"Чөлөөт хос" дахин тайзнаа
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Чөлөөт хос" хилэнт, инээдмийн жүжгээ дахин тайзнаа амилуулахаар болжээ. Зохиолч Дарио-Фогийн энэхүү зохиолыг УГЗ найруулагч Ч.Найдандорж УДЭТ-ын тайзнаа найруулан тавьсан.
б
Насанд хүрэгчдэд зориулсан энэхүү жүжгийн Антониягийн (эхнэр) дүрд жүжигчин Ц.Баясгалан, Эрэгтэйгийн (нөхөр) дүрд залуу жүжигчин Э.Тодгэрэл нар тоглосон бол Профессорийн (нууц амраг) дүрийг жүжигчин Б.Эрдэнэбаяр бүтээсэн.
ы
Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ. Тэрбээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна. Энэ үйл явдал хэрхэн өрнөхийг ирэх гуравдугаар сарын 1-12-ны өдрүүдэд орой бүр 21.00 цагаас тоглогдох "Чөлөөт хос" жүжгээс тольдоорой.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ