Муугийн ёс биш, хүний ёс
Сар шинэ тулаад ирчихлээ. Сайн, муу олон л юм бодогдож байна. Сайнаасаа муу нь түрүүлж бодогддог нь жам юм хойно болгоомжлох сэтгэл ч төрж байна, санаа зовох шалтгаан ч бас байна.
s
Саяхан болоод өнгөрсөн шинэ жилийн баярын урамшуулалт худалдаа, уран бүтээлийн нэгдлүүдийн уламжлалт мэдчилгээнүүд дуусав уу үгүй юу л “Эрүүлжүүлэхээ эмнэлгээс салгаач ээ. Сэхээн амьдруулах тасаг “бөбөөчдийн” хоноглодог газар боллоо. Эмчилгээний зардлынхаа ихэнхийг энэ согтуучуудад чинь зориулж байна” гэсэн гомдол үргэлжилж, бүр телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага бүр нэг дүүргийн нэгдсэн эмнэлгийг шефлеж аваад сурталдсан билээ. Эцэст нь УИХ-ын эмэгтэй гишүүд л өр зөөлнөөрөө “хэргийн газарт” хүрэлцэн очиж, хамар амаа даран байж “Ер нь бол эрүүл, согтуу хоёрыг тусгаарлаж эмчлэх нь зүйтэй юм байна” гэдэг буулт хийсэн. Харин энэ асуудал дээр салбар хариуцсан сайд нь дүлий дүмбэ мэт байдаг нь хачирхалтай. Хэний ч бай амийг аварна гэдэг муугийн ёс биш, хүний л ёс...
s
Саяхан даа. Ердөө нэг, хоёр жилийн өмнө л өвлийн өвөлд хөөрхий нөгөө “бөбөөчид” байсхийгээд л энд тэнд “бөндийчихсөн” сураг гардаг. Хажуугаар нь гарсан хүмүүс холуур тойрохоо л бодно уу гэхээс “осгочих вий хөөрхий” гээд ор дэвсгэр бараадуулах биш. Муугийн муухайн түрүүнд хөдөлдөг эргүүлийн хэдэн цагдаа нар эрүүлжүүлэх хэмээх “эрэгтэйчүүдэд үйлчлэх” газрыг бараадууллаа ч цаадуул нь хоногийн төлбөрөө төлдөггүй, ар гэрээс нь амьд үхсэнийг нь асууж сураглах ч хүнгүй учраас буцаад л гудамжаа хөөгдөн туугдан гарна. Тэр тоолонгоор бид л болсон хойно “Энэ төр засагт нүд, чих байна уу? Хүний амь гэдэг нохойн амиас дор болжээ” хэмээн халагладаг байлаа. Тэр тусмаа эрүүлжүүлэх байранд саатуулагдаж байхдаа цагдаад зодуулсан, эрүүл мэндийн тусламж авч чадалгүй, эсвэл учир битүүлгээр амиа алдсан тохиолдлууд ч цөөнгүй. Эцэстээ төрийн хамгаалалтад хүн үхсэн учраас төр өөрөө гэмт хэрэгтэн болоод дуусдаг байлаа. Уг нь бол цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллага болохоос эрүүл мэндийн үйлчилгээ, эмнэлгийн тусламж үзүүлдэг байгууллага биш шүү дээ.
s
Харин өнгөрөгч 2013 оны долдугаар сард баталсан Цагдаагийн албаны тухай хуулиар эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллагаас салгаж, Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлсэн билээ. Хэрэг, зөрчил хийгээгүй хүмүүсийг “эрүүлжүүлэх” нэрээр албадлагын арга хэмжээ авч, баривчилж саатуулдаг, зодож дарамталдаг нь уул шугамандаа хуулийн байгууллага өөрөө хүний эрхэнд халаж буй үйлдэл юмаа. Тиймээс архинд согтоод тас үсэрсэн, амь биеэ хамгаалах чадваргүй болсон нэгнийгээ эрүүл мэндийн байгууллага нь эрүүлжүүлээд, эмчилгээ үйлчилгээнийхээ төлбөрийг аваад гэрт нь хариулдаг байя. Харин архи уугаад танхайрсан, зодоон цохион хийж хэрэг зөрчил гаргасан нөхдүүдийг цагдаагийн байгууллага дуудлагаар авч яваад баривчилдаг саатуулдаг, хуулийн дагуу янз бүрийн албадлага юмаа хэрэглэдэг юм байгаа биз гээд.
s
Гэтэл хэн гээч мугуйд нь “эрүүлжүүлэхийг дүүргийн эмнэлгүүдэд шилжүүллээ” гээд тушаал шийдвэр гаргачихсаныг бүү мэд. Ямар ч байсан л сүүлийн хоёр сарын турш “Эмнэлгүүдийг эрүүлжүүлэх болгохоо зогсоо. Өвчтэй хүүхдийн маань дэргэд өвгөнтийн архичин агсарч байна. Сэхээн амьдруулах тасагтаа согтуучуудыг чинь авч байна шүү” гэсэн гомдол тасарсангүй. Зарим биеэ хянах чадваргүй болсон нэг нь өмд, хувцсандаа нойтогнодог л гэнэ, үнэр танар гэж авах юмгүй, өөдөөс агсан согтуу тавьдаг л гэнэ. Тэрийг нь дагаад нийгмээрээ энэ хүмүүсийг жигших болов. Арай л бүгдийг нь тууж аваачаад заазал гэсэнгүй. Гэхдээ уусан согтсон болгон гэмт хэрэгтэн, нийгмийн хог шаар биш гэдэг нь ойлгомжтой. Ажил албатай, гонжоомтой, соёлтой, сайхан залуу согтуу явж байгаад далан руу нисээд үхчихсэн тохиолдол гарч л байсан...
s
Цагдаагийнхны өгч буй мэдээллээр хууль хэрэгжиж эхэлснээс /2014 оны нэгдүгээр сарын 1/ хойш өнгөрсөн оны аравдугаар сар хүртэл архи ууж танхайрсан, согтуу хөлчүү 54 мянга 630 хүнийг саатуулсны 554-ыг нь эмнэлэгт эрүүлжүүлэхээр хүлээлгэж өгсөн байна. Арван сардаа хуваагаад үзвэл арай л бага тоо гарна. Тэднийг эрүүлжүүлж, уураа барж байгаа эмнэлгийн ажилтнууд ч гэсэн “баяр наадам таараагүй үед бол нэг дүүрэг дээр өдөртөө 5-7 хүнийг эрүүлжүүлдэг гэсэн байна. Гэвч дийлэнх нь нөгөө л архинд донтогсод. Хордлого тайлах хамаг эм тариагаа тэдэнд шахчихаад гаргахад маргааш нь дахиад хүргэгдээд ирнэ гэдэг бас л гомдолтой. Тэгээд дээр нь төлбөрийн чадваргүй. Үүнээс болж эрүүлжүүлэхийг эрүүл мэндийн яаманд харьяалуулах уу, үгүй юу гэдэг маргаан хүртэл гарч байна. Эрүүлжүүлэхээ цагдаад нь буцаачихаад эмч нараа эрүүлжүүлэх байраар нэг тараах юм байх. Эмнэлэг дотроо хүрэлцдэггүй байгаа эмч нар эрүүлжүүлэх байранд очиж ажиллаа юу?!
s
Сайн мэдээ гэвэл “тэнд тэдэн хүн хөлдөж үхлээ” гэдэг муу мэдээ энэ өвлийн хэдэн сар сонсогдсонгүй. Цагдаа нь “саатуулах байрны мөнгө төлсөнгүй” гэж зодож занчихын оронд эмнэлэгт нь хүргээд өгчихдөг болсон. Өмнө нь цагдаа хараад айдаг байсан согтуучууд нь хүртэл “ашгүй дээ, амь аврагдах нь” гэж баярладаг болсон биз. Цагдаа нь ч бай, согтуу нь ч бай нэг нь нөгөөгийнхөө амийг аварна гэдэг муугийн ёс биш, хүний ёс. Хүний төлөө нийгэм гэж үүнийг л хэлдэг. Уг нь бол үсрээд л 100 хүний асуудал шүү дээ. Улаанбаатарын бүх гэр оронгүйчүүд, “бөбөөчдийг” цуглуулахад үүнээс нэг их хол давахгүй л болов уу. Нэг дүүргийн эмнэлэгт хоногтоо 5-7 хүн ирж байна, тэдний олонхи нь дахин давтан ирж байна гээд тооцоход шүү дээ. Гэхдээ тийм байлаа гээд тэднийг хүний нийгмээс хасах, бөөнөөр нь тууж аваачаад нэг газар “бөндийлгөх” тухай яриа байж болохгүй л байх. Юуны төлөө хүнлэг энэрэнгүй нийгэм, ардчилсан улс гэж хорин хэдэн жил ярилаа.
s
Тиймээс эрүүлжүүлэх үйлчилгээг эрүүл мэндийн яаманд шилжүүлсэн нь зөв. Монголын төр хүнээ гэдэг болсон байна. /Үүнтэй эсрэгцүүлээд “Өвчтэй хүнээ эмчилж чадахгүй байж согтуучуудад мөнгө үрлээ” гэдэг яриа энэ удаа байхгүй шүү. Хэн нэгний амьд явах эрхийг өөр нэг хүн шийддэг цаг үе өнгөрсөн. Тэр байтугай төр хүртэл өөртөө эрх авч, хүний амь таслах нь цээртэй болсон цаг үе/ Гэхдээ эрүүл мэндийн яам өөрөө энэ үйлчилгээг яаж авч яваа нь л асуудал болоод байна. Тэртэй тэргүй өвчтөнөө багтааж чаддаггүй дүүргийн эмнэлгүүдэд энэ ачааг үүрүүлээд мууг нь үзэж байхаар Хордлогын төв дээрээ ганц тасаг гаргаад энэ хүмүүсийг эмчилж яагаад болдоггүй юм. Яагаад заавал хүүхдийн ор, сэхээний тасаг, хүлээн авахын өрөөг “эрүүлжүүлэх” болгочихоод амьтны зэвүү, дургүй хүргээд байгаа нь бас л оньсого. Ингээд байвал хуулиа буцаахгүй яах юм гэж адарч байгаа ч юм уу хаашаа... Хэрэв тийм бол хууль баталж байгаа эрхмүүд ч гэсэн өөрсдийнхөө эрх хэмжээний хүрээнд “Монголын хууль гурав хоног байхаа больсон шүү” гэдгээ хэлж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Тэгж байж энэ нийгэм чинь урагшилж, хөгжиж дэвждэг юм байгаа биз дээ.
s
Уг нь өмнөх Хууль зүйн сайдын үед буюу өнгөрсөн оны есдүгээр сард эрүүлжүүлэх байрыг эрүүл мэндийн яаманд шилжүүлсэн энэ хуулийн өөрчлөлтийн араас Албадан эмчилгээний тухай хуулийг УИХ-д өргөн барьсан, он гараад буцаагаад татчихсан. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн өргөн барьсан, бас л буцаасан сурагтай. Хэрвээ албадан эмчилгээний хуулийг баталчих юм бол архинд донтсон нөхдүүдийг албадан эмчилж, ажил хийлгэж нийгэмшүүлэх боломж бүрдэнэ. Жинхэнээсээ бөөнөөр нь нэг газар тууж аваачаад эмчилж, ажил хөдөлмөр хийлгэж, төсөвт учруулсан хохирлыг нь ч гэсэн нөхөн төлүүлэхгүй юу. Түүн дээр нь хотын захиргаа оролцоод хоргодох байрыг нь хүртэл бариад өгчихдөг байх хэрэгтэй шүү дээ. Сая хол давсан /албан бус тоогоор нэг сая зургаан зуун мянга/ хүн амтай хот, их хөлын газарт энэ байтугай л олон асуудал байгаа. Архинд донтох өвчин бол ердөө л нэг өчүүхэн хэсэг нь. Гурван сая хүнтэй Монгол Улс, сая давсан хүнтэй нийслэл хотдоо хоргодох ганц ч байргүй улс гэвэл ганц манайх л байх. Дэлхийн бүх улс, бүх хотуудад гэр оронгүй хүмүүст зориулсан хогодох байр заавал ч үгүй байдаг. Түүнийг нь сүм хийд нь ч дэмжиж туслаад, тэр хүмүүст буян үйлдээд явдаг. Харин манайд л тийм зүйл байдаггүй. Манай баячууд буян хийх гэж ламд мөнгөө өгдөг. Харин ламдаа буян болдог уу, хэнд нь тэр буян очдогийг би лав мэдэхгүй.
s
Хэрэв ийм хоргодох байртай болчихвол гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийг ч гэсэн хамгаалах боломжтой болно шүү дээ. Гадаа гарахаараа гөлөг болчихоод, гэртээ орохоороо арслан барс болдог хүчирхийлэгчдээс гэр бүлийнхэн нь айгаад цагдаад гомдол гаргаж чаддаггүй, архи уухаар нь эрүүлжүүлэхэд өглөө ч маргааш нь дахиад л гарынх нь шүүс болно. Энэ мэтийн зүйл дээр хорооны дарга, хэсгийн цагдаа, эсвэл гэр бүлийнхнийх нь хүсэлт гаргаад тухайн дүүрэгт хэн гэр оронгүй, архинд донтсон, хүчирхийлэлд өртөж, эсвэл хүчирхийлэл үйлдэж байна, тэр бүгдийг энэ хоргодох байранд аваачиж хашаад эмнэлгийн тусламж үзүүлэх нэгэнд нь үзүүлж, эмчилэх нэгийг нь эмчилж, ажил хөдөлмөр хийлгэхийгээ ч гэсэн хийлгэдэг байх хэрэгтэй шүү дээ. Тэгж байж энэ нийгэм маань илүү амар тайван, сайн сайхан болно оо доо.
s
Угаасаа л аль ч нийгэм, улс үндэстэн, соёл иргэншилд асуудал дандаа л байдаг. Архидалт ч гэсэн бидний хувьд асуудал мөн. Тэр асуудлаа нэг нэгээнр нь тал талаас нь барьж аваад шийдэхийн оронд бие бие рүүгээ шидлээд суугаад байвал яаж урагшилж дэвжих вэ дээ. Тийм учраас эрүүлжүүлэхийг эмнэлгийн байгууллагад нь шилжүүлсэн нь зөв. Харин Эрүүл мэндийн салбар өөрөө үүн дээр ямар менежмент хийж, хэнтэй яаж хуваалцахаа дахиад л бодох ёстой шүү дээ.
Б.Сэмүүн
Эх сурвалж: news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ