Нас чацуутнууд түрүүлж, гэр бүлтэй болсонтойгоо хүндэтгэн золгоно
Шинийн нэгний өглөө хувхай хоосон хэмээх модон хохимой өдөр тул түүнийг элбэг дэлбэг болгохын тулд идээ цагааг арвин бэлдэн, сэтгэл санааны ариунаар их билэг дэмбэрэлтэй өдөр болгодог.
а
Энэ нь жилийн явцад ийм өдөр тохиосон ч түүний хорлолд өртөхгүй байх учиртай гэсэн дом юм. Монголчууд ургаж буй нар, тэргэлж буй сар, дэлгэрч буй цэцэг, ирж буй шувуудыг харах нь хийморлог зүйл хэмээн үздэг.
а
Билгийн улирлын цагаан сарын шинийн нэгний өглөө алганы хээ харагдах төдий гэгээтэй байхад босдог аж. Өрхөө татаж цайгаа чанана. Цайлахаас өмнө битүү чанасан толгойг эхнэр, нөхөр хоёр эрүүг нь зааж, Бүх юм дэлгэрлээ Битүү юм нээгдлээ Буур жил гарлаа Ботгон жил орлоо гэж бурхандаа тавина. Иймийн учир эхнэр нөхөр хоёр нэг амьтай гэж бэлгэдэн хоорондоо золгодоггүй жамтай. Үүний дараа гэрийн эзэн уул ус, газар дэлхийгээ сүслэн овоон дээр гарч, зүгийн муу зүүн хойд зүгийг алгасан залбирдаг байна.
а
Гэрийн эзэн гэртээ ирж үр хүүхэд, гэр бүлтэйгээ золгоцгоодог. Нар гарах үед ахмад, буурлууддаа золгодог. Золгоход учир бий. Золгохдоо хадаг барьж золгодог бөгөөд энэ нь ч бас өөрийн ёс жаягтай. Хадаг баранзад, нанзад, вандан, соном, даш гээд олон янз ба голдуу хүний дүрстэй Аюуш хадгаар золгодог. Хадаг авсан хүн онцгойлон нандигнаж эвхээд хүндтэй газар тавина. Ахмад настны тохойноос дээш дэмнэсхийн өргөж золгодог нь биеийн хэлээр сэтгэлээсээ хүндэтгэж буйг илэрхийлдэг.
а
Харин ахмадууд алгаа дээш нь харуулан тэнийлгэж золгох учиртай гэнэ. Энэ нь нас буян, аз жаргалыг харамгүй ерөөж байгааг илархийлдэг байна. Золгохдоо хадагныхаа амыг хүндэтгэж буй хүнрүүгээ харуулан алганд нь дүүргэж тавьна. Золгох ёсны талаар цухас дурьдъя. Ахмад настантай гэрт нь золговол үүдэн талаас, хээр хөдөө тааралдаж золговол гол усны урсгалын доод талаас нь очиж золгодог.
а
Хэрвээ нас чацуу хоёр хүн золговол гэр бүл үр хүүхэдтэй болсоныгоо хүндэтгэж золгоно. Золгосоны дараагаар улиран одож буй жилийнхээ өнгийг хэлэлцэж “Даага далантай Бяруу булчинтай Төлөг сүүлтэй Тором бөхтэй Өнөд тарган Өег цатгалан сайхан шинэлж байна уу” гэж мэндэлдэг.
а
-Шинийн нэгний өдөр айлд хоновол дараагийн жил гартал айлаар хоноглодог хэмээдэг байна-
а
Сар шинийн өдрүүдэд хамгийн их тэвчиж, цээрлүүштэй нь уур, шунал, мунхаг гурав гэдэг. Мөн үйл хийх, хуучин хувцас хунар оёж шидэхийг цээрлэдэг байна. Архи ууж, хөлчүүрхэж агсам согтуу тавих, шинэ сарын идээ будаанд эзний зөвшөөрөлгүй, өөрөөр хэлбэл, “За идээ будаа зоогло” гэж хэлэхээс өмнө идээ будаанд хүрэх, самардах зэргийг цээрлэдэг байна.
а
Монголчууд хэзээнээс нааш сар шинийн баяраар юм нүдэх дуу чимээ гаргах ус түлээ базаахыг цээрлэдэг. Ялангуяа шинийн гуравны дотор усанд явбал нагац нь гэмд, унах буюу цөв болно. Уйлах, муудалцаж хэрэлдвэл тэр жилдээ хэрүүл шуугиан тасардаггүй гэдэг. Мөн шинийн нэгний өдөр айлд хоновол дараагийн жил гартал айлаар хоноглодог хэмээдэг байна. Айлчин гийчнийхээ өмнөөс гарч явах, шинийн нэгэнд үнс хогоо гаргах нь ч зохисгүй аж. Сар шинийн өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж.
а
Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг цээрлэж долоон бурхан одонд цацал өргөдөг байна. Эдгээрээс битүүний өдөр. Битүүний өдөр амьтны амь хороох, хоолоо дутуу идэж зажлан гадагш гарах, мал сүргээ хээр хонуулах, цатгалан бус хонох, нялх хүүхдийг нэрээр нь дуудах, хувцас, хоосон хувин, сав гадаа хонуулахыг цээрлэдэг.
а
Хэрэв хоосон сав суулгыг гадаа хонуулах шаардлагатай бол хөмөрч тавина. Мөн хар ус асгах хэт их согтохыг ч цээрлэдэг .
Шинийн долоонд ах, дүү амраг садныдаа зочлохыг цээрлэдэг байна. Учир нь энэ өдрийг хар өдөр хэмээдэг аж. Харин долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ