Дэлхийн шилдгийн шилдэг 100-н их, дээд сургууль

img

Манай улсын боловсролын бүтэц (систем) дэлхийн тавцанд ямархуу түвшинд явж байдаг юм болдоо гэж сонирхоод бяцхан эргэцүүлэл хийлээ.

Их дээд сургуулийн тэнхимүүд мөн багш, оюутан суралцагчдын зүгээс шинжлэх ухаан, соёл урлаг болон  нийгмийн бүх давхаргыг хамарсан бүхий л салбарт гаргасан ололт амжилтууд, оруулсан хувь нэмрүүдэд дүн шинжилгээ хийж дэлхийн шилдэг 600-г нийтлэн зарладаг бөгөөд үүнээс онцгойлон шилдгийн шилдэг 100 их ба дээд сургуулиудын нэрсийн жагсаалтыг гаргадаг ажээ.

Тухайн жагсаалтанд багтсан сургуулиудын байршил  гаргасан амжилтаасаа шалтгаалж  жил бүр өөрчлөгдөж байдаг хэдий ч алдарт Харвард, Оксфорд, Кембриджийн их сургуулиуд байнга манлайлж иржээ. 2010 оны шилдгээр Кембридж, хоёрт Харвардын их сургууль орсон бөгөөд топ зууд АНУ-ын  31, Английн 19, Австралиас 7, Герман, Япон  5, Канад, Голланд улс 4, Швейцарь  ба Хонг-xонг 3, Франц, Хятад, Дани, Өмнөд Солонгос, Сингапур, Швед улсууд тус бүр 2, харин Орос, Бельги, Шинэ Зеланд, Ирланд, Финланд, Тайвань, Норвеги улсууд 1 дээд сургуулийг багтааснаар дэлхийн боловсролын тавцанг тэргүүлжээ.

Үүнээс эхний 18 байранд америкийн 14, английн 4 сургууль оройлж  байгаа бол 19 байрыг Швейцарь  улсын Цюрихийн Техникийн Их Сургууль эзэлснээр бусад орнуудын салхийг хагалж байна. ОХУ, Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС  93 дугаарт бичигдсэн бол Москвагийн Олон Улсын харилцааны Дээд сургууль 600 дотор  багтаж чадалгүй гадаа хоножээ.

Нийт 54 орноос шилдэг 600 сургууль шалгарсан бол үүнд Азийн орнуудаас Хятад 6, Тайланд 3, Казакстан 2  Энэтхэг, Индонез, Малайз, Пакистан улсуудын тэргүүлэх гол дээд сургуулиуд багтсан бөгөөд манай улсын нэг ч сургууль 600 -д дөхөх нь  бүү хэл бараа нь ч харагдахгүй байна даа. Хуучин социалист орнуудаас Чех улсын Чарлесийн Их сургууль 267-д орж эхлүүлсэн бол 304-т Польш улс Жагиллоны Их сургууль 304-т, Унгарын Өэтвөс Лорандын Их сургууль 401- д  бичигдсэн байна.

За ингээд манай улсын тэргүүлэх 5 дээд сургууль маань энэ жагсаалтанд багтаагүй гэж сэтгэлээр унаагүй. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний мэдлэг боловсрол  олгодоггүй ч гэлээ монголдоо бол данга. Харин борооны дараах мөөг шиг олширсон хувийн нэртэй дээд сургуулиудыг аттестатчилж цэгцлэх цаг болсон байна.   Үнэн хэрэгтээ гол төлөв хөдөөнөөс ирсэн залуучууд ийм сургуулиудын оюутны орон тоог дүүргэж байгаа нь анзаарагдаж байгаа бөгөөд тухайн сургууль  залуучуудад олгох боловсролдоо анхаарах биш сургалтын төлбөр болох хэдэн төгрөгөө сааж байхдаа санаа тавьж байдаг шиг санагдлаа.

Швейцарь  улсад түвшин тогтоох шалгалтанд боловсролын бүх салбарт ажилладаг багш нар хамрагддаг бөгөөд шалгалтанд хангалттай дүн аваагүй багш нар ажил хийх эрхээ хасуулан мэргэжил дээшлүүлэх курст дахин суралцдаг. Ийм шалгалтны шүүрэнд оруулаад шигшвэл хэдэн багш  оюутан болж хувирах бол гэдэг сонин байна. Сургуульд элсээд төлбөрөө төлөөд , дээр нь төгсөхдөө нөгөө алдартай авилгалаа шургуулаад дөрвөлжин малгай толгойндоо углаж, энгэртээ диплом нэртэй кардоон тэвэрч патиараа татуулаад л дээд сургууль дүүргэж байна. ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШЛЭЭ гэсэн үг, инээдтэй юм.

Дөрөв таван жилийн туршид элдэв нэртэй шоу, зугаа цэнгээнээр тархиа цэнэглэж  баар ресторан хэсэж өнгөрөөж байж олсон боловсролтой залуус маань ажлын байраар хангагддаг эсэх нь эргэлзээтэй. Үнэнийг хэлэхэд чадалтай цөөхөн боловсон хүчин гарч ирж чадаж байгаа, мэдээж гэхдээ энэ бол тухайн хүний өөрийнх нь хичээл зүтгэл, өөртөө өндөр шаардлага тавьж байж олсон мэдлэг боловсрол шүү. Ирээдүйгээ зөгнөн ухамсарлаж , зорилгоо зөв тодорхойлсон хэсэг л залуучууд ийм амжилтанд хүрдэг. Картон барьсан ганган хувцастай хүү , охиныхоо зургийг  нь хараад баярлаж байгаа гэнэн хөдөөнийхөө хөгшчүүлийг бодохоор өрөвдөх юм.

Үүрийн цолмонгоос үдшийн бүрий болтол зүтгэсэн тэдний хөдөлмөр хэдхэн хүний түрийвчинд шингэж оронд нь өөрсдийг нь хуурсан сайхан зурагнаас илүү юу ч ирэхгүй байгааг мэддэг болуу. Хүүхдээ боловсролтой болгох гэж хичээсэндээ хүү нь өсөөд хэзээ ч төлж барахгүй зээлийн өрөнд ороод барьцаалсан хэдэн малаа алдаж хамраараа газар шургаж мэдэх байх шүү хөөрхийс минь.

За ингээд эрхэм сайдаа  мэдлэг, мэргэжлийн  түвшин тогтоох хүрдэнд хэдэн сэхээтнүүдээ оруулж машиндаад эзлэх хувиар нь дугаарлаж ялгаад болохгүй болсон сургуулийн үүд хаалгыг үүрд хаачихвал учрах хохирол нь хэдэн хүн л болохоос улс оронд гарз тохиолдохгүй шүү дээ. Хэдэн жилийн өмнө Сайханбилэгтэн Боловсролын яамны сайдаар томилогдоод сурагчдыг ижил дүрэмт хувцастай болгоно гэж тендэр зарласан болж төсвөөс мөнгө татаад түүнийгээ өөрийнхөө ахын компанид ялсан болгож боловсролын системд анхаарал тавьж байсан шиг санагдана. Тийм юмаар боловсрол жигдэрдэггүй, тодорхойлогддоггүй гэдгийг Та хэр мэддэг бол?

Жагсаалтыг хүснэгтээр харахыг хүсвэл дараах  хаягаар ороорой. http://www.university-list.net/rank/univ-100005.html Өгөөмөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монголын дээд боловсрол хөөрхийлэлтэй харагдна.Их сургууль гэж юу болох тухай сайдаасаа эхлээд тааруухан ойлголттой явж ирсэндээ.Ялангуяа хувийн гэгдэх их дээд сургуулиас ичмээр.Нэр нь л данхайгаад,дэлхийн их сургуулиудтай тэрсэлдэх санаатай.Төлбөр нь нэмэгдээд компаниа төмруулах санаатайдагаа.Их сургуулиудын ялангуяа хувийн их сургуулиудын багш нар гэж үнэхээр хөөрхийлөлтэй,өрөвдмөөр амьтад.Ажил олдохгүй болохоор тийшээгээ л очихоос өөр хаана шингэх вэ дээ.Тэдний төгсөгчид нь их хурлын гишүүн гээч эрхэмүүд болдог шинжтэй.Хөөрхийдөө өөрөө өөрийгөө хуурсаар яваад хэзээ нэг шургаж унаж устаж сайхан цаг нь ирдэг юм бол
2018-05-12