Байцаалт, уучлал, баярын марштай өдрүүд

img

Хонин жилийн хаврын улс төр ширүүхэн эхэлж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Япон улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасныг мэдэгдсэн. Харин энэ долоо хоногт Ерөнхийлөгч Германыг зорилоо. Төрийн тэргүүнийг Германд айлчилсны дараагаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ч тус улсад айлчлах сурагтай.

.

УИХ-ын намрын чуулганаа завсарлуулахын өмнө стратегийн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулахаар Ашигт малтмалын тухай, Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан. Ингэснээр Гацууртын ордод үйл ажиллагаа явуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн билээ. Харин Гацууртын ордод үйл ажиллагаа явуулахад Ноён уулыг сүйтгэнэ гэж үзсэн иргэний хөдөлгөөний хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэн өлсгөлөн зарласнаар хонин жилийг угтав. Суулт өлсгөлөн зарлаад 13 дахь хоног дээрээ хуурай өлсгөлөнд шилжинэ хэмээн мэдэгдсэн тэмцэгчдийг төр хяналтандаа авч, хуулийн дагуу хүч хэрэглэн, албадан эмчилгээнд хамруулсан юм. Ноён уулыг аврах хөдөлгөөнийхний тэмцлийг нэг хэсэг нь улс төржилт, хэн нэгний гар хөл болж байгаа нөхөд хэмээн үзэж байгаа ч газар нутгаа хамгаалахаар тэмцэж байгааг зөвтгөн, тэмцэгчдийн иргэний зориг сайшаах бодол давхар тээцгээж байна лээ.

1

Өнгөрсөн долоо хоногт “Ноён уулын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлэг Иргэний танхимд болж, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, ШУА, “Сентура гоулд Монголиа” компанийн төлөөлөл зэрэг таван газрын төлөөлөл оролцож талууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Гацууртын ордод олборлолт явуулахаас бус Ноён ууланд хамаарахгүй, энэ нь тусдаа асуудал гэдгийг УИХ-ын дарга хэлж байсан. Мөн “Ноён уулын эргэн тойронд” хэлэлцүүлгийн үеэр ч энэ асуудал хөндөгдөж байлаа. Харин  Иргэний хөдөлгөөнийхөн “Гацууртын ордод олборлолт явуулбал Ноён уулын ойролцоох газар нутагт ч сөргөөр   нөлөөлнө.  Ноён уулыг ухуулахгүй” хэмээн мэдэгдсээр байсан юм.

1

“Монголоо бодсон уучлал”

1

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт зарим хүнд уучлал үзүүлсэн. Уучлалд татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком нар багтсан. Филиппин Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэддээ уучлал үзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байсан аж. Өөрийнхөө улсын иргэнд уучлал үзүүлэхийг бусад улсын Төрийн тэргүүнээс хүсдэг жишиг дэлхий нийтэд байдаг байна.

1

Төрийн тэргүүний энэ шийдвэр нийгэмд мөн л шуугиан дэгдээж, талцууллаа. Иргэддээ уучлал үзүүлээгүй, тэр байтугай байцаалтын явцад амь насаар нь хохироож байж, гадаадынхныг уучиллаа гэх зэргээр шүүмжлэл өрнөсөн бол нөгөө талд “Монголынхоо нэр төрийг бодсон ч, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах үүднээс ч уучлал үзүүлэх нь зөв, харин зайлсхийсэн татварыг нь бүрэн төлүүлэх хэрэгтэй” гэцгээж байв.  Ерөнхийлөгч ч гаргасан шийдвэрийнхээ талаар дуугүй өнгөрсөнгүй “Уучлал: Хүнд шийдвэр байлаа, Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу. Би Монголдоо хайртай” хэмээн байр сууриа олон нийтийн сүлжээгээр илэрхийлэв.

1

“Ноёд”-д харшилтай АТГ

1

Намрын чуулган өндөрлөсөн хэдий ч хаврын хавсрагатай зэрэгцэн улс төр ч үймээнтэй байна. Хонин жилийн зурхайд “ноёдод харшилтай” гэж буугаагүй байлтай.  Улстөрчид, намын дарга, уурхайн компанийн захирал гээд л ар араасаа АТГ-т дуудагдан, эрүүгийн хэрэг үүсгэгдэн байцаагдаж эхэллээ. АТГ гэхээр аймшгийн агуу шиг  сонсогддог болоод уджээ. Ер нь ч тэгээд сүүлийн жилүүдэд АТГ “ноёд”-той их тэмцэлдэх болсон.

1

МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирээд байна. Сар шинийн битүүний өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас шууд Бөхийн өргөөг зорьж, бөхийн барилдаан үзэж суусан Ерөнхийлөгчийн нүдийг орой дээр нь гаргасан. Ийнхүү Сар шинийн гэнэтийн зочин тэрбээр өнгөрсөн долоо хоногт АТГ-т дуудагдсан. Гэвч тэрбээр дуудсан цагт нь очоогүй, “ямар учраас байцаалт авах гэж байгаагаа надад мэдэгдээгүй. Би хууль зөрчөөгүй” гэх байр сууриа хэвлэлээр мэдэгдэж, намын ажлаа хийж, шинээр гишүүн элсүүлэн батлах гардуулах зэрэг ёслолын арга хэмжээнд оролцсоор явна. Дуудсан цагт очоогүй бол албадан баривчилдаг. Тиймээс ч тэр жил хүчний байгууллагынхан МАХН-ын даргыг гэртээ намын нөхдийнхөө хамт байхад нь “хөх оймсыг нь гозолзуулан” баривчлан авч явж байсан түүхтэй. Энэ удаа мөн зарлан хүлээж аваад дуудсан цагт очоогүй хэмээн өмнөх түүх давтагдах вий дээ гэж хөндлөнгийн хүмүүс болгоомжилсон үг ч унагаж байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тавантолгой”, Оюутолгой”, “Гацуурт”  ордтой холбоотой зүйл ярьсан нь байцаалт өгүүлэх үндэслэл болов уу гэж таамаглах нэгэн ч байсан. Ямар үндэслэлээр байцаалт авах гэж байгаа, өгөх гэж байгаагаа дуудсан, дуудагдсан хоёр хамгийн сайн мэдэж байгаа биз ээ.

1

АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа эрхмийн нэг бол Монгол Улсын экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Түүнээс өмнө АТГ-ынхан “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Я.Батсуурийг ажлын өрөөнөөс нь баривчлан саатуулсан гэх мэдээлэл түгсэн. Мөн Н.Алтанхуягийн хүргэн Н.Дэнзэнг хилээр оргон зайлсан гэх мэдээлэл түгээд байгаа. Харин экс Ерөнхий сайдыг Орон сууцжуулах 8 хувийн зээл, 888 төсөл, аймгуудыг нийслэлтэй холбосон авто зам, Нүүрс хөтөлбөр, Бумбардай хүүхдийн цуврал ном, Гудамж төсөл зэрэг өмнөх Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж. Тэрбээр Сар шинийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа  нам дамжсан бүлэглэл, хууль бус үйлдэлүүдтэй тэмцэхээ илэрхийлсэн. Тиймээс зарим эх сурвалж  өөрийнх нь хэлсэн үг шалгуулах үндэслэл болсон байж ч магадгүй гэж таамаглаж байгаа юм. Хэрвээ Н.Алтанхуяг шалгагдвал түүний араас танхимд нь ажиллаж байсан сайд, дарга нар ч дуудагдаж магадгүй гэх хүмүүс байсан. Экс Ерөнхий сайдыг эрүүгийн хэрэг үүсгэн байцаагдсан сургаар хулхи нь бууж, дороо нугдайх эрхмүүд байгаа биз. АТГ-ын байцаалт, зарлан нийгэмд их л олон таамаглал дэвшүүлэхэд хүргэжээ. АН, МАХН-ын хооронд байгуулсан урт хугацааны гэрээ ч урт хэл ам дагуулж, улс төрийн тохироо нь Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарыг АТГ-д дуудах үндэслэл болсон гэж үзэж хүмүүс ч байна.

1

Эх орончдын өдөр зөвхөн МАН-д хамаарах уу

1

Улс төрийн энэ их бужигнааны дундуур Цагаан сартай үргэлжлээд баяраа тэмдэглэсэн хүчин бол МАН. Жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг. Харин энэ өдрийг улс төрийн ууган хүчин МАН илүүтэй ач холбогдол өгөн тэмдэглэсээр ирсэн. Тиймээс ч зөвхөн МАН-ынхан эх орончид юм уу гэх шүүмжлэл гардаг. Ууган хүчин МАН-ын удирдлагууд уламжлал ёсоор их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, улс эх орныхоо төлөө халуун амь, бүлээ цусаа өгсөн хэмээн өнгөрсөн, одоо, ирээдүйг хамруулан дүгнэлт хийж, зорилтоо тодорхойлж, баярын марш эгшиглүүллээ. Баярын хурлаар шинэ гишүүнд намын батлахаа сарнай цэцгийн хамт өргөн барьдаг дэгтэй. Өнөөдөр ч ёслол давтагдлаа, цаашдаа ч үргэлжлэх биз. Эх орончдын өдрийг МАН-аас өрх тусгаарлан байгуулагдсан МАХН ч мөн тэмдэглэж харагдана лээ. Өнгөрсөн баасан гаригт МАХН-ын дарга Н.Энхбаяр шинээр элссэн гишүүддээ намын батлах гардуулсан. Угшил нэгт хоёр нам хоёр талд адилхан сценаритайгаар эл өдрийг тэмдэглэж байна. Маргаан дэгдээгээд байгаа Эх орончдын өдрийг тэмдэглэлт өдрөөс хасчихвал ямар вэ гэх хүмүүс ч байдаг. Уг нь гуравдугаар сарын нэгэн бол Монголын ууган улс төрийн хүчин үүсгэн байгуулагдсан өдөр. Өнөөдрийн бүх улс төрийн намууд энэ баярыг нийтээр тэмдэглэж болох ч өрсөлдөгч хүчний өрөөсгөл үзлээр ханддаг бололтой.

1

Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагатай больё

1

Төрсөн аав, хойд эх хоёрынхоо гарт тамлагдан, амиа алдсан дөрвөн настай бяцхан охины талаарх мэдээлэл нийгмийг цочроон хэрдхийлгэв. Бяцхан үрээ амнаасаа ч үг унаган тайлбарлахад хэцүүгээр тарчлаан зовоосон адгууснаас дор амьтдад зохих шийтгэлийг нь өгөхийг нийгэм шаардаж байна. Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон мянган иргэн нэгдэн, амиа алдсан бяцхан охины дурсгалыг хүндэтгэн төв талбайд зул өргөлөө. Хүүхэд бүр аав ээжийн хайр энхрийлэлд өсөн торниосой. Харин харгислал, хэрцгийлэлд хүүхдийг өртөхөөс нь өмнө хамгаалдаг Хүүхдийн төлөө байгууллага юу хийж байна вэ. Хүүхдийн төлөө байгууллагын удирдлагуудаас нийгмийн хариуцлага нэхмээр байна. Гэр бүл дэх хүчирхийллийн эсрэг дуудлага өгч, цагдаа, хүчний байгууллагынхан урьдчилан сэргийлэх нэг удаагийн арга хэмжээ авдаг ч,  гэр бүл, хүүхдийг хүчирхийллээс хамгаалж, урьдчилан сэргийлэхийн төлөө хороо, баг бүрт нийгмийн ажилтнууд ажиллаж байх ёстой бус уу. Хүүхдийн төлөө байгууллага гэж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, баяр ёслолын ажиллагаан дээр алга ташаад зогсож байх бус хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилсан сэргийлж, нийслэлийн 9 дүүрэг, 330 сум бүрт төлөөллөө томилон, хүүхэд бүрээ тоолж, бүртгэж, нүдний цөцгий мэт хамгаалж баймаар. Тиймээс ч өнөөдрийн Хүүхдийн төлөө үндэсний газрыг даргатай нь хамт багаар нь огцруулж, хууль эрхзүйн бодлогоо ч шинэчлэн найруулах хэрэгтэй. Өнөөдөр хүүхэд харгис хүчирхийлэлд өртөн амиа алдаж байна.

1

Ийнхүү хонин жилийн хаврын тэргүүн сар улс төр нь  үймээн бужигнаантай, нийгэм түгшүүртэй эхэлж байна.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zoro:
нам болгон баяртай байдаг энэ утагүй үзэгдгл хэзээ зогсох вээ шал утагүй асуудал шүү дээ
2015-03-02