ
өдрүүдэд иргэдийг ажлаа тараад шаардлагагүй тохиолдолд гадагшаа хамаагүй
гарахгүй байхыг анхааруулсан байв. Энэ хүрээнд метрогоор ч үнэгүй үйлчилж
байлаа.
Эйфелийн цамхгийг
орчимд харуул хамгаалалтад авчээ. Жуулчдыг цамхгийн хамгийн өндөрт нь бус, хоёрдугаар тавцанд гаргаж байлаа. Хамгийн
дээрх гуравдугаар тавцанд аюулгүй байдлыг сахиулах үүднээс түр хаасан бололтой.
Уран барималч Г.Эйфил 1889 онд энэхүү
алдарт бүтээлээ бөгөөд өндөр нь 324 метр, 10100 тн жинтэй цул төмрөөс бүрдсэн юм. Эйфелийн цамхаг дээрээс
Парис хот бүхэлдээ харагдана. Хааны
ордон, шинэ хороолол, хөл бөмбөгийн талбай гээд дөрвөн зүг найман зовхисоос
тольдон, дурдан харах боломжтой.

Парисын дарь эхийн сүм урлагийн гайхамшигт бүтээл ажээ.
Барилгын гадна талын ханан дээрх
санваартнуудын товойлгон сийлсэн хөрөнгө
өнгөц харахад адилхан мэт ч бүгд өөр өөр
гэгээнтнийх гэнэ. Ард түмний мөр
балрахгүй зурайна гэдэг шиг сүм рүү орон жуулчид, хотын иргэдийн цуваа
татрахгүй. Парисын дарь эхийн сүм дотор намуухан, олны цуваа татрахгүй ч,
хамбал ламын айлтгал, сүсэгтний олны тав тухыг алдагдуулаад байхгүй орчныг
бүрдүүлжээ. Сүмийн бүүдгэр гэрэл, бурхад, зураг хөрөгний өмнө бадамлан асах
лаа, ээлжлэн ирж уншлага үйлдэх хуврагууд, сүсэглэн залбирах мөргөлчид энэ бүхэн жуулчдын нүдийг эрхгүй хужирлана.
Бидний буусан
буудал Ялалтын хаалганаас тавхан алхмын зайд жуулчдын гудамжинд байрлана.
Ялалтын хаалганаас өргөн чөлөөнүүд нь нарны цацраг хэлбэрээр үргэлжилж, доогуур
нь метро явна.
Парист жолооч нар дүрмээ сайн мөрдөнө, зөвшөөрөлгүй газарт зогсоод таксинд
сууна гэвэл санасны гарз. Мөн тойрог замтай учир нүднээ ойрхон харагдах газар ч
унаагаар тойрсоор очно.
Алдарт Сена мөрөнд
“шумуул” завиар явж байхад шөнийн намуухан тэнгэрт цахлай нисэн эргэлдэх нь содон. Сена мөрнөөр
зугаалахад нийтдээ 37 гүүр байх бөгөөд гүүр өөр өөрийн түүхийг өгүүлнэ.
Яагаад ч Парисыг дурлалын хот,
Францчуудыг дурламтгай хүмүүс гэдэг ч олны нүдэн дээр бие биедээ хайлаад
байгаа дүр зураг нүдэнд өртсөнгүй. Үдэш
оройн цагаар гудамж талбай, метронд явж байгаа францууд өөр хоорондоо
нялхамсаад байхгүй, гар утас, Ipad-аараа л тоглож харагдах
юм.
Шөнөжин бороо
оржээ. Өглөө босоод цонхоор харахад
тагтан дээр борооны ус тогтож, чийглэг
зөөлөн үнэр хамар цоргино. Парисын цагаан тэнгэр цаг хугацааг мартуулах мэт манантах ч хотын
гудамжинд хөдөлгөөн үргэлжилж, шөнө ч амардаггүй болов уу гэмээр кафе
ресторанууд нээлттэй, зөөгч залуус хүмүүст үйлчилж, гадаах хоолны ширээг цэвэрлэж, цэгцэлж
харагдана.
d
Бидний амьдрал ав адилхан. Үндэс угсаа, хэл соёл, газар нутгаараа өөр өөр газар амьдарч байгаа хүмүүний амьдрал баян ядуугаараа ялгарч, зэрэгцэн оршино. Аль улсад явж зорчиж гуйлга гуйж, хог түүж яваа хүмүүстэй тааралдаж байсан биз. Парист ч мөн адил. Өглөө ажилдаа яаран явж байгаа хүмүүстэй зэрэгцэн гудамжинд унтсан орон гэргүй ядуу орноосоо босч байгаа аятай сандлаасаа босч, шуудайгаа үүрэн гэлдрэх. Зам дагуу гэрлэн дохион дээр зогсох машинуудын дундуур сүлжилдэн гуйлга гуйх. Хүн зон олноор явах газарт мөн л зэрэгцэн хог түүж, өл залгуулах. Энэ мэт дүр зураг бидэнд ч нэгэнтээ танил болжээ.
h
Хот, тосгоны ямар ч ресторанд орсон анх нээгдсэн цаг үеийг дуурссан хөшөө,
барималыг хана, таазан дээр товойлгон дүрсэлсэн байгаатай таарна. Ер нь түүхэн
үйл явдал, тухайн хүнийг уран барималд мөнхөлдөг бололтой.
Хөдөө тосгоноор явж байхад дэн буудлын эзэн ч өөрийн газар нутгийнхаа үүх түүхээс эхэлж ярина. “Манай өвөг дээдэс эрт дээр үеэс энд суурьшин амьдарч ирсэн, бүүр эртний түүхийг сөхвөл тэдгээр зуунд амьдарч байсан хунтайж, хаан манай энд ирж морь уралдуулж, алжаалаа тайлдаг байсан-“ юм билээ гээд л. Аялал жуулчлалаараа тэргүүлсээр ирсэн Франц орны дэлхийн сая сая жуулчдыг өөртөө даллан дууддаг нууцын нэг нь өнө эртний түүх, соёлоо хадгалан, сэргээн засварлан өвлүүлсээр ирсэнд байна уу даа гэх таамаглах, “хардах” сэтгэгдэл тус орноор зорчин явахад төрж байлаа. Үнэндээ ч түүхийн дурсгалт өв соёлоо сэргээн засварлахад жилдээ хэдэн мянган евро төсөвлөдөг гэсэн.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ