Монгол ардын намын галт тэрэгний сүүлчийн түр зогсолт

img

Улс төрийн оргилоос эгц доош буух чөлөөт уналтын хурд

Монгол Ардын Намын ребрэндинг хийх стратеги

Монгол Ардын нам сум, баг, гуу жалга бүрт хүрсэн сүлжээ, цагийн механизм шиг ажиллагаатай бүтэн тогтолцоо. Хувь хүний нөлөөгөөр системийг өөрчлөх, эвдэх, тасдах, эрэг шургийг нь гацаах боломжгүй тогтоц юм. Ардчилсан нам оройхон гарч, ширүүхэн дараад ч энэ тогтоц, системийг хуулбарлаад гүйцэх боломжгүйг 20 жилийн бүтээгүй оролдлогоороо нотолдог. Системийн алдаа доголдлыг цагийг нь олж мэдэрч шинэчлэн засварлаад явж болохоос биш тогтолцоогоороо нурахгүй, тасдаж хуваагдахгүй. Тогтоц өөрөө тасдаж хуваах оролдлого гарах бүхэнд ажиллагаа нь нягтран жигдэрч, эрэг шураг нь тослогдон хөдөлнө. Хоёр нийгмийн байгуулал солигдож байх цагийн давалгаанд бусад пост социалист орны эрх баригч намуудаас дангаар тэсч үлдсэн энэ тогтоц хорин жилийн дараа Түр штаб мэтээс шидсэн чулуунд цуурахгүй, холтрохгүй. Хувь хүний нөлөө, шинэ хуучин Баяруудаас болж гацахгүй, галт тэрэг “стоп кран” татаж, тамбер дээр байгаа туулайчлагчдыг буулгачихаад яваад өгнө. Соёл нь, шинж чанар нь илүүтэй хамт олонч зүүний нам цөөн хувь хүний нөлөөлөлд хуваагдахгүй, галт тэрэг чиг зүгээ ч өөрчлөхгүй, бүтэн цуваанаас сүүлчийн ганц вагоныг салгаад зам дээр хоцорч болно. МАХН гэдэг товчлол улс төрийн үнэ цэнэтэй брэнд. Сонгуулийн зах зээлийн 30 хувийг эзэмшдэг нэр. МАХН цоо шинэ, хахь ондоо бус МАН хэмээх уугуул нэрээ сэргээн авсан нь SONY-гоос “N” үсгийг нь хасч SOY болж өөрчлөгдсөнтэй адилтгах аргагүй. Яагаад гэвэл зах зээл нь өөр, эрс онцлог ялгаатай. Гишүүдийн буюу 1-р групп, дэмжигчдийн буюу 2-р сегментийн бүтэц өөрчлөгдөхгүй. Улс төрийн технологчид хоёр том намтай санаа бодлын зах зээлд сонгогчдыг 5 группт хуваан авч үздэг. Бүгд найрамдах, Ардчилсан гэсэн хоёр том намтай Америкийн туршлага. 1,2-р групп нь намын гишүүд, дэмжигчид, 4, 5-р бүлэг өрсөлдөгчийнх. Дундын буюу 3-р групп л сонгуулийн хувь заяаг шийдвэрлэдэг зорилтот зах зээл, нийт сонгогчдын тал хувь. Улс төрийн намууд суртал нэвтрүүлгээ энэ хэсэгт оновчтой чиглүүлсэн эсэхээс сонгуулийн хожил, хожигдлыг шийддэг. Хувьсгалт гэдэг тодотголыг хасч сейфэнд хийснээр ребрэндинг хийгдэнэ.

Сонгуулийн хувь заяаг шийддэг зах зээлийн тавин хувьд хандан ребрэндинг хийж, энгийнээр хэлбэл нэрээ угааж хүрнэ. Уг гишүүнчлэл, дэмжигчдийн бүлэгт нь хасах өөрчлөлт гарахгүй, харин ч цар хүрээ нь тэлнэ. Хэдийгээр зохион байгуулалтын арга хэлбэрээр хүч нэмэгдүүлж байгаа ч гишүүнчлэлийн тоон өсөлт өнөөдрийн байдлаар 15 мянгаар нэмэгдсэн статистик үүнийг нотолж байна. МАХН буцаад МАН болсны хүлээгдэж буй үр дүнг сонголтоо хийхдээ баримталдаг үндсэн дөрвөн хүчин зүйлсэд үндэслэн тодорхойлж болно. Францын улс төрийн технологич Жак Сегеллагийн томъёолол. Сонгогч аливаа изм буюу үзэл санааг бус идей, улстөрийн нэн тодорхой саналыг хүлээн авдаг. Сонгогч хамгийн гол нь өчигдрийг биш маргаашийг илүү дэмждэг. МАХН 1924 оноос хойш 87 жил өөрчлөгдөөгүй хуучинсаг нэр. МАХН өчигдөр хийж бүтээсэн нь үнэн боловч эднээс өнөөдөр түүнээс ихийг бүтээхийг хүлээнэ. Хийсэн ажил нь их ч, хийх ажил улам их байх хүлээлт юм. “Бүтээснээсээ ихийг бүтээнэ. Монгол Ардын Нам” гэсэн өчигдөр, өнөөдөр, маргаашийн гурван цагийг хэлхэн холбосон, гэхдээ илүү сайхан ирээдүйн төлөөх уриа, түлхүүр үг, цөм санааг улс төрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээнд давуу талдаа дулдуйдан нийцүүлж болно. Өчигдөр, өнөөдрөөс илүү сайхан маргаашийг угтсан хүлээлт Монгол Ардын Намын санаа бодлын зах зээл дэх байр суурь юм. Айлаар бол МАН том хүүхэд. Айлын том нь ажлын ихийг хийнэ, ачааны хүндийг үүрнэ, орой унтана, эрт босно, илүү загнуулна. Ардчилал гадаад паспорт, шүтэх, үг хэлэх эрх чөлөөг авчирсан гэх АН-ын хорин жилийн ухуулга, харьцангуй нэн шинэхэн түүх өнөөдөр өвгөн партизаны зурагдсан пянзан дээрх хуучирсан яриа болж хувираад байхад МАН 87 жилийн өмнө Коминтернийн тулган хүлээлгэсэн, С.Данзан нарын алтан амийг төлөөсөнд нь авч одсон тодотголтой 21 дүгээр зуунд хол явахгүй. Хувьсгалт гэдэг тодотголыг авч хаяснаараа нэрээ угааж, сонгогчдын яаж ч мэдэх гол цөм хэсэгт хандаж байгаа нарийн тооцож төлөвлөсөн улс төрийн стратеги. УИХ-ын 2012 оны сонгуулийн хүлээгдэж буй үр дүнгээр брэнд нэймээ шинэчлэн цэвэрлэх стратегийн зорилго биелнэ. Улс төрийн наадмын дүрэм холимог системтэй, эсвэл хуучин 2004 оны жижиг мажоритарын аль нэгээр батлагдана. Аль ч дүрмээр ашигтай стратеги болно.

Амиа золиослогсод оргил цэгээсээ эгц доош унана буюу Монгол Ардын намын тактик

Монгол Ардын Нам бэлэн байдлаа шалгав. Гучин хэмийн хүйтэнд урьдчилсан бэлтгэлгүйгээр таван мянган залуу явуут байлдаанд ордог байна. Тогтолцооны эрэг шураг эргэж, дун бүрээ үлээхэд хагас түмэн залуу гарч ирдэг юм байна. Цэргийн насны залуучуудын хоёр дивиз бүрэлдэхүүн 1 дүгээр сарын 23-нд Төв талбайд жагслаа. Өвөл биш хавар, бэлтгэж баривал тавин мянган хүн нэг эгнээнд зогсож чадах юм байна гэдгийг харуулав. Ирж буй хавар улс төрийн жагсаал хийх утгагүй болгочихлоо. Ардын намынхан өвөл таван мянгаараа жагсаж чадсан байхад хавар тэдний эсрэг тавин нэгүүлээ, тавин гурвуулаа цуглавал армийн дэргэд тасаг цэрэг шиг харагдана. Зарим хэвлэлд онцолсноор бол баячуудын хүүхдүүд хүртэл идэр есийн тэсгим хүйтэнд чихээ хөлдөөж, хацраа хайруулахад бэлэн байна. Эд бол Монгол Ардын Намын шинэ цэрэг, залуу үеийнхэн. Шинэ цэрэг бүхэн генералын мөрдөс мөрөөддөг, гавъяагаа байгуулж, бэрхийг туулахыг хүсдэг. Улс төрийн доргионт үйл явц, олдож байгаа боломж бүхэн туг шиг дэрвэсэн жагсаалын цэргийн эгнээн дундаас шинэ жанжнуудыг төрүүлдэг юм. Дандаа ч цагаан заханд нялхарсан нь цахилгаан шатаар өргүүлэн гарч ирдэггүй, шат шатаар нь ахиж, шалгарч шалгагдаж ахидаг хатуу тоглоом. Улс төр бол олдсон боломжийг цагт нь ашиглах урлаг. Улс төр бол үргэлж тооцоогоор биш мэдрэмжээр, сэтгэл зүрхээ чагнавал шударга дүрэм үйчилдэг салбар. Эрсдэл хийж, хүлээн зөвшөөрүүлдэг, санаа бодлын төлөөх эрс тэмцэл болохоос биш кранаар татуулж, найраагаар давдаг наадам биш.

Чөлөөндөө гарсан генерал нэгэн цагт удирдаж явсан армиасаа хэсэг бүлгийг тасдах гэсэн биш залуу үеийн эрчилсэн давалгаанд ч живж болдог талбар. Таван мянган залуу жавар хайрсан талбайд гарч ирсэнээр МАН хэмээх механизм, систем тогтоцын шат дамжлага, эрэг шураг бүхэнд урам өгч зоригжуулна. Часхийсэн хүйтэн агаарт залуучуудын чангахан дуу хоолой тогтолцоог нэгдэж нягтруулна. Хэсэг хүн хоол идсэн аяга руугаа нулимж суухыг толгой дохин харж суух нь нөхөр У.Хүрэлсүхийн зан ч биш. “Түр штаб” тогтолцоо эвдэгдэхгүй нь өдрөөс өдөрт мэдрэгдэх тусам улайрч байгаад яагаа ч үгүй оргил цэгтээ хүрчихлээ. Цагаан сарын өмнө сүүл шарвах бар жилд багтаан Түр штабыг бүр оргил цэгт нь хүргэх, дагуулан тонгорох тактикийн зорилт биелэв. Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг цагаан сарын өмнө өнөөдөр хийх хурлаараа оргил хэсэгтээ хүрээд, эгц доош чөлөөт уналтын 9,8 м/секундын хурдаар унаж, сар шинийн цагаалга, буузтай хамт мартагдах Түр штабын баяруудын баярын өмнөх тактикийн алдаа болж байна. Сар шинээр мууг хэлэлцдэггүй, хэрүүл хараалыг хуучруулан орхиж, амны билиг боддог нь ардын ёс. Монгол Ардын нам тоос шороогоо гүвж, гэр орноо цэвэрлээд, сар шинийн өглөө мөрөө гаргаж байна л гэж хүлээж авна. Ардчилсан намын хэсэг бүлэг Монгол Ардын Намын зэрэгцээ ямар нэг МАХН товчлолтой жижиг бүтэц үүсэх, бага ч болов хэрчим гарахыг хүлээх нь зүй ёсны гэхээр горьдлого. Бодит байдал аяга ёроолдохоор ялихгүй, Түр штабын үр халдвар хөдөөгийн уул талаар соёолоогүй, орон нутгаар 3000 км аялахад илүү ч үгүй, дутуу ч үгүй яг гурван “эсэргүүн”-тэй л хайж байж таарснаа сэтгүүлч мэдээлж байх хэмжээнээс халихгүй байгаа ч Коланы хөөс шиг дэвэргэхийг оролдох нь байх л ёстой үйлдэл. Яагаад гэвэл эрх биш тусдаа улс төрийн хүчин, өрсөлдөөний зүй тогтол.

Монгол Ардын Намын галт тэрэг цагаан сарын өмнө сүүлчийн түр зогсолт хийнэ. Түр штабынхан “стоп кран” татах хоромд бүр бууж хоцорно. Улс төрийн оргил өөд эгц огцом маршрутаар гараад өндөрлөг дээр 20 жил болоод буухад амархан. Нэг л алдаа. Өгсөх хэцүү, буух амархан. Ахиад өгсөхөд тавин нас ахадна. Яарвал даарна. Даарвал ч яарна. Гадаа гучин хэм хүйтэн байна.

Д.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ