Брэдли Купер: Аюулгүй байдалдаа санаа зовж байна

img

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер сүүлд “American Sniper” буюу “Америкийн мэргэн буудагч” киноны гол дүрийг бүтээсэн билээ. Энэхүү уран бүтээл нээлтээ хийгээд удаагүй ч 10 гаруй орны кино чартын эхний байрт жагсч, нийтдээ 158 сая ам.долларын ашиг олоод буй. Куперийн Канандын нэгдүгээр сувагт өгсөн ярилцлагыг хүргэж байна. -“Америкийн мэргэн буудагч” кино нээлтээ хийхээсээ л өмнө олны анхаарлыг татсан. Киноны үйл явдал 2003-2009 оны хооронд Иракт цэргийн алба хааж байсан мэргэн буудагч Крис Кайлын бодит амьдралаас сэдэвлэсэн. Кайл цэргийн алба хааж байх хугацаандаа 2500 гаруй хэт даврагчийн аминд хүрч, исламын шашинтнуудын хувьд “Тамын элч” гэх нэршилтэй болсон. Исламын шашинтнууд “Америкийн мэргэн буудагч” кино нээлтээ хийвэл Америкт халдлага үйлдэнэ хэмээн сүрдүүлсэн ч та бүхэн сүрдүүлгээс үл айж нээлтээ хийж, нэлээдгүй амжилт олоод байна? -“Америкийн мэргэн буудагч” кино бодит амьдралыг өгүүлж байгаа. Ямар ч хачир байхгүй. Үүрэг аваад Ирак улсад ирсэн энгийн нэгэн цэргийн тухай өгүүлж буй. Тэрбээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа дээрээс ирсэн тушаалын дагуу даалгавраа гүйцэтгэдэг байсан. Түүний бууны суманд оногдож амиа алдсан хүмүүсийн ихэнх нь исламын шашинтай учир энэ кино исламын шашинтай хүмүүсийн хувьд хүнд цохилт болж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ сүрдүүлж, заналхийлэхээсээ өмнө уран бүтээл үү, бодит амьдрал гэдгийг нь тэр сүрдүүлэгчид ойлгох хэрэгтэй. Хэрвээ тооцоо бодохыг хүсч байгаа бол бидэнтэй бус өөр хүмүүстэй бодох хэрэгтэй байх. Би Крис Кайлын дүрийг бүтээсэн гэх шалтгаанаар исламын шашинтнуудаас хараал сонсох учиргүй шүү дээ. Би бол уран бүтээлч.     -АНУ-Арабын иргэний холбооноос энэхүү уран бүтээл исламын шашинтнуудыг өдөөж, дургүйцлийг нь хүргэж магадгүй хэмээн сэрэмжилж буй. “Америкийн мэргэн буудагч” киноны найруулагч, жүжигчин Клинт Ийствуд болон танд анхааруулга хүргүүлсэн гэж сонссон. Та аюулгүй байдлаа санаа зовж байна уу? -Тиймээ. Хэт даврагчид хэмээн нэрлэсэн хэсэг залуус дэлхийн өнцөг булан бүрт хүчирхийлэл үйлдэж, цус урсгаж байна. Маргааш гэрийн минь гадна халдлага үйлдэхгүй гэсэн баталгаа байхгүй. Аюулгүй байдалдаа санаа зовж байна. Нуугаад яахав бага зэрэг санаа зовж байна. Хэт даврагчдыг басч болохгүй гэдгийг олон улс нэгэнтээ хүлээн зөвшөөрчихлөө.     -Киноны үйл явдал, исламын шашинтнуудтай шууд холбогдож байгаа юм уу? -“Америкийн мэргэн буудагч” кино зүгээр л уран бүтээл. Заавал энэ киног улс төртэй холбох шаардлагагүй байх.     -Таны асуултаас ямархуу бодолтой байгааг чинь ойлгох шиг боллоо. Олон ч уран бүтээлч бодит хүний дүрийг бүтээхэд хүндрэлтэй гэж ярьдаг. Та үүнтэй санал нэгдэх үү? -Тиймээ. Таны бүтээж буй хүн тэр цаг үедээ шилдэг нь байсан бол танаас их ур чадвар шаардагдах болно. Би хувьдаа тэр хүнийг дэлгэцэн дотор дахин амьдруулах нь үхүүлэхээс хэцүү гэж боддог. Чи тэр хүний талаар хангалттай судалж байж дүр бүтээх болно. Гэтэл хүний амьдрал өдөр бүр шинэ сорилт, адал явдал, уйтгар гунигтай учирдаг. Би тэр хүнтэй зэрэг сэтгэхгүй бол бодит хүнийг дэлгэцэнд хийсвэр, зохиомол харагдуулах эрсдэлтэй. Тиймээс л бодит хүний дүрийг бүтээхэд жүжигчдээс ихээхэн ур чадвар шаардаж, заримыг нь шантрахад хүргэдэг. Хийсвэр дүрийг бүтээх явцад уран бүтээлч өөрийн үзэл бодол, хөдөлгөөн зэргээ оруулсан ч үзэгчид тэр болгон анзаарахгүй тохиолдол бий. Гэхдээ ямар ч дүрийг амархан бүтээнэ гэж үгүй. Дүр авна гэдэг өндөр хариуцлага.       -Крис Кайл бол жинхэнэ баатар. Энэ залуугийн дүрийг бүтээхэд ямар байв? -Шууд хариулахад дарамттай байсан. Дүр бүтээх явцад олон ч саад бэрхшээлтэй нүүр тулсан. Яагаад гэвэл энэ залуу бусдаас өөр. Түүний цусанд нь хүртэл дайчин зан нуугдаастай байсан. Цэрэг бүхэн баатар болдоггүй гэдгийг зураг авалтын үеэр сайн ойлгосон. Би үүргийнхээ хувьд бусдаас хүлээн авсан хариуцлагын хувьд энэ дүрийг бүхий л чадлаараа бүтээлээ. Би энэ залуутай адилхан харагдахын тулд 20 кг нэмсэн. /Инээв/.     -Крис Кайлын дүрээр “Оскар”-т нэр дэвшиж байгаа. Ялалт байгуулах болов уу? -Итгэж л байна.     -Ихэнх жүжигчин яагаад “Би энэ дүрийг бодит хүнээс нь дутахааргүй сайн бүтээсэн” гэж шууд хариулж чаддаггүй юм бэ? -Яагаад гэвэл ингэж хариулвал биеэ тоосон хэрэг болно. Чиний хариултын дараа олон хүн чамайг өөлөхийг оролдож, утга учиргүй шүүмжлэл газар авдаг юм. Хувьдаа сайн бүтээсэн гэж бодож байвал тэрийгээ олонд хэлэх шаардлагагүй, амаа татаж явах нь өлзийтэй.     -Та өөрийгөө хэр нээлттэй хүн гэж боддог вэ? -Би энэ асуултад хариулж чадахгүй. Харин та хариулах хэрэгтэй байх.     -Өнгөрсөн сарын 5-нд та 40 нас хүрсэн. Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэв? -Би 2010 оноос эхлэн төрсөн өдрөө даруухан тэмдэглэхийг эрхэмлэдэг болсон. 40 насныхаа төрсөн өдрөөр найзуудтайгаа хөлбөмбөг тоглосон. Бялуу идээгүй зүгээр л хэдэн шил шар айраг уусан.       -Брэдли нэг зүйлийг асуумаар байна. Та яагаад одоо хүртэл хуримаа хийхгүй байгаа юм бэ. Нэг бол сэтгэлд нийцсэн эмэгтэй олдохгүй байна уу? -Хуримын тухай ярихаар би сэтгэлээ барьж чаддаггүй юм. Нэг л өдөр заяаныхаа ханьтайгаа учирна хэмээгээд маш олон жилийг ардаа орхижээ. Сэтгэлд нийцсэн бүсгүйчүүдтэй би өдөр бүр уулзаж байна. Гэхдээ, гэхдээ гэх бодол намайг ганц бие амьдралаар явуулж байна.     -Хэвлэлүүд таныг дуучин Тэйлор Свифттэй учир ургуулсан хэмээн бичих боллоо. Энэ тухайд? -Тэйлор Свифт үзэсгэлэнтэй бүсгүй. Холбоо тогтоосон ч харамсахааргүй бүсгүй. Бид ямар ч холбоогүй. Нэг удаа оройн хоолонд хамтдаа орж байсан. Өөр зүйл байхгүй.     -Ирээдүйн эхнэрээ ямар байгаасай гэж хүсч байна? -Би үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдэд дуртай.     Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hurhun zaluuuu durtai
2015-02-06
baagii:
hogiin kino clint eastwood iim hogiin yum hiine gej bodoogvi, kino ch ter uls turiin ayastai har sarmagchnii,mun usa giin unaj bgaa reitingiig usguh zorilgotoi garsan
2015-02-05