Морин хуур, хийлтэй эн зэрэгцэх “миний мөрөөдөл”

img

Морин хуурынхаа яруу, тансаг аялгууг дэлхийн сонорт дуурсгаж, монгол үндэснийхээ шавхагдашгүй их өв соёлыг өвлөн уламжилж, ихийг хийж бүтээх хүсэл зориг, урмаар хөглөгдөн яваа залуу уран бүтээлчтэй ярилцлаа. Түүнийг “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог гэдэг. Энэ хүний тухай уншигч та бүхэн олныг мэдэхээс хойш илүүг нуршаад хэрэггүй биз ээ.

.

-Морин жилийн шилдэг есөн морин хуурчийн нэг боллоо. Баяр хүргэе.

-Баярлалаа. Энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Сая хамт шагнал авсан хүмүүсийн дунд багш минь байна. Мөн хуурыг минь урласан урлаач байлаа. Морин хуурын төлөө зүтгэж байгаа энэ хүмүүсийг үнэлж, энэхүү шагналыг гардуулж байгаад баяртай байна. Миний хувьд долоон настайдаа морин хуур хөгжимтэй танилцаж байсан. Тэр цагаас хойш энэ хөгжимдөө дурлаж, монголын морин хуурын хөгжлийн төлөө, дэлхийн тавцанд гаргахын төлөө жаахан ч гэсэн юм хийчих юм сан гэж, сэтгэл зүрхнээсээ бодож явдгийг, морин хуураа шүтэн хайрладгийг минь үнэлсэн байх гэж бодож байна.

1

-Морин хууртай танилцсан түүхийг сонсъё гэж бодлоо.

-Бололгүй яахав. Би ээжээсээ та надад даага аваад ирээч гэж гуйж байсан юм. Ээж маань их гайхаж байгаад за гэчихээд ажилдаа явсан. Өөрөө хөгжимчин хүн болохоор хүүгийнхээ юу хэлснийг ойлгосон юм байлгүй. Орой ажлаасаа ирэхдээ аваад ирсэн байсан. Ээжийн авчирсан ууттай хөгжмийг гаднаас тэмтрэхэд хөөрхөн морины толгой байна аа. Гаргаад ирсэн чинь морин хуур. Ингэж л би долоон настайдаа анх морин хууртай танилцаж байсан.

1

-Даага аваад ирээч гэсэн нь бас их учиртай л байж дээ.

-Би багаасаа л морин хуур тоглохыг мөрөөддөг хүүхэд байсан л даа. Бүр тайзан дээр ганцаараа хуурдаж байна гэж мөрөөддөг, зүүдэлдэг байсан. Миний хүсэл мөрөөдөл ээжээсээ даага өгөхийг хүсч, ээж минь морин хуур авчирч өгснөөр биеллээ олсон.

1

-Анхны багш нь ямар хүн байв. Морин хуураар аялгуу тоглож сурсан үеийг бол мартдаггүй байх.

-Хамгийн анхны багш гэвэл миний ээж. Ээж минь хуучирчин хүн байдаг юм. Морин хууртайгаа танилцаад байх үед ээж минь Монголын хүүхдийн ордны н.Хүрэлбаатар багштай танилцуулж, анх хөгжмөө бариад, хөрөөдөж байсныгаа огт мартдаггүй юм. Морин хуур тоглож сурахад суух сурах хамгийн чухал. Би анх “Булигаар хүрэн цүнх” гэдэг дууг тоглож сурч байсан. Ер нь бүх хүн л энэ аяыг эхэлж сурдаг /инээв/.

1

-Таны морин хуураар тоглосон “Аравт” монголын уран сайхны киноны хөгжмүүд их сонсголонтой, уран аялгуунууд байдаг. Клипний зураг авалтын шийдэл нь ч мөн адил.

1

-Гоё ч кино болсон. Хөгжим нь их сонирхолтой бүтсэн. Хөгжмийн зохиолч Чинбат ах маань энэ киноны хөгжмийн хийсэн шүү дээ. Бид скайпаар холбогдож, хоёр тивээс бүтсэн хөгжим. Чинбаа ах АНУ-д байсан. Ийм, ийм хөгжим байна, энэ хэсэг дээр ингэж ажиллая гэж ярилцаж байгаад Чинбаа ах Монголд буугаад л маргааш нь уулзаад хоёр цагийн дотор бичүүлээд дуусгасан. Гурван цаг үргэлжлэх 20 гаруй аялгуу байгаа. Тэр дундаас “Аравт”, “Харанхуйн гэгээ”, “Хөхтөмөр Өнөмөнхлэй” гээд дөрвөн аялгууг дүрсжүүлсэн. Клипний зураг авалт Төв аймагт явагдсан.

1

-Морин хуур цуглуулдаг нэлээн хэдэн хууртай гэж дуулсан. “Аравт”-ын клипэнд гардаг ясан хуур өөрийн чинь үү?

-Тиймээ. Миний хуур. Морин хуурт дуртай болохоор цуглуулдаг. Хүмүүс адуу мал, хөөргөнд мөнгө хайрладаггүй гэдэг. Харин би морин хуур авахдаа гар татдаггүй.  Надад 10 гаруй хуур бий. Шанаган хуур, хун хуур гэж байсан. Надад хун хуур нь байдаг. Мөн манай н.Жүгдэр гуайн 1985 онд урласан өвгөн хуур гээд сайхан хөгжим байгаа. Энэ хуур маань надтай чацуу /инээв/. Тэр хуураар ардын уламжлалт татлага, уртын дуу тоглоход гайхамшигтай байдаг. Ер нь янз, янзын хөгжим бий.

1

-Өвгөн хуурыг чинь худалдаж авъя гэвэл өгөх үү?

-Ер нь надаас ингэж асууж байгаагүй юм байна. Би хэдэн зуун саяар авъя гэсэн ч өгөхгүй байх. Өвгөн хуур бол надад хамгийн их дурсамжтай ирсэн хуур минь байгаа юм. н.Батгэрэл ах маань бэлэглэж байсан.

1

-Тэгвэл авахыг хүссэн морин хуур байгаа л биз дээ?

-Байсан. Гэхдээ тэр шагналыг нь өнөөдөр өгчих шиг боллоо. Энэхүү шагналыг дагалдаж боржигон хийцтэй, ширэн цартай орчин үед хөгжиж буй хуур хийлгэх эрхийн бичиг ирсэн. Би ийм хууртай болох юмсан гэж бодож байсан.

1

-Морин хуураас өөр зүйл цуглуулдаг уу?

-Өөр зүйл бараг байхгүй дээ. Би чинь хуураар л амьсгалдаг хүн. Яахав, гадны улс орнуудаар явахдаа хөргөгчний наалт авдаг. Сүүлдээ манай хөргөгч харагдахаа больчихоод байна. Гэхдээ энэ цуглуулганы зарим нь хаягдчихдаг, бас хүн сонирхоод байвал өгчихдөг юм.

1

-Одоо яриагаа арай өөр зүгт хандуулъя. Өөрөө тогоон дотор нь чанагдаад явж буй уран бүтээлчийн хувьд морин хуурыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд юу хэрэгтэй гэж хардаг вэ?

-Ийм зүйлийг хийгээсэй гэж боддог байсан зарим юм биелэлээ олоод байна. Манай морин хуурын хөгжил уулын оргил рүү гүйж байна. Маш хурдтайгаар гүйж байна гэж боддог. Энэхүү амжилт хуурчдын хийж, бүтээж байгаагаас харагдаж байна. Уран бүтээлч, морин хуурчдын маш сайн дэмжих хэрэгтэй. Тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байх хэрэгтэй.

1

-Морин хуур хөгжмийг дэлхийн тавцанд гаргах бол морин хуурч Д.Шинэцогийн гэгээн мөрөөдлүүдийн нэг байх.

-Тэгэлгүй яахав. Монгол үндэсний морин хуур хөгжмөө дэлхийн тавцанд гаргаж, алдарт төгөлдөр хуур, хийл хөгжмүүдтэй эн зэрэгцэхүйц байгаасай гэж хүсч мөрөөддөг. Монголын морин хуурыг хүн бүр мэддэг. Энэ зорилгодоо ч хүрнэ гэж боддог. Ирээдүйд олон амжилт намайг болоод манай морин хуурчдыг хүлээж байгаа.

1

-Энэ жилд ихийг амжуулж, цаашдын ажил үйлсээ төлөвлөсөн байх.

-Тиймээ. Морин жил сайхан, их хурдтай байлаа. Өөрийн анхны бие даасан “Морин хуур мину” тоглолтоо хийлээ. Япон улсын Хаан, хатан, ханхүүд зориулсан Токио хотын үндэсний их театрт  Домог хамтлагаараа тоглосон гээд олон зүйл амжилттай хийлээ. Цаашдаа бодож боловсруулсан, төлөвлөсөн ажил зөндөө байна.

Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

1

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

guest:
morin khuur suray geheer bariad avah oligtoi surah bichig gariin avlaga yur oldohgui um. mergejiliin surguuliudaaraa bol baidag l bh. buur olond tugeey olon niitiin bolgoy gevel olon niited zoriulsan gariin avlaga surah bichih nom tohimol ih heregtei um shig sanagdsan. gaduur harj baihad ganz 1 dvd hicheel haragdaj bn lee youtube deer ganz neg tutor video bh shig bn lee tgeel uur bariad avah um yur oldohgui um. tgheer ene taliin erdem shinjilgee sudalgaanii ajil ni orhigdood zovhon uran saihan tal ruu ih haraad bh shig bn daa. yapan bolon ovor-uud bol morin huuriig ih erchimtei olon hund zaaj surgah deer tal nileed dorvitoi ajillaj bh shig bn.
2015-02-21
gshsjj:
морин хуур морин хуураараа л байсан нь дээр .хийлтэй харьцуулаад хэрэггvйдээ.
2015-02-21