“Улсын шилдэг хоршоо”-д тодорлоо
“Улсын шилдэг хоршоо”-г шалгаруулах арга хэмжээ өчигдөр Аж үйлдвэрийн яаманд боллоо. Тус арга хэмжээнд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн болон хоршоодын төлөөлөл холбогдох албаны хүмүүс оролцов.
ы
Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа хоршоодын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, урам хайрлах, туршлагыг нь хуваалцаж, бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор Засгийн газрын 2013 оны 221 дүгээр тогтоолоор “Улсын шилдэг хоршоо”-г шалгаруулах журмыг батлуулсан. Улмаар 100-аас дээш гишүүнчлэлтэй хоршоод сум бүрт байгуулагдаж, хоршоолох хөдөлгөөн идэвхжиж, хоршооны гишүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
ы
Тиймээс ч жил бүр уламжлал болгон шилдэг хоршоодыг шалгаруулсаар ирсэн аж. Тэгвэл Хөхөгчин хонь жилийн босгон дээр 2014 оны "Улсын шилдэг хоршоо”-дыг шалгаруулж урамшууллаа. Хоршооллын хөдөлгөөний 21 дүгээр зуунд баримтлах үндсэн долоон зарчмын хэрэгжилтийг хангаж, хоршооны тогтвортой хөгжлийг бүрдүүлж, амжилт гарган бусдыгаа хошуучлан ажилласан Архангай аймгийн “Өгийн мандал”, Өмнөговь аймгийн “Хийморь далай”, Ховд аймгийн “Тунгалаг уст шураг”, Дундговь аймгийн “Амьдралын туг”, Дорнод аймгийн “Ноён даамал” хоршоод шалгарсан юм. Шалгарсан хоршоодод Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа.
ы
Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар 3200 гаруй хоршоо бүртгэгджээ. Эдгээр нь 21 аймагт 200 мянган гишүүнчлэлтэй, 60 гаруй мянган хүнийг байнгын ажлын байраар хангаж байна. Хоршоог дэмжих төвүүд 21 аймагт байгуулагдаж, “Монголын хоршоодын үндэсний нэгдсэн холбоо” мэргэжлийн таван холбооны хамт ХАА, Үйлдвэрлэл, үйлчилгээ, хадгаламж зээл, худалдаа, ахуйн үйлчилгээний салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
ы
Д.Нямхүү: Хоршоодын салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэж байна
/Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/
ы
Ардчиллын сургууль хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг хоршоолох хөдөлгөөнийг Монгол Улсад түгээн дэлгэрүүлж, ажлын байр нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм хүндэт хоршоологчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Дэлхий дахинд хоршооллын хөдөлгөөн улам идэвхжиж, үндэстэн дамнасан корпорациудтай харьцуулахад бага хэмжээний хөрөнгө эзэмшдэг хэдий ч тэдэнтэй харьцуулахад хавьгүй олон хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна. Тодруулбал, дэлхий дахинд хоршоологчид 100 гаруй сая ажлын байрыг бий болгож, зургаан хүн тутмын нэг нь хоршооллын гишүүн, хоёр хүн тутмын нэг нь хоршооллын үр шимийг ямар нэгэн байдлаар хүртжээ. Сайн дурын үндсэн дээр олон улсын нийтлэг жишгийн дагуу Монгол Улсад сүүлийн 20 гаруй жилийн турш хоршоолол хөгжиж байна. Хоршоог хөгжүүлэх нь манай улс шиг хүн ам цөөнтэй, өргөн уудам газар нутагтай, хөгжиж байгаа оронд богино хугацаанд эдийн засгийн үр ашигтай ажиллаж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хамгийн оновчтой хувилбар юм. Хоршоо нь бизнес эрхлэх хамгийн таатай, сонгодог хэлбэр байх болно.
ы
Г.Хандсүрэн: Иргэн төдийгүй орон нутагтаа хөрөнгө оруулалт хийж байгаа нь сайшаалтай
/“Ноён даамал” хоршооны гишүүн/
ы
Би Дорнод аймгийн Баян-Уул сумын “Ноён даамал” хоршоог төлөөлж ирсэн. Манай хоршоонд одоогийн байдлаар 200 гаруй хүн гишүүнчлэлтэй байдаг. Орон нутагтаа үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэж ажилладаг. Сум, орон нутагтаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа хоршоо бол “Ноён даамал”. Иргэдийн амжиргааг дээшлүүлж, тухайн орон нутагт эдийн засгийн үр өгөөжтэй байдаг. Миний хувьд хуримтлал үүсгэж, хоршоолж ажиллах нь илүү үр дүнтэй юм гэж бодож гишүүнээр элсч байсан. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрсөн байна. Цаашид хоршоодын үйл ажиллагаа улам хөгжин, тэлнэ гэдэгт итгэлтэй байдаг.
ы
Ж.Тувааннайдан: Говийн гурван аймгийг хадлан, тэжээлээр хангадаг
/Дундговь аймгийн “Амьдралын туг” хоршооны дарга/
ы
Би хоршооллын хөдөлгөөнтэй амьдралаа холбоод 45 жил болж байгаа ахмад хоршоологчдын нэг. Социализмын үед нэгдэл гэж байсан шүү дээ. Энэ бол хоршооллын байгууллагын эхлэл байсан гэж боддог. Хоршоо удирдаж ажиллаад 19 жил болж байна. Говийн нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг, 6000-7000 толгой малтай, хадлан бэлтгэдэг хоршоолол. Хүмүүс говийн нөхцөлд хадлан бэлтгэнэ гэхээр их гайхаж хүлээж авдаг юм. Говийн гурван аймгийг хадлангаар хангаж байна. Дээрх аймгуудын улсын нөөцийн санд тодорхой гэрээний дагуу өвс нийлүүлж, малын тэжээл үйлдвэрлэдэг. Түүнчлэн ШТС, ресторан, зочид буудал зэрэг нийтийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Манай хоршооны үйл ажиллагааг төрөөс үнэлж, 2014 оны Монгол Улсын шилдэг хоршоогоор тодруулсанд баяртай байна. Тиймээс говийн нөхцөлд хоршоог амжилттай удирдаж, хамтын аж ахуй болгоход урам, зориг нэмсэн сайхан үйл явдал боллоо.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ