ҮХ-д өөрчлөлт оруулах нь хамгийн зөв шийдвэр байж мэднэ
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар давж заалдах шатны шүүхүүдийг тойргоор байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржоос тодрууллаа.
б
-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар давж заалдах шатны шүүхүүдийг тойргоор байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Их суудлын хуралдаанаар мөн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өмнө нь энэ тухай танаас тодруулахад шүүхийн шийдвэр гарсны дараа байр сууриа илэрхийлнэ гэж байсан. Одоо таны байр суурийг сонсмоор байна.
-Энэ асуултад судлаачийн хувьд хариулъя. Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн маргаан өөрөө онолын шинжтэй, мэдлэгийн маргаан учраас аймагт аймгийн шүүх, дүүрэгт дүүргийн шүүх байх ёстой гэж Үндсэн хуулийн 48.1-ийг тайлбарласныг түүхээр шүүгдэх ёстой шийдвэр гэж харж байгаа. Зүй нь Үндсэн хуулийн 48.1 дэх заалт бол хаана ямар шүүх байхыг заагаагүй, харин Монгол улс анхан, давах, хяналтын шатны шүүхтэй байна гэдгийг л заасан гэж би ойлгодог. Хаана, ямар шүүх байгуулах нь УИХ-ын эрх хэмжээ юм. Энэ тухай Үндсэн хуульд маш тодорхой заасан.
ы
-Цэцийн энэ шийдвэрийг хэрэгжүүлвэл маш их хэмжээний зардал, мөнгө шаардагдана гээд байгаа шүү дээ.
-Тиймээ. Маш зардал гарна. Одоо тоо хэлэхэд хэцүү. Тоогоор илэрхийлэхийн аргагүй зардал гэж бас бий. Дэлхий улс орнууд одоо ямар хууль хэрэгтэй, ямар хууль батлахыг улс төрийн хүсэл зориг шийдэхээ больжээ. Харин эдийн засаг нь шийддэг болсон байна. Энэ нь хууль дээдлэх, биелүүлэх шаардлагаас урган гардаг аж. Хэрэгжүүлэх эдийн засгийн баталгаагүй хууль биелдэггүй учраас хуулийн засаглалыг тэр нь нурааж байдаг гэнэ. Хууль засаглах ёсыг нурааж байхаар хүмүүний амьдралд найдах нь дээр гэж үздэг аж.
б
-Зарим шүүгч, мэргэжлийн хүмүүс Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэлгүйгээр Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах боломжтой гэж харж байх шиг байна. Ийм боломж бий юу?
-Тийм бололцоо байгаа. Хамгийн зөв нь ч байж мэднэ. Тэр маргаан үүсгээд байгаа заалтыг маргахын аргагүй болтол нь "залруулах" хэрэгтэй. Засахгүй бол цаашдаа олон сөрөг үр дагавар дагуулах нь. Хот байгуулвал тэнд шүүхгүй байх нь. Засаг захиргааны статусгүй, хүн ам олноор бөөгнөрсөн сууринд шүүх байж болохгүй нь. Гэтэл амьдрал дээр тэнд шүүх байх л ёстой байдаг. Хууль амьдралаас урган гардаг, түүнийг хамгаалж байх ёстой бус уу.
б
-Дараагийн асуулт маань саяхан болсон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаантай холбоотой. Өчигдрийн хуралдаанаас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзлээ. Энэ заалтуудыг хүчинтэй хэрэгжиж байх үед хууль зүйн дээд боловсролтой мэргэжлээрээ гурваас дээш жил ажилласан зарим иргэний шүүгчээр ажиллах эрхийг хязгаарлаж байсан шүү дээ.
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3-ийг хүчингүй болгосон нь хуулийн үндсэн үзэл баримтлал, зохицуулалтыг хөндөөгүй гэж ойлгож байгаа.
ы
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ