“Мөнгөөр тоглох” хориотой
Олон жил дуншиж,
нийгмийг талцуулан хүлээлт үүсгэн батлагдсан хуулийн нэг бол Өрийн удирдлага. Өнөөдрийг хүртэл манайд улсын өрийг
тусгайлан зохицуулсан нэгдмэл хууль эрхзүйн орчин байгаагүй. Зөвхөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд л тухайн
жилийн өрийн таазын хязгаараар
тогтоож байлаа. Гэхдээ
энэ хязгаарлалтад хамаардаггүй газрууд ч байдаг байв. Тухайлбал, төрийн өмчит үйлдвэрүүдийн их алдагдал, орон нутгийн бондын өр эцэстээ
татвар төлөгчдийн нуруун дээр л ирдэг. Түүнчлэн өмнөх Засгийн газар нь их хэмжээний өр үүсгэж дараагийн үедээ
“өвлүүлснээр”, улсад
дарамт учрах эрсдэлтэй. Харин өнөөдөр Өрийн удирдлагын тухай хууль батлагдсанаар
энэ бүх асуудал цэгцлэгдэж, улстөрчид төсвийн болон
төсвийн гадуурх мөнгийг үр ашиггүй зарцуулан “тоглодгийг” хуулиар хориглолоо.
Улстөрчид төдийгүй эдийн засагчдын дийлэнх нь “Өрийн удирдлагын тухай хууль зайлшгүй хэрэгтэй, цаг үе ч шаардаад байна. Хэрвээ энэ хууль батлагдвал манай улсын өр авлага ч цэгцэндээ орно” гэж үздэг. Харин өнөөдрийн Засгийн газарт улс төрийн намууд хамтрахдаа өрийг нэмж тавихгүй гэсэн улс төрийн тохироо, гэрээ хэлэлцлээ зөрчсөн гэж нөгөө хэсэг нь үзэж байгаа. Нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан өрийн таазыг нэмж, дээрээс нь Өрийн удирдлагын тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай болсныг эрх баригчид тайлбарласаар ирсэн. Намрын чуулган хаалтаа хийхийн өмнөхөн Өрийн удирдлагын тухай хуулийг баталж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах үүрэг хүлээсэн Засгийн газарт хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлж өглөө.
Засгийн газар гадаад өр үүсгэх замаар хөгжлийн бодлогыг дэмжихийн зэрэгцээ, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эдгээрийн зохимжит түвшин, харьцааг хадгалах замаар улс орноо хөгжүүлэх шаардлагад тулгуурлан Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд улсын нийт гадаад өр гэдэгт Засгийн газар, орон нутаг, Монголбанк, хувийн хэвшлүүдийн тавьсан өрийг хамруулжээ. Харин Засгийн газрын өрөнд Засгийн газрын гадаад, дотоод зээл, орон нутгийн зээл, гэрээгээр санхүүгийн төлбөрийн үүрэг хүлээж байгаа Засгийн газрын гэрээтэй өр төлбөрийг тусгасан байна.
Энэ онд өрийн босгыг ДНБ-ий 58.3 хувьд барихаар УИХ баталсан. Гэвч энэ нь Засгийн газрын эдийн засгийг хямралаас гаргах ажлыг хэрэгжүүлэхэд дөнгө болсон хэмээн улстөрчид үздэг. Тиймээс ч хаврын чуулганаар Засгийн газар энэ оны төсөвт дахин тодотгол хийхээр өргөн барих магадлалтай гэж зарим гишүүн үзэж байлаа. Харин Өрийн удирдлагын тухай хуульд өрийн таазыг дээрх хэмжээнд барих хязгаарыг заасан хэдий ч 1.3 их наяд төгрөгийн хөгжлийн зээл авах боломжийг Засгийн газарт олгон хуульчилсан байна. Ингэхдээ Засгийн газрын өрөнд төрийн өмчит компанийн өрийг хамруулахгүйгээр тооцон гаргасан боломж юм.
Өрийн удирдлагын тухай хуульд зааснаар Засгийн газар Төсвийн алдагдлыг, төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг,өрийг дахин санхүүжүүлэх эрх тус тус үүссэн. Мөн Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, улсын төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монголбанкны гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх эрхтэй юм.
Засгийн газар зээл авах, Засгийн газрын өрийн баталгааг гаргах асуудлаа УИХ-д оруулж хэлэлцүүлэх бол төрийн өмчит компани нь зээл авах асуудлаа Засгийн газарт, орон нутгийн өмчит компани нь зээл авах асуудлаа аймаг, сумын ИТХ-аар тус бүр хэлэлцүүлэхээр хуульчилсан байна. Түүнчлэн эрсдлээс сэргийлэх зорилгоор Засгийн газрын өрийн баталгааны санг байгуулахаар заалт ч оруулсан. Засгийн газрын өрийн үлдэгдлийг улирал тутамд, дунд хугацааны өрийн үйлчилгээний төсөөллийг жил бүр тооцоолж гаргах бол улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам гаргах юм байна.
Ийнхүү Өрийн удирдлагын тухай хуулийг Тогтвортой байдлын тухай хуультай уялдуулж, орлогоосоо хэтэрсэн зээл тавихгүйгээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Уг хууль хэрэгжсэнээр өр тавьсан үеэс төлөгдөж дуусах хүртэлх бүх харилцааг хуулиар зохицуулж өглөө. Харин одоо бид Өрийн удирдлагатай уялдуулан Хөгжлийн бодлогын хуулиа баталвал, сонгуульд өрсөлдөх улс төрийн хүчнүүд ч мөрөөдлийн жагсаалт мөрийн хөтөлбөртөө тусгаад байхгүй, улсын хөгжлийн бодлогын залгамжлан, тавьсан өр зээлийг ч зохистой зарцуулаад явах боломж бүрдэх билээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ