Хийморь далласан бүтээлийн урлан
Бидний зөвхөн өөрсдөө бүтээж чадаж буй зүйл их олноор тоологдохгүй. Тэдний нэг бол морин хуур. Эрт дээр цаг, эцэг өвгийн үеэсээ нарс мод, малын шир, адууны хялгасаа ашиглан, өөрсдийн гараар бүтээсэн. Хялгасыг хялгасаар хөрөөдөхөд аялгуу, эгшиг уянгалах хөгжим монголчуудын морин хуураас өөр хорвоод үгүй. Бидний өвлөн уламжилж ирсэн, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой соёлын үнэт өв. Энэхүү үүргийг хичээнгүйлэн биелүүлж, морин хуур урлалд, хуур урлаачдыг бэлтгэхэд сэтгэл зүрхээ зориулан яваа эрхмүүдийн нэг нь мастер урлаач Б.Энхболд.
1
Бид түүнтэй уулзахаар түүний шавь Б.Баярсайханы “Pegasus” урланг зорилоо. 1000 оюутны байрны хажууханд байрлах, морин хуур урладаг, зааж сургадаг, зарж борлуулдаг урлангийн хоёрдугаар давхарт гарахад манай сурвалжлагын баатар, морин хуурч, хөгжим урлаач Б.Баярсайхан, АЖ морин хуурч Ч.Батсайхан нарын хамт тоссон. Тэрбээр урлангийн урлаачдад зааж, зөвлөөд байж буй нь энэ аж. Бидний яриа түүнийг морин хуур урласан цагаас эхлээд цааш өрнөсөн юм.
1
2002, 2014 оны шилдэг морин хуур урлаач, мастер Б.Энхболд армид танкийн ангид офицер байжээ. Гэвч цомхтголд орж ажлаасаа чөлөөлөгдсөн нь түүний морин хуур урлаач болох их үйлийн эхлэл болсон байна. Яг тэр үед нь Улсын хөгжмийн үйлдвэр өргөжиж, гарын дүйтэй шинэ хүмүүсийг шалгаруулан авч байжээ. Багадаа зураг зурах сонирхолтой, гоё зурдаг хүүхэд асан ч тоглох хүслээ дагаад зургийн дугуйлангаа орхисон, гартаа дүйтэй Б.Энхболд очиж шалгуулаад тэнцсэн аж. Тэрбээр энэ тухайгаа “Армиас халагдаад гэнэтхэн юм хиймээр санагдаад, хорхой хөдлөөд байдаг болсон. Тэгээд зун хоёр сар ажилгүй зусланд байхдаа мэс заслын хутгаар ширээтэй монгол шатар хийсэн. Манай эхнэр Цэргийн госпиталд сувилагч байсан болохоор тэр хавиас л нэг хутга олж авсан байх. Хутгаа ч зөв ирлэж чадахгүй хүн мод зороод, шатар хийж билээ. Инээдтэй” хэмээн хүүрнэх.
1
Б.Энхболд хөгжмийн үйлдвэрт орохдоо МУСТА н.Баатар урлаачийн шавь болжээ. Тухайн үеийн үйлдвэрийн шинэ ажилчдын уламжлалыг дагаж өөртөө зориулан анхны хуураа хийсэн нь хуур урлаачдаас төдийгүй алдарт хуурч Г.Жамъян гуайгаас урмын үг, магтаал хүртэж байсан гоё үнэлэмж, сайхан дурсамжаа сэргээн, онцолж байсан юм. Анхны уран бүтээлийг нь сонирхох хүмүүс ихсэж, олны “нүд унаад” байхаар нь зарчихсан гэдэг.
1
27 дахь жилдээ хуур урлаж буй тэрбээр морин хуур тоглож чаддаггүй. Найзууд минь сайн хуурчид болохоор миний хуурыг тоглоод зөвлөгөө өгчихдөг. Ингэж, тэгж дуугарч байна гээд намайг загнадаг. Нэг удаа би хуур сурдаг юм уу гэтэл “Энхболдоо чи одоо хэрэггүй. Ингээд байдгаараа л байж бай” гэсэн. Тэгэхээр нь сонирхохоо ч байсан гэж ярьсан.
1
Ийнхүү биднийг ярилцах зуур цахилгаан багажны дуу хажуугийн өрөөнөөс сонсогдож, энэ чимээ тасралтгүй үргэлжлэх нь хуурын урлал саадгүй үргэлжилж буйг илтгэнэ. Мастер Б.Энхболдоос та хийсэн хуураа тоолж үзсэн үү гэж асуухад “Би хийсэн хуураа тоолдоггүй. Харин тайзан дээр дуугарч буй хуурнуудаараа багцаа авдаг. Нэг их олон хуур урлаагүй дээ. Ер нь хөгжмийн зэмсэг урлахад амархан юм нэг ч байхгүй. “Хэрэв нэг амархан юм байвал тэр чанаргүйн шинж. Нэг жижигхэн зүйл ч хариуцлага шаарддаг. Үл ялиг юмнаас болж нэг ширхэг хялгас сул татагдах л юм бол бүх юм болохоо байна шүү дээ” хэмээн хариулах нь бодит чанар, шударга хөдөлмөрийг эрхэмлэдгийг нь харуулна.
1
Энэ урлаачийн хуурыг манай шилдэг хөгжимчид эгшиглүүлж, монгол урлагаа дэлхийн тайзан дээр сурталчилсаар буй. Түүний хэлснээр хөгжмийн зэмсэг урлаачид 6-8 мэдрэхүй хэрэгтэй санагддаг гэсэн. Тэрбээр хамгийн их ажиллагаатай бүтээсэн хоёр хуурынхаа нэгийг дүүдээ өгсөн бол нөгөө нь гавьяат жүжигчин н.Идэрбатын хуур аж.
1
Морин хуурын жишиг дуугаралтыг тогтоомоор санагддаг
1
-Та хуур дуугарч л байх ёстой гэц онцлоод байх юм. Дуугарахгүй тохиолдол байх уу?
-Тиймээ. Ганц, хоёр жижигхээн зүйл алдахад л хуур дуугүй болчихдог. Миний хуур дуугарахгүй байсан тохиолдол зөндөө бий. Алдаагаа олох гэж задлаад бүр балласан явдал ч гарч байлаа.
1
-Тэгэхээр хөгжим амьдардаг гэсэн үг үү?
-Чиний хэлснээр хөгжим амьд болно гэсэн үг юм даа. Нэг ёсондоо бид хуурыг төрүүлж, харин хуурчид өсгөж бойжуулдаг. Сайн хуурчид морин хуурыг их сайхан дуутай болгочихдог. Хуурын хэл орно гэж ярьдаг шүү дээ. Урлаад дууссан хуурын модон цар, хялгасан утас гээд бүгд бие биедээ авцалдаж нэгдээгүй байдаг. Тэгээд тоглох тусам бүх юм нэг цул болж, хөгжим хэл орно гэсэн үг. Мундаг хөгжимчин сайн хэл оруулна. Жаахан туршлага муутай хуурчид хууртайгаа ноцолдож, дууг нь бүрэн гаргаж өгөхгүй байсаар дуугүй болгочихдог. Тэр хуур амьдралгүй болчихлоо шүү дээ. Дуугарахгүй юм чинь.
1
-Морин хуур урлаачид цуглаж, морин хуурын стандартыг тогтоосон. Одоо тэрүүгээр урлаж байгаа байх аа.
-Одоогоос 4-5 жилийн өмнө урлаачид цуглаж морин хуурын стандартыг тогтоосон. Энэ нь морин хуурын хөгжилд чухал. Гэхдээ энэ стандарт бол морин хуурын хайрцаг, ишний хэмжээг зааж байгаа юм. Нэг хэмжээтэй байх нь олон талаараа хэрэгтэй. Морины толгойн хийц, загварын хувьд биш. Угаасаа морин толгойг нэг хэвэнд оруулах цаг хугацаа ч болоогүй. Морь ямар ч байж болно.
1
-Та мориноос өөр толгойтой хуур урлаж байв уу?
-Морин толгойноос өөр толгойтой хуур хийж байгаагүй. Харин морин толгойныхоо хэлбэр, загварыг өөрчилж, янз бүрээр хийх дуртай.
1
-Энэ хананд ширэн цартай морин хуур өлгөөтэй харагдаж байна. Та хийж байна уу?
-Би хийх нь хийнэ ээ. Тоглоочийн захиалгаар. Одоо манай шавь нар ширэн цартай хуур хийж байна. Модон цартайгаас ажиллагааны хувьд арай хялбар ч бас л нарийн ур шаардана. Харахад энгийн юм шиг. Ер нь эгэл юм чинь хамгийн нарийн байдаг шүү дээ.
1
-Морин хуурын чавхдасыг сатуркан утсаар хийх, адууны сүүлээр урлах нь ямар ялгаатай юм бэ. Бас ямар модоор урлаж байна.
-Морин хуурыг янз янзын модоор хийнэ. Гаднаас орж ирж байгаа хийлийн модоор хийж болдог. Манай монголын нарс, гацуур, хус мод байна. Чавхдасыг хөгжмийн сатуркан утсаар хийж байгаа. Гадаадад, дотоодод явахад уур амьсгалын өөрчлөлтөд сунахгүй, дэвшилттэй юм. Дуугаралтын хувьд хялгасыг гүйцэхгүй. Хялгасны гоё зөөлөн авиануудыг гаргахгүй жаахан яхирдуу дуутай байдаг. Гэхдээ яахав таараад байгаа учраас тэрүүгээр хийгээд явж байна. Ер нь бол манай хөгжмийн зэмсгийн гол онцлог нь чавхдас буюу тэр багц утсанд л байгаа юм шүү дээ. Багц утсыг, багц утсаар хөрөөдөн дуугаргаж байгаад л буй байхгүй юу.
1
-Олон шавьтай биз. Таны хүүхдүүдээс залгамжлах хүн байна уу?
-Шавь нараа бас тоолдоггүй. Морин хуур, хөгжмийн зэмсэг урлаад тодорхой амжилттай явж байгаа шавь нар байна. Мөн хуурын ертөнцөд орон зайгаа эзлээд байгаа хүмүүс ч бий. Хүүхдүүдээс гэвэл манай дундах хүү хуур хийх гээд байгаа ч юм уу, яах гээд байгаа юм нэг юм оролдоод л байх шиг байна. Миний шавийн шавь болсон юм. Ямархуу амжилтад хүрэх юм бүү мэд. Уг нь залгамжлаад явбал болж л байна даа. Хамгийн гол нь түүний хичээл зүтгэлээс л шалтгаална.
1
-Таны зүгээс шүүмжлэлтэй хандмаар, цаашид анхаармаар зүйл юу байдаг вэ?
-Морин хуур урлаа гэдэг бол хүндэтгэлтэй мэргэжил. Залуучууд тодорхой хэмжээгээр сонирхож байна. Морин хуурч, хөгжмийн зохиолч, урлаач өөрсдийн хэмжээнд морин хуураа хөгжүүлж, хөгжүүлэхийг хичээж явна. Зах зээлийн хэцүү цагт төс засгаас юм өгөөч гэж гуйсангүй. Өөрийнхөөрөө зүтгэсээр өдийг хүртэл явж байна. Ийм байтал шүүмжлэлтэй хандах гэдэг бол хэцүү. Харин анхаармаар зүйл нэг бий. Би морин хуурын дуугаралтыг өөр тийшээ хазайх вий. Өнгө тембр нь ийш тийшээ явчих вий гэж айж байгаа. Манай хүүхдүүд гадаадын сонгодгуудыг тоглож, тэр рүү дөхүүлэх гээд байх шиг байна. Энэ шаардлага бол зөв. Тэр сонгодгуудыг манай хуур бололцоогоороо сайн тоглох ёстой. Бид нар ч толгойгоо сайн ажиллуулж, морин хуурынхаа чадал, чадварыг нэмэх хэрэгтэй. Тэгэхээр бид хуурын үндсэн өнгө, тембрээ алдахгүйн тулд “Морин хуурын жишиг дуугаралт”-ыг тогтоомоор байгаа юм. Морин хуурын хийц биш зөвхөн “Монголын морин хуур ингэж дуугарна шүү” гэдгийг л гаргаж өгмөөр санагддаг.
1
Түүнээс хамгийн хамгийн өндөр үнээр ямар хуур зарж байв гэж асуутал “Надаас хуур авч буй нь тоглоочид байдаг. ХБК-ийн сурагч, аав, ээжийнхээ мөнгөөр морин хуур авахуулж байгаа хүүхдэд би үнэрхээд юугаа хийхэв дээ. Хийсэн хуурнууд минь тоглоочдод очиж, дандаа “амьдарч” байдагт баяртай байдаг. Миний гол зорилго бол бүтээсэн морин хуур минь тайзан дээр дуугарч байх. Тэрнээс нэг баян айлын хананд үзмэр болоод өлгөөтэй байвал ямар хэрэг байх вэ. Би ийм л зурагтай юм шиг байгаа юм” гэж хариулсан.
1
Над шиг хүндэтгэл авсан урлаач байхгүй
1
Б.Энхболд мастер шавь нарынхаа урланд цахилгаан багажаар материалаа бэлтгүүлж аваад, гэртээ хуураа урладаг аж. Улсын хөгжмийн үйлдвэрт шанз урлаачаар орж байсан тэрбээр утсан хөгжмүүдийг хийчихдэг гэсэн. 2002 онд Улсын урлаачдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн түүнд гэнэтийн бэлэг барьж, хүндэтгэл үзүүлсэн нь хамгийн сайхан шагнал байснаа сэтгэл дүүрэн дурсаж байлаа.
1
Энэ тухайгаа “Би чуулга дээр байж байтал Хөгжим ангийн дарга залуу намайг дуудлаа. Очсон чинь намайг хуурчийн суудал дээр суу гэж байна. Тэгтэл манай оркестор “Уран хас”-ын удиртгал хөгжмийг тоглоод эхлэнгүүт нь өөртөө зориулж буйг ойлгож билээ. Бүгд над руу хараад, инээгээд л тоглоход нь өөрийн эрхгүй нулимс гараад ирж билээ. Том цол авсан чуулгын уран бүтээлчдээ хүмүүст тэгж хүндэтгэл үзүүлдэг уламжлал байсан юм. Хөгжим урлаачдаас над шиг тийм хүндэтгэл авсан хүн байхгүй шүү. Надад их том шагнал байсан даа” гээд бахархангуй өгүүлсэн.
1
Мөн тэрбээр нэгэн удаа “хуурандаа хайртай” гэж хэлснээсээ болж гэргийгээ гомдоож байсныгаа ярьсан нь асуухаар зэхэж суусан та хуурууддаа хайртай юу гэх асуултыг минь хариулт тодрох шиг болсон.
Ийнхүү бид хийморь далласан уран бүтээлийн өргөөнөө саатаж, хорвоод ганцхан орших монгол үндэстний морин хуур хөгжмөө хөгжүүлэн бадраах, хүндэтгэн дээдлэх их үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулан, үнэн сэтгэлээр хөдөлмөрлөж яваа эрхмийг онцолсон юм.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ