Мөнгөн ус агуулсан багаж хэрэгсэл худалдан авахыг хоригложээ

img

Хүрээлэн буй орчин, хүн амыг мөнгөн усны бохирдлоос сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтарсан 2011 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 07/27 тоот тушаалаар 2011 оны 1-р сарын 15-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагууд мөнгөн ус агуулсан халууны шил, мөнгөн устай даралт хэмжигч багаж, шүдний амальгамыг шинээр худалдан авахыг хориглолоо. Халууны шил, цусны даралт хэмжигч, шүдний амальгам, товчин зай, хэт ягаан туяаны болон өдрийн гэрэл зэрэг мөнгөн ус агуулсан багаж хэрэгсэл, бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэдэгээрээ эрүүл мэндийн салбарын зарим үйл ажиллагаа гадаад орчинд мөнгөн ус ялгаруулах гол эх үүсвэр болж байгаа нь тогтоогдсон байна.

Амьсгалах, арьсанд хүрэлцэх төдийд хүний эрүүл мэндэд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг учир мөнгөн ус нь хүний эрүүл мэндэд маш хортой нэгдэл тооцогддог юм. Мөнгөн усны уурын 80 хувь нь уушгаар дамжин цусанд орсноор мэдрэлийн болон хоол боловсруулах, амьсгалын, дархлааны эрхтэн тогтолцоо, бөөрийг гэмтээдэг байна. Шүдний амалгамын найрлагын 45-55%-ийг мөнгөн ус эзэлдэг бөгөөд мөнгөн ус агуулсан шүдний амальгам нь үйлдвэрийн бус газраас ялгарч буй мөнгөн усны уурын ихэнхи хувийг эзлэн орчны агаар, хүнсийг бохирдуулснаар хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгааг 1991 онд ДЭМБ-аас онцлон тэмдэглэсэн байна.

Англид шүдний амальгамаас жил бүр 7.41 тонн мөнгөн усны хаягдал үүсч бохир усны систем, агаар, хөрсийг бохирдуулдаг бөгөөд гадаад орчны агаар дах мөнгөн усны 53% орчим хувь нь эмнэлгийн хэрэгсэл, лаборатори, шүдний амальгамаас ялгардаг болохыг тогтоосон байдаг. ДЭМБ-аас гишүүн орнуудад мөнгөн ус агуулсан багаж хэрэгслийн хэрэглээг бууруулах, хориглох, өөр бүтээгдэхүүнээр орлуулахыг зөвлөмж болгож байгаа юм. Европын улс орнууд мөнгөн ус агуулсан багаж тоног төхөөрөмжийг хэрэглээнээс бүрмөсөн гаргах зорилт тавьсан бөгөөд 2007 онд Европын Парламентаас Европын холбооны улсуудад мөнгөн ус агуулсан халууны шил хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан байна. Швед, Нидерланд, Голланд, Ази, Африкийн зарим орнуудын (Энэтхэг улсын Дели хот, Өмнөд Африкийн Ква Зулу Ната хот, Филлипин, Тайван) том хотуудын эрүүл мэндийн үйлчилгээний салбарт мөнгөн усгүй технологи нэвтэрч, мөнгөн ус агуулсан халууны шил, цусны даралт хэмжигч болон бусад мөнгөн ус агуулсан эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хэрэглэхийг хориглосон байна.

Манай орны хувьд 2009 онд ЭМЯ, НЭМХ, ДЭМБ-тэй хамтран “Монгол орны эмнэлгийн байгууллагуудад хэрэглэгдэж буй мөнгөн ус агуулсан төхөөрөмжүүдийн суурь судалгаа”-г Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Өвөрхангай аймгийн 1,2,3-р шатлалын 28 эмнэлгийн 328 нэгж, хувийн 53 эмнэлгийн 75 нэгж, нийт 403 нэгжийг хамруулан хийхэд халууны шил, даралт хэмжигч, гэрлийн шил, термостат зэрэг багажууд эмнэлгийн байгууллагуудад хамгийн өргөн хэрэглэгдэгдэж байв. Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдэд хэрэглэгдэж буй мөнгөн ус агуулсан даралт, температур хэмжигч нийт 797 багажаас 38%-ийг халууны шил, 24%-ийг цусны даралт хэмжигч сфигмоманометр эзэлж байгаа нь мөнгөн уснаас үүдэлтэй эмнэлгийн дотоод агаарын бохирдол үүсэх боломж байгааг харуулжээ. Мөнгөн ус агуулсан багаж төхөөрөмжүүд хагарч, эвдэрснээс мөнгөн ус гадаад орчинд тархаж эмнэлгийн ажилчид төдийгүй олон нийт мөнгөн усны нөлөөлөлд өртөх аюул тулгардаг байна. Тус судалгаагаар Улсын Клиникийн 1-р эмнэлэгт долоо хоногт 13 ширхэг, жилд ойролцоогоор 824 ширхэг халууны шил хагардаг гэсэн тооцоолол гарсан бөгөөд энэ нь нэг эмнэлгээс жилд 0.4-1.2 кг мөнгөн ус хаягдаж байна гэсэн үг юм. Түүнчлэн энэхүү судалгаанд хот хөдөөгийн нийт 129 шүдний кабинет, эмнэлгийг хамруулан судлахад эдгээр эмнэлгүүдийн 14,7 % нь шүд бөглөх эмчилгээнд мөнгөн ус агуулсан шүдний амальгам хэрэглэж байгаа бөгөөд хэрэглэсэн материалын үлдэгдлээ бохир усны системд шууд нийлүүлж байсан байна.

Иймд дэлхий нийтийн чиг хандлагыг баримталж, хүрээлэн буй орчин, хүн амыг мөнгөн усны бохирдлоос сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтарсан 2011 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 07/27 тоот тушаалаар 2011 оны 1-р сарын 15-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагууд мөнгөн ус агуулсан халууны шил, мөнгөн устай даралт хэмжигч багаж, шүдний амальгамыг шинээр худалдан авахыг хориглож, мөнгөн ус агуулсан багаж, тоног төхөөрөмжийн хэрэглээг бууруулах, зогсоох, өөр бүтээгдэхүүнээр орлуулах арга хэмжээ авахыг харъяа байгууллага болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга нарт үүрэг болгосон байна. Мөн энэ тушаалаар “Эрүүл мэндийн байгууллагын мөнгөн ус агуулсан багаж тоног төхөөрөмжтэй ажиллах аюулгүй ажиллагааны заавар”, “Эрүүл мэндийн байгууллагад мөнгөн ус агуулсан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хагарч, мөнгөн ус алдагдахад авах арга хэмжээний заавар” зэргийг баталсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TYVM you've svoled all my problems
2011-12-30
Монгол улс мөнгөн ус, хар тугалга г.м-ийн хорт бодисын хэрэглээг хатуу хянах, зохицуулах энэ талын арга хэмжээг яаралтай авахгүй бол цөөхөн монгол хүн улаан номонд орох өдөр удахгүй ирэхийг үгүйсгэхгүй. Хагас нь үхэж, хагас нь химийн бодисонд хордсон төрөлхийн гажигтай хүмүүс болох нь байна. Яагаад ийм магадлал өндөр байгаагийн шалтгаан нь монголын газарзүйн байршил болон уур амьсгалын онцлог юм. Манай орны газрын хөрс нилээд нимгэн бөгөөд борооны улирал /үе/ нь хэтэрхий богино, хуурай уур амьсгалтайн дээр голын ус, газрын гүний усны нөөц багатай орон. Ийм онцлогтой газрын хөрс ус маш хурдан хугацаанд бохирдон, хорт бодис хуримтлагдах нь амархан байдаг. Бохирдсон усыг ууж, тэр усаар тэжээгдэж буй өвс ургамлыг идсэн малын махыг хүн идэх нь ойлгомжтой. Манайхан малаа нядлаад хотруу илгээдэг ингэхлээр хордох аюул нь ганцхан тухайн бүс нутгийнханд хамааралтай зүйл биш болно. Японд одоо мөнгөн ус мэтийн хортой бодисын хэрэглээг маш хатуу хуулиар хянаж, хэрэгдлээг нь өндөр шалгуураар зохицуулж байгаа тул одоо бол японд дахин мөнгөн ус мэтийн бохирдол гарахааргүй болгосон байна.Японд 1500-аад жилийн өмнө болон 30 жилийн өмнийг болтол мөнгөн ус зэргийн хортой бодисын замбараагүй хэрэглээ байжээ. Жишээбэлбэл: минамата өвчин, жинцү голын өвчин, ашио зэсийн үйлдвэрийн өвчин, ёккай-ичи өвчин, кавасаки өвчин гэх зэрэг өвчнөөр 100000 орчим хүн хохирсон. Японы хүн амтай нь харьцуулахад энэ тоо ийм цөөн гэж болохоор байгаа нь японд монголоос 20 дахин их бороо ордог, хөрсний давхарга ч манайхаас 20 дахин зузаан, далайн дунд оршдгийн дээр маш түргэн хугацаанд арга хэмжээ авсанд оршино. Харин монголд японтой адил хэмжээний хорт бодисын хохирол нүүрлэвэл маш хурдан хугацаанд бараг л 1 саяаас илүү хүн хордох болно. Тэр цагт монгол хүн дэлхийн хөрснөөс арчигдаж байна гэсэн үг. Аймшигтай эмгэнэл. Ийм өдрийг ирүүлэхгүйн тулд бид химийн хорт бодисоос сэрэмжилж, энэ талаархи асуудалд өндөр хариуцлагатай хандах хэрэгтэй. Гэхдээ бидний ойлгодогчилон хар тугалга, мөнгөн ус г.м хортой бодис нь зөвхөн уул уурхайгаас гараад байгаа зүйл биш бөгөөд миний санааг түүнээс ч илүү бүр дэндүү ихээр зовоож байгаа зүйл бол нүүрсний цахилгаан станцаас гарах утаанаас ялгарах хорт бодис, тэндээс гарах нүүрсний үнснээс үүсэх мөнгөн ус, хар тугалганы нөлөөлөлд бий болох агаарын бохирдол болон гүний ус хөрсний бохирдол юм.
2011-12-21