Даллага авахуулах ёсон

img

Даллага авах ёс нь буян хишиг урьж ирүүлэх бэлгэдлийн зан үйл юм. Өөрөөр хэлбэл энэ нь тусгай загвараар урлаж хийсэн уут буюу модон хайрцагт таван тарианы үр, боов чихрийн зүйл, элдэв эрдэнэс алт, мөнгө болон торго дурданын өөдөс хийсэн байдаг бөгөөд цоожтой саванд түүнийгээ ихэд нандигнан хадгалж, гагцхүү даллага авахуулах үедээ л гаргаж далладаг заншилтай аж.

Даллагын сав

Энэ Монголын ихэнх нутагт шар торгоор бүрж, улаан торгоор амсарласан буюу улаан торгоор бүрж шар торгоор амсарласан уут байдаг бол харин баруун Монголд голдуу хайрцаг байдаг бөгөөд түүний таг дээр эрдэнийн зүйлээр бөөлжиж буй хулганын, дөрвөн талд нь найман тахилын зурагтай, доошоо шувтандуу хэлбэртэй, тэгш ёроолтой байна. Харин энэхүү хайрцгийн тагны нэг талд даллагынхаа сумыг хатгах нүхтэй байдаг ажгуу.

Даллага авахуулах

Энэ нь аливаа хүссэн бүхий зүйлээ (урин) хурайлж, нас буянаа арвижуулах бэлгэдэл, бишрэлийн зан үйл гүйцэтгэх Монголын ёс заншил юм. Монголд Алтангэрэлийн, Намсрайн, Дарь-Эхийн гэх мэт олон янзын даллага авахуулдаг уламжлалтай бөгөөд үүнийгээ голдуу хавар, намрын цагт гэртээ лам залж авахуулдаг.

Даллага авахуулах үедээ бүх малаа хотондоо хурааж, ламыг номоо уншиж байх хооронд гэрийн эзэн даллагын сумаа барин гарч мориндоо мордон хотоо нар зөв гурав эргээд орж ирэхэд даллагын лам түүнээс "Буян хишгээ сайн хурааж ирэв үү?" хэмээн асуухад, "сайн хурааж ирлээ" гэж хариулна.

Ламыг даллагын уншлагаа дуусмагц гэрт байгаа бүх хүмүүс малгайгаа өмсөн гэрийн эзэн даллагын уут саваа барьж буян хишгээ арвижуулахыг бэлгэдэн дуудаж хурайлахад нийтээрээ "хурай, хурай, хурай" гэнэ. Ингэсний дараа гэрийн эзэгтэй галдаа шар тос өргөж, бурхандаа идээ будааныхаа дээжийг тавиад, ламд цай идээгээ барих ба нийтээрээ ууж идэцгээгээд малаа буян хишгийнхээ зүгт зална. Ийнхүү даллага авснаас хойш гурав хоног юм гаргахгүй буюу мал худалдаж наймаалдаггүй заншилтай байсан билээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ