Монгол, Японы харилцаа хөгжлийн оргил үедээ орж байна
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
б
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзахдаа "Японы ард түмэн, Засгийн газар Монголын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь тууштай дэмжин тусалж ирснийг Монголын ард түмэн, төр, засаг өндөр үнэлж, чин сэтгэлээсээ талархаж хүндэтгэж байдгийг илэрхийлье. Ерөнхий сайд Ш.Абэ Таны дэвшүүлсэн “Эрч”, “Эрч нэмэх” санаачлагуудын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол өндөр гэж үнэлдэг. Энэ нь Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй. Хоёр улсын Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг УИХ соёрхон баталсан. Танай улсын парламент ч ойрын хугацаанд батална гэдэгт итгэлтэй байна" гэдгийг онцолсон юм.
б
Харин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито болон Хатан хаан Мичико нарт бараалхахдаа Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито Япон, Монгол хоёр орны харилцаа ойр дотно байдагт туйлын баяртай явдаг гээд саяхан хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн чухал хэлэлцээрийг Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага яаралтай ажил хэрэг болгож баталсанд талархаж буйгаа УИХ-ын даргад илэрхийллээ. Хоёр орны хооронд байгуулан Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан энэхүү хэлэлцээрийн үр дүнд манай хоёр улсын эдийн засгийн харилцаа улам хөгжих болно гэдэгт итгэж буйгаа Цог Жавхлант Эзэн Хаан онцлов.
б
Айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболдод Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны Ерөнхийлөгч Х.Ватанабэ бараалхахдаа "Монгол хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсанд баяртай байгаагаа дурдаад УИХ-ын даргын хэлсэн ажил хэрэгч саналуудыг судлан үзэж, хоёр талын бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахдаа баяртай байх болно"гэлээ. УИХ-ын даргад З.Энхболдод "Мицубиши" компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Металлын группийн Ашигт малтмалын хөрөнгө оруулалтын газрын захирал Канжи Нишиүра өнөөдөр бараалхав. Тэрээр УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч байгаад талархал илэрхийлээд "Мицубиши" компани “Улаанбаатар олон улсын нисэх онгоцны буудал”-ын төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаагаа дуулгав. УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хоёр орны харилцаа өргөжин хөгжиж буйд Японы хөрөнгө оруулагчид, компаниудын үүрэг их болохыг онцлоод шинэ “Улаанбаатарын олон улсын нисэх буудал” барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж байгаатай холбоотой асуудлаар зарим зүйлийг тодруулан асууж, санал солилцов.
б
“Улаанбаатарын олон улсын нисэх буудал”-ын төслийг зохих журмын дагуу, цаг хугацаандаа чанартай гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэдгийг тэрээр онцлоод "Мицубиши" корпораци цаашид ч олон мега төсөлд оролцож бусад худалдааны корпорацууд, Монголд хөрөнгө оруулахыг сонирхогч хувийн хэвшлийн бусад аж ахуйн нэгжийг манлайлан ажиллахыг хүсч буйгаа илэрхийллээ.
б
УИХ-ын даргын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр амжилттай өндөрлөв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ