Үндэсний татварын алба ахмад настнаа дэмжин алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлнэ

img

Монгол Улсын Үндэсний татварын албаны түүхэн хөгжлийн цаг үед оюун ухаан, хүч хөдөлмөрөө харамгүй зориулан хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад буурлууд та бүхэндээ XII жарны цагаагчин төмөр туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярын мэндчилгээг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн мэндчилье.

Улиран одож буй “Тийн урвагч” хэмээх Төмөр бар жилд Үндэсний татварын алба “Татварын албадын үйл ажиллагааг сайжруулж, оюунлаг татварын албыг хөгжүүлэх” зорилт дэвшүүлэн, татвар төлөгчдөд үзүүлэх төрийн татварын үйлчилгээг нээлттэй, ил тод, хүнд суртал, чирэгдэлгүй хэрэгжүүлэн ажиллаж Татварын албаны 20 жилийн түүхэнд хамгийн их буюу 1.5 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн амжилт гарган ажиллалаа.

Энэхүү түүхэн амжилтад хүрсэн нь ахмад буурлууд та бүхний минь ажлын туршлага, үнэт сургаал, зөвлөмжийг татварын албаны хамт олон бид үлгэр дуурайлал, бахархал болгон хэрэгжүүлэн ажилласны үр дүн билээ.

Үндэсний татварын алба нь ахмад настнаа дэмжин Монгол Улсын ахмад насны нийгмийн хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлж Ахмадын хороо, Ахмадын санг байгуулан, ахмадуудыг “ТИНЗ” нийгэмлэгтэй хамтарсан сургалтад хамруулж, Татварын итгэмжлэгдсэн зөвлөхийн эрх олгож, татварын зөвлөгөө өгөх, татварын хууль тогтоомжийг сурталчлахад ахмадуудынхаа оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж байна. Цаашид ч ахмадуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлэх болно.

Ирж буй цагаагчин төмөр туулай жилд Монгол Улсад “Санхүү, эдийн засгийн албан үүсэн хөгжсөний 100 жилийн ой”, “Орчин цагийн Татварын алба байгуулагдсаны 20 жилийн ой”-г Татварын албаны түүхэн хөгжлийг бичилцэж, залуу халуун насныхаа шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулж ирсэн буянт буурлууд та бүхэнтэйгээ хамтдаа угтан, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулна.

Үе үеийн ахмад буурлууд та бүхэн минь цаг үргэлж Татварын байгууллагын хүндтэй зочид байх болно.

Буянт буурлууд та бүхэндээ ирж байгаа XII жарны цагаагчин төмөр туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж, урт удаан наслахыг хүсэн ерөөе!”

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ. Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ