УИХ-ын дарга Д.Дэмбэрэл: Аудит нь гүйцэтгэх засаглалыг хөдөлгөж чаддаг байх учиртай

img

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Үндэсний аудитийн газрын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцлоо. Тэрбээр өнгөрсөн оны өдий үед  тэдэнтэй уулзаж ярилцахдаа хяналт шалгалтад, ил тод байдлыг эрхэмлэх, салбар бүрийн ажлын онцлогийг мэддэг байх, өндөр ёс суртахуунтай мэргэшсэн аудиторуудтай болох, төрийн аудитын шалгалт нүдээ олсон байх зэрэг хэдэн зарчмын асуудал дэвшүүлэн ярилцаж байсныг дурьдаж байсан юм.

Түүнчлэн  өөрийнх нь  дурдсан асуудалд анхаарлаа хандуулж ажилласан нь тодорхой байна гэж хэлж байсан.

УИХ, төрийн аудитын байгууллагын чадавхийг сауйжруулах тал дээр тэдний санал санаачилгуудыг ажил хэрэг болгох талаар бас зүгээр суугаагүй болохыг хэлээд УИХ өнгөрсөн онд аудитын байгууллагын бие даасан хараат бус байдлаар ажиллахад зарим нэг эрх зүйн зохицуулалт хийснийг ч бас хэллээ.

Мөн Үндэсний аудитын газраас гаргасан 11 төрлийн график мэдээллээс дүгнэлт хийж үзэхэд, Төрийн аудитын байгууллагын 2010 оны ажилд ахиц дэвшил гарч, амжилттай явагдсан байна. Аймаг, нийслэлийн аудитын газрууд ч 2010 оны ажлынхаа тайланг тус тусынхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тавьж хэлэлцүүлэн хангалттай гэсэн үнэлгээ авсан тухай мэдээлэл ирснийг дурдаад  та нарын ажлын талаас харахад сайн гэсэн дүгнэлт хэлж болно. Эсрэгээр асар их дутагдал гаргадаг, дутагдал нь нэмэгдсэн засаглал буйг бас харж байна. Энэ талаараа дүгнэлт хийж ажиллахыг та нөхөд төрөөс шаардах эрхтэй юм гэлээ. Түүнчлэн,  2011 онд хийх ажлын талаар  “Төсөв, санхүү ихээхэн тэлж 3 их наядад хүрлээ. Алдагдал нь 9  хувь байна. Нийгмийн асуудалд анхаарав. Хүний хөгжлийн сангаас олгох 1,5 сая төгрөгийн 250 мянгыг олгоход 700 тэрбум, оюутны сургалтын төлбөрт 82 тэрбум төгрөгийг олгоно. Ажилгүйдлийг бууруулахад 160 тэрбум /Японы жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл, ажлын байр ороод/ 30 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, 30 тэрбум төгрөгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулна. 800 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж төвлөрүүлийг сааруулахад Улаанбаатарт л гэхэд 68 тэрбум, аймгуудад 800 мянгаас 1 тэрбум хүртэл төгрөгийг зарах эрхийг нь олгосон. Төсвийн эдгээр мөнгө  зориулалтаараа зарагдаж байгаа эсэх, менежмент, үр дүнд аудит хийх хэрэгтэй. 2009, 2010 онуудад би та бүхэнтэй уулзах үеэрээ өгсөн үүрэг, чиглэлийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллахыг хүсэж байна. Үүний зэрэгцээ дараах чиглэлээр онцгой анхаарах нь зүйтэй.

Гүйцэтгэлийн аудитыг жинхэнэ утгаар нь шинэ шатанд гаргах явдал юм. Улсын Их Хурал энэнийг л Та нараас хүсэн хүлээж байна. Жишээ нь: Монголын ард түмэнд ямар бэрхшээл, хүндрэл тулгараад байна. Тэр нь ямар учир шалтгаантай юм бэ? Төр засгийн үйл ажиллагаа юун чамбай  дээр доголдоод байна. Цаашид яаж ажиллавал зохилтой талаар Та нөхөд маш дүгнэлт, зөвлөмж дэвшүүлэн тавьж хариу өгөх замаар засаглалын байгууллагуудад туслах үүргээ хангах хэрэгтэй.

Ард түмний хүсээд байгаа тэр зүйлийг Төр засаг анхаарч байна уу үгүй юу, хэрэв анхааралдаа авч үйл ажиллагаа явуулж байгаа бол хэрэгжүүлж байгаа арга зам нь зөв байна уу, үгүй юу гэдгийг Төрийн аудит л хэлж өгч байх шаардлагатай байна.

Төр засгийн үйл ажиллагаа нь цаанаа бизнесийн сонирхолтой хутгалдаж байгаа эсэхийг ч ялган үзэж олон түмэнд ил тод тавьж байх нь чухал. Энэ бол хүнд асуудал. Гэвч Та бүхний үүрэг юм.

Чухам ийм зүйлд л хяналт шалгалт, судалгаа шинжилгээг хослуулан хийж гарцаагүй дүгнэлт өгч, зайлшгүй авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон тогтоохыг л гүйцэтгэлийн аудит гэж нэрлээд байгаа юм шүү. Миний хэлээд байгаа санааны үзүүр, үндсэн учир утга гүйцэтгэлийн аудит бол хянаж буй зүйлийн агуулгаар тодорхойлогдох болно гэсэн санаа. Аудитын ажил энэ, үүнийг хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Бүхэлдээ аудит нь гүйцэтгэх засаглалыг хөдөлгөж чаддаг байх учиртай.

Аудитын төр засагт хэлж байгаа зүйлээ ард түмэнд мөн адил ил тод хэлж байх хэрэгтэй. Та нарт хавсран туслах хүч бол ард түмэн, олон нийт, иргэд. Аудит гэдэг бол ард түмний нэрийн өмнөөс албан тушаалтанд хяналт тавьдаг төр-олон нийтийг хосолсон механизм. Сайн хийгдсэн гүйцэтгэлийн аудит өнөөдөртөө тоо, баримтаар хэмжигдэж, нотлогдоод байхгүй ч алсдаа асар их үр өгөөж авчрах болно. Олон хяналт шалгалт хийдэг, олон олон дутагдал илэрдэг. Тэр бүхэн ард түмэнд нээлттэй болсон тохиолдолд хяналт хүчтэй байх болно гэж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ