Занданшсан шүтээн биеийг сүм барьж оршооно
Нийслэлийн нутаг дэвсгэрээс өнгөрөгч сарын 27-ны өдөр цагдаагийн алба хаагчдын олж илрүүлсэн занданшуулсан шарил нь олноо Гэсэр лам хэмээн өргөмжлөгдсөн их ламын шавь цорж Санжжавынх байсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэ тухай Бурханч лам Г.Пүрэвбаттай ярилцлаа.
б
-Ажлын хэсгийнхэн өнгөрөгч нэгдүгээр сарын 27-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрээс олдсон занданшуулсан шарил ямар хүнийх байсныг олж илрүүлжээ. Энэ үйл явдал манай улсын төдийгүй олон улсын анхаарлыг татаж байлаа.
-Манай ажлын хэсэг нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Ажлын хэсэгт түүхийн хүрээлэн, археологи, шүүх эмнэлэг, цагдаа болон манай шашны зүгээс гээд олон талын мэргэжилтнүүд багтсан. Ерөнхийдөө өнөөдрийн байдлаар бүх юм тодорхой сайхан боллоо. Энэхүү занданшуулсан шарилыг занданшсан шүтээн бие гэж нэрлэвэл зохимжтой.
б
Монголд бурхны шашин орж ирснээс хойш, Өндөр гэгээнийг таалал хураахад биеийг нь занданшуулан Монгол оронд авчирч Амарбаясгалант хийдэд занданшуулсан шүтээн биеийг суваргалж, шүтэн тахиж байсан. Үүнээс хойш Монголын найман богд, Заяын бүх дүрүүд, Ламын гэгээний дүрүүд зэрэг монголын бүх том хувилгаадыг ингэж занданшуулж, шүтээн болгон залж байсан уламжлал байдаг. Түвд орон гэхэд 13 дугаар Далай лам хүртэлх бүх далай ламыг таалал хураахад биеийг нь занданшуулан Бодлын ордонд шүтээн суварга босгосон байна.
Манай Гандантэгчинлэн хийдийн гурван ногоон дээвэртэй дуганд Наймдугаар Богдын, Тавдугаар Богдын, Долоодугаар Богдын шарилын сүмүүд. Тусгайлан сүм байгуулаад ингэж шүтдэг байсан уламжлалтай.
ө
-Бүр ийм уламжлалтай байжээ.
-Тиймээ. Миний үүнийг ярьж буй нь одоо олдоод буй энэхүү занданшсан шүтээн биетэй холбоотой. Энэ занданшсан шүтээн бие бол очир завилгаар суулгаад, зүүн гарыг нь тэгш агуулсан чагжаа хийгээд, баруун мутраар нь ном номлохын чагжаа зүрхэн тушаа хийлгэсэн байгаа юм. Яахав он цагийн эрхээр жаахан бөгтийгөөд, гар нь доош дарагдсан байна билээ. Энэ бол албан ёсоор шүтээнчлэн занданшуулсан шарил гэдэг нь илт байна. Бясалгалд суугаад өөрөө занданшсан шарил биш. Үүнийг харахад, үсээ сайхан авчихсан, тэгсэн хэрнээ битүү хууз хар сахалтай, өндөр монхордуу хамартай, 180 см орчим өндөр биетэй хүн байсан байна лээ. 70 орчим настайдаа таалал хураасан болов уу гэмээр.
б
-Багш, шавь хоёрын бунхан Архангай аймгийн Цахир суманд байдаг гэсэн. Хуучнаар Сайнноён хан аймгийн нутаг уу?
Одоогийн Архангай аймгийн Цахир сум буюу хуучнаар Сайнноён хан аймгийн Далайнчойнхор вангийн хүрээ гэж асар том хийдтэй газар байсан. 200 гаруй сүм, 2000 гаруй лам хуваргатай том хүрээ байсан гэдэг. Энэ хийдэд 1840-41 оны хооронд Манжийн хааны зарлигаар Гэсэр сүмийг байгуулаад Гэсэрийн цамын зан үйл эднүүсийг дэглэж бий болгоход тухайн үед Цэвээн-Рашийн Чүлтэмжамц гэж их хувилгаан лам байсан. Хоёр настайгаасаа авахуулаад ид шидийг үзүүлж байсан, маш их тарнийн шидийг олсон, нутгийнхны дунд аман домогт мөнхөрсөн, амьд сэрүүн байхдаа, маш олон гайхамшигт ид шидийг үзүүлж байсан лам байгаа юм. Энэ лам Гэсэрийг дэглэхэд голлон оролцсон учраас “Үүл хөлөглөдөг өвгөн Гэсэр” гэдэг нэрийг авсан. Энэ хүн таалал хураахдаа өөрийн төрсөн Хөх нуурын Содномдаржаа уулын гурван онийн дундах онь дээр би 108 муу зүйлийг хааж, газрын улаан албингийн гүйдлийг хааж, түмэн олны сайн сайхныг үеийн үед сахин хамгаалж байна гээд өөрийгөө бунхалж оршоохыг гэрээсэлсэн юм байна лээ. Тэрнийх нь дагуу уулан дээр модон бунхан бариад занданшуулаад залсан.
ы
Түүний дараа "Үүл хөлөглөдөг өвгөн Гэсэр" буюу Чүлтэмжамц ламын гарынх нь шавь, түүнтэй ойр дотно, тухайн хийдийнхээ цорж, мяндаг тушаалтан байсан Санжжавыг таалал хураахад өөрийнх нь хүсэлтийн дагуу багшийнх нь хажууд бунхан бариад оршоосон байдаг. Өнөөдрийн хөндөгдсөн шүтээн бол энэхүү цорж Санжжавынх болж байна. Цорж гэдэг нь номын богд, орон хийдийг даасан том лам мяндаг тушаалтай.
б
Энэхүү шүтээн бол өөрийн эрхгүй занданшсан бие
а
-Занданшуулсан шүтээн биеийг “амьд” байгаа, оюун санаа нь амьд гэсэн мэдээлэл гадаад, дотоодын хэвлэлүүдээр цацагдаж байна. Үүнд та тайлбар өгөөч.
-Энэ бол гурван зүйл юм байгаа. Нэгдүгээрт өөрийн эрхтэй занданшсан бие гэж байдаг. Мөн өөрийн эрхгүй занданшсан бие гэж бий. Өөр нэг нь бол энэ биеэрээ бясалгалын оргилд хүрч байгаа тусгай улсуудын тухай. Онцгой улсууд бясалгалын наран мэт болсон өөрийн бие цогцсоо дотоод сэтгэлдээ хураагаад хөдлөхгүй, хувирахгүй байдалд буюу мөнхийн их самадид ороод, гадна биеэсээ хатаад ер нь занданшмал шиг болчихдог. Ийм хүмүүс тангараг тавиад суучихдаг тохиолдол байна. Тухайлбал, Бутанд гэхэд Жэхамбу тааллаа хураагаад суусан одоо хүртэл сууж байна. Бие нь тунгалагшаад онцгой байдалд орж байгаа. Энэ хүн бол солонгон биеийг олоод гэгээрлийн туйлд хүрнэ.
б
Харин өөрийн эрхтэй зандашсан бие гэхээр өөрсдөө таалал хураахдаа биеэ орхиод явж байгаа буюу өөрөө муудахгүй, өөрийгөө занданшуулаад үлдээж байгаа гайхамшигтай хүмүүс байна. Зүүн өмнөд Ази Вьетнам, Тайландын хийдэд байна. Энэ занданшсан шарилд хүмүүс мөргөж байна. Хүн сэтгэлийн хилэнцээ дараад, сэтгэл нь ихээр ариусахаар бие нь давхар ариусаад, биеийг ялзарч муудуулах муу хий үүсгэх чанарууд устаад алга болчихдог. Зандангийн ариун үнэртэй болоод шүтээн болоод үлддэг.
б
Тэгвэл өөрийн эрхгүй гэдэг нь болохоор хувилгаан, богд дээдсүүд таалал хураахдаа өөрөө гэрээсэлж болно. Гэсэр лам шиг. Шавь нар нь түүнийг засч янзлаад занданшуулах нарийн ухаан, уламжлал байна. Занданшуулахдаа ямар ч биеийг нь хөнддөггүй, ариун уусмалаар дотор биеийг нь угаагаад, жил гаруйн хугацаанд хатаагаад, занданшуулаад шүтээн болгоод орхидог. Бид Есдүгээр Богдоо занданшуулаад бүтэн жил болж байна. Маш сайхан занданшиж, их сайхан шүтээн болох янзтай болж байгаа. Энэ уламжлал өнөөдөр ч гэсэн тасраагүй байна. Тэгэхээр бидний олсон шүтээн бол Өөрийн эрхгүй занданшсан бие гэсэн үг.
б
-Энэхүү зандашуулсан шүтээн биеийн толгойн хэсэг өмнө нь ил гарч, гэмтэж байсан гэх яриа байдаг юм билээ?
-Энэ олсон шарилын модон сав ялзарч муудсанаас 1999 онд занданшсан шүтээн биеийн толгой, цээжин бие ил гараад нэлээн удсан юм шиг байна лээ. Тэр үед шувуу дал мөрнөөс нь тоншоод цоолж гэмтээсэн байх маягтай. Одоо нэгэнт гаргаад ирчихсэн, хэн гэдгийг нь тогтоосон учир буцаагаад орон нутаг хийдэд нь буцааж залах ёстой. Ийм учраас бид нар уламжлалын дагуу сайхан цэвэрлэнэ. Уламжлалын дагуу цэвэрлэхгүй бол болохгүй. Орчин үеийн химийн бодис янз бүрийн муу юм ашиглаж болдоггүй.
б
-Цаг нь болоогүй байхад гаргаад ирчихэв үү. Хөндөж болохгүй шүтээнийг оролдсон байх вий гэж сэрэмжлэх хүмүүс ч байна. Занданшуулсан биеийг байсан газарт нь буцаан залах ёстой гэлээ.
-Яагаад үүнийг шүтээн болгоод байна вэ гэдэг асуудал гарна. Шашны их том богдууд, өөрсдөө гайхамшигтай. Бурхан багшийн рэнсэлд мөргөхөд Бурхан багшид мөргөсөнтэй адил ач тусаа өгдөг, рэнсэл оршин буй газраа Бурхан оршиж байгаа мэт ариун нөлөө үзүүлдэгтэй адилхан. Богдуудыг чандарлахгүйгээр хатааж байна шүү дээ. Биеийг муутгахгүй ариун болгоод шүтэхэд мэдээж сэтгэл нь зохих хэмжээнд хөгжлийг олоод өндөр түвшинд хүрч байгаа. Тэр хүн өнгөрсөн ч гэсэн үлдсэн цогцсоор нь дамжуулан ариун санаа, оюун сэтгэл, адислалтай холбоотой байж ач тусыг нь авахад нөлөөтэй, түмэнд тустай надин шүтээн болгодог учраас тусгайлан тахидаг. Энийг ямар нэгэн муу сэтгэлээр, янз бүрийн байдлаар харьцаж гар хүрэхэд ёс буруу.
б
Гэсэр лам өөрийгөө үеийн үед тэнд байлгах тухай гэрээсэлж, олон муу юмыг дааж, шарилаа тэнд орхисон. Шавь нь багшийнхаа хажууд, багшдаа нөмөр нөөлөг болж, учир, бодлоготойгоор ерөөл тавьж тэндээ бунхлуусан байгаа. Тиймээс тэнд нь буцааж аваачих ёстой. Энэ тухай Монгол орон даяар, олноороо мэддэг болчихлоо. Занданшуулсан шүтээн биеийг сүм барьж оршоодог. Тийм журмаар хамгаалалттай оршоогоод, эзэнтэй болгоод олон нийт мөргөж байхад зохимжтой сайн сайхан болгочих хэрэгтэй. Шашин дахин сэргэж байна. Өөрөө зан үйлтэй, уламжлалтай учраас ямар нэгэн сэтгэл зовиноод байх асуудал байхгүй. Зөв гартаа ороод ирлээ. Одоо ерөөл тавиад бүгд сайн сайхан болоосой гэж бодох хэрэгтэй.
б
-Занданшуулсан шүтээн биеийг зөөж, тээвэрлэн Улаанбаатарт авчрахдаа, цаасан хайрцагт хийсэн байсан. Энэ мэтээс болж гэмтэл авсан байх.
-Зөөж байх хугацаандаа хэт хүйтэн газар байлгаж, дулаан газар оруулаад, цаасан хайрцаг дотор аваад явж байгаа улсууд цан цохиулсан, чийг авахуулсан, гарын арьсыг нь цуулсан гээд шинэ гэмтлүүд гарсан байна лээ. Энийг бид нар уламжлалын дагуу засч, янзална.
б
-Багш, шавь хоёрын шарил зэрэгцээд оршиж байдаг гэсэн. Багшийнх нь шарил хөндөгдөөгүй гэдэг нь баттай юу?
-Одоогоор очиж шалгасан шинжээч, орон нутгийн хүмүүс Гэсэр ламын занданшсан шүтээнийг бунхалсан чулуу огт хөдлөөгүй гэдгийг батлаад байгаа. Гэхдээ бас хаширлаж байна. Камер оруулаад тандалт хийгээд үзчихэд болохгүй юм байхгүй. Ер нь нарийн судалж тогтоох байх. Одоо олдоод буй занданшсан шүтээний цээж хэсгийг ил гарсан байхад /1999 онд/ нь гурван машин чулуу аваачаад өрж, битүү хорго хийсэн. Сая шүтээнийг олоод шинж тэмдэг нь таарахаар уг шүтээнийг байх гээд Архангайн Цахир руу явуулж, үзүүлэхэд анх очсон хүмүүс хөндөгдөөгүй, хэвээрээ байна гэсэн мэдээлэл өгсөн. Занданшуулсан шүтээнийг аваад чулууг нь эргүүлээд өрчихсөн байсныг мэдээгүй хэрэг л дээ. Тэгээд бид нар илрүүлэх гээд хугацаа алдчихаж байгаа байхгүй юу.
б
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ