Хүүхдийн амиар зугаацсан Монгол
Цасаар шуурсан жихүүн өдөр "Дүнжингарав" гэж сүржин нэрлэсэн хурдан морины уралдаан Эмээлтийн цаахна болов. Унасан унаа, өмссөн хувцаснаас нь харвал газар газрын баячууд цуглажээ, бодвол нөгөө алдар гавьяатай уяачид байх. Өөрсдөө ч сайхан зүйрсэн дээл өмсч, үстэй малгай духдуулсан нь даарах шинжгүй. Жаахан жихүүцвэл том хар машиндаа ороод суучихна, ажирна гэж байхгүй. Харин морь унаж буй хүүхэд... Ёстой л хүүхэддээ хайргүй монгол гэж хэлэхээс өөрцгүй. Зузаан гэж харагдах хувцсыг нь хаврын цасан шуурга нэвтэлж буй нь илэрхий. Морины уралдааны эхлэл буюу гараа бол ч гайхаад байх зүйлгүй, тун энгийн. Харин уралдааны зам бол үнэхээр аймшиг. Хүйтэн, цасан шуурга, шавар шавхай, халтиргаа. Дээр нь уралдаж буй морины тооноос хэд дахин олноороо давхилдах машинтнууд тоос татуулна. Морь унаж буй хүүхэд урдах хойдохоо харахын эцэсгүй тийм л орчин. Тэнд хүүхэд мориноосоо унаж бэртэнэ, нүүр амаа хайруулна, хөлдөөнө. Ингэсээр уралдааны зам дуусахад төгсгөл хэсэг бол эмгэнэл. Түрүүлсэн, айрагдсан, бариалсан хэсэгт нь бол баяр баясал байх. Гэвч түүнээс олон хүүхдэд томчуудын энэ зугаа цэнгэл зовлон болж буй. Нэг нь доголсон, явж ядсан морио хөтлөн сажилж байхад мориноосоо унаж бэртсэн нөгөөгийнх нь яс нь янгинаж, өвдөж зовно. Ингэж хүүхдийнхээ амиар дэнчин тавин зугаацагчид бол зөвхөн монголчууд. Хүүхэд амиа алдаж, насаараа хөгжлийн бэрхшээлтэн болж байхад ч зугаацсаар л байна.
өа
Дүнжингарав-2015 уралдааны үеэр нэг хүүхэд бэртэж, долоон хүүхэд мориноосоо унасан гэнэ. Азаар хүүхэд амиа алдаагүй бололтой. Бас Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод болсон “Жавхлант шарга" уралдааны үеэр 24 хүүхэд мориноосоо унасан байна. Тэдэнд тархины доргилт, цээжний битүү бэртэлтэй гэсэн онош тавигдаж. Өнгөрсөн онд Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан морины уралдааны үеэр 112 хүүхэд мориноосоо унаж, гэмтэж бэртсэн байх юм. Энэ бол ганцхан аймгийн тоо. 21 аймаг, 300 гаруй сум бүгд өвөл, зунгүй наадна. Дээр нь бүсийн уралдаанууд. Тэр бүхэнд хүүхэд унаж, бэртэнэ. Зөвхөн морины уралдаанаар жилд хичнээн хүүхдийг зүй бусаар энэ хорвоогоос явуулж буйгаа тунгаах цаг аль хэдийнэ болсон. Бас өчнөөн олон хүүхдийг насаараа өвчинд шаналсан тахир дутуу нэгэн болгож буйгаа ч бодох хэрэгтэй.
р
Газар газрын хурдыг тодруулдаг морины уралдааны хуваарийг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Тэр дунд хахир хатуу цагт хурдан морь хуралдуулахыг хориглосон ганц өгүүлбэр хавчуулахад л хангалттай байлаа. Гэвч хүүхдийн аминаас илүү гавьяатай, алдартай уяачдын сонирхол, зугаацал чухал байсан бололтой. Засгийн газраас хурдан морины уралдааны хуваарийг баталсны дараахан Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хаягласан нэгэн зөвлөмжийг хүргүүлсэн. Уг зөвлөмжид хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулах эрсдэлтэйг сануулж, уралдааны товыг өөрчлөхийг зөвлөсөн юм. Хүний эрхийн Үндэсний комисс уг зөвлөмждөө өнгөрсөн онуудад зохион байгуулсан улс, бүс, аймаг, сумын наадмаар хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал дахин давтагдсаар байгааг ч сануулсан байдаг. Бас хүүхдийн амиар зугаа цэнгэл хийдэг монголчуудын энэ асуудалд НҮБ-ын Хүүхдийн сан анхаарал хандуулж, албан ёсоор мэдэгдэл гаргаад буйг ч давхар дуулгажээ. Гэвч энэ зөвлөмжийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анзаарсангүй, морины уралдаан ч болдгоороо болж, нэг хэсэг нь зугаацаж, нөгөө хэсэг нь гэмтэж, нүүр амаа хөлдөөв. Монголын морин спорт уяачдын холбооноос Хүний эрхийн Үндэсний комисст өвөл, хаврын улиралд хүүхдүүдийн зузаан хувцасны гадуур өмсөх хамгаалалтын хувцас, хэрэгсэл, малгайтай болгосон гэсэн тайлбарыг өгдөг гэнэ. Гэвч тэр нь хүрэлцдэггүй гэдгийг комиссынхон тогтоож, хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, амь насаар тоглохоо болихыг сануулсаар л байгаа.
Морины уралдааныг үгүйсгэхгүй, бас бүрэн зогсоох тухай ч ярихгүй. Хэсэг бүлэг хүмүүс боож үхэхээс наагуур аашлах учраас үүнд яаравчлах хэрэггүй байх. Харин бяцхан үрсээ бага ч атугай хайрлая. Ингэхдээ хахир хатуу цагт хүүхдийн амь нас, эрүүл мэндээр зугаацдагаа л больчихъё. Зуны гурван сар, намрын эхэн сарууд хангалттай хугацаа. Морио уралдуулж баярлаж цэнгэж, хийморио сэргээхэд дулааны улирлын тав, зургаан сар багадахгүй. Тиймээс төр засаг нь шийдвэртэй нухацтай хандаж, уяачид нь хүүхэд, морио хайрлах сэтгэлтэй байя. Өвөл, хаврын жихүүн салхи, адгуус мал хүүхдийг хайрлахгүй. Харин ухамсарт хүмүүс нэгийг бодох биз ээ.
а
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ