Албан тушаалын томилгоонд улс төрийн нөлөөлөл орлоо гэх мэдээлэл Канадад бараг гардаггүй

img

Манай  улсын  Төрийн албаны зөвлөлийн урилгаар Канад улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч хатагтай Мариа Баррадос тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо.

Айлчлалын хүрээнд “Төрийн албаны шинэтгэл ба мерит зарчим” сэдэвт дугуй ширээний ярилцлага боллоо.  Ярилцлагад  Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Д.Батбаяр, Б.Өнөбаатар, Канад улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч хатагтай Мариа Баррадос төслийн зөвлөх Кристина Уитфүт, яамдын төрийн нарийн  бичгийн дарга нар, агентлагуудын дарга нар болон албаны бусад хүмүүс оролцов.

Төрийн албаны зөвлөлийн  дарга Д.Зүмбэрэллхам   “Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлж байгаа одоогийн үе шатны бодлого нь цаашид мерит зарчмыг хэрэгжүүлэх, улс төрийн нөлөөллөөс ангид, мэргэшсэн, тогтвортой, бүх талаар шаардлага хангасан төрийн албыг бүрдүүлэн хэвшүүлэхэд чиглэгдэж байна. Төрийн албанд мерит зарчмыг тогтолцооны түвшинд гаргаж төлөвшүүлэхэд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон Канад улсын Төрийн албаны комисстой 2010 онд байгуулсан Хамтын ажиллагааны Cанамж бичиг томоохон боломж олгож байна. Дэлхий нийтэд жишиг болсон сайн засаглалыг буй болгож чадсан Канад улс мерит зарчимд суурилсан үлгэр жишээ төрийн албыг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.

Тус улсын Төрийн албаны комисс ойрын жилүүдэд бидний дотнын анд байна гэдэгт эргэлзэхгүй байна”  хэмээн хэлж байсан.

Хатагтай Мариа Баррадос Канадын Төрийн албаны комиссын талаар хийсэн танилцуулгадаа “төрийн албанд мерит зарчмын дагуу иргэдийг авах нь  мэргэшсэн, улс төрийн нөлөөллөөс ангид төрийн албыг бий болгохоос гадна Канад иргэдийн итгэлийг олж авдаг. Манай улсад албан тушаалын томилгоонд улс төрийн нөлөөлөл орлоо, төрийн албан хаагчид улс төрийн зохисгүй үйл ажиллагаанд оролцлоо гэх мэдээлэл тун цөөн гардгийг бахархалтайгаар хэлэх байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Ярилцлагад оролцогсод  мерит зарчмын тухай,  төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хэрхэн хамруулдаг, ажлын байрны стандарт шаардлага ямар байх ёстой, бүтцийн өөрчлөлтийг Канад улсад хэрхэн хийдэг зэрэг сэдвээр нээлттэй ярилцлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ