Хүн чанарыг хуульчилъя
Хүүхэд гэдэг эцэг эхийн хайранд соёлсон үр. Ээж болсноо мэдсэн тэр л цагаас эх хүн халуун зүрхээ догдлуулж, бие сэтгэлээ чилээн байж үрээ төрүүлдэг. Хүрэхэд ч эмзэгхэн энхрийнхэн жаахан түүнийгээ харах бүр энэ орчлонд ээж гэж хэлүүлэх эрхэм алдрын эзэн болсондоо догдлон догдлон суудаг билээ. Үр хүүхдээ өдөр хоногоор өсч торнихыг харна гэдэг эмэгтэй хүний, эх хүний хамгийн жаргалтай мөч. Тиймдээ ч эх хүн бүр аминаас тасарсан амь болсон үр хүүхэддээ хамгийн сайныг хүсч, хүнээс дутахгүй амьдруулахсан гэж хичээж явдаг биз ээ.
s
Арван сар хэвлийдээ тээгээгүй ч гэлээ хайрын бяцхан үрээ харсан эцэг хүн бүр энэ амьдралынх нь үргэлжлэл хорвоод мэндэлсэнд баярлан догдолж, “Би аав болчихлоо” хэмээн чангаар хашгирч, баярлаж хөөрч догдолдог. Тиймдээ ч аав бүхэн үр хүүхэдтэй болсон цагаас одоо л амьдрал жинхэнэ утгаараа эхэллээ. Эхнэр хүүхдийнхээ төлөө хичээнэ ээ хэмээн өөртөө амладаг. Энэ л амлалтынхаа эзэн нь болж, сайхан ирээдүйн төлөө хичээж, хөдөлмөрлөж, гэр бүлээ хайраар дутаахгүй юмсан хэмээн зүтгэж яваа мянга мянган аавууд бидний эргэн тойронд бий. Төрсөн биш ч гэлээ өөрийн үр хүүхэд мэт хайрлаж халамжилж, халуун сэтгэлээрээ ханддаг аав ээжүүдийг ч энд бичихгүй гэдгийг ойлгоорой.
a
“Цагаан цуглаан” хүнлэг сэтгэлийг сэрээв
s
Ойрын өдрүүдэд хүн бүхэн л харамсалтайгаар амиа алдсан бяцхан охины тухай ярьж, ямар их өвчин шаналал дунд амьдарч байсан бол хэмээн өрөвдөж, нулимс унаган түүнийг дурслаа. Чихээрээ сонсч, нүдээрээ ч харамгүй аймшигтай хэргийг үйлдсэн төрсөн эцэг, хойд эх хоёрыг хүн бүр л үгийн муугаар хэлж, буруутгаж байна. Тэднийг үнэндээ зөвтгөх ямар ч арга үгүй. Тэдний асуудал хэрхэн шийдэгдэхийг нийгэм бүхэлдээ харж, анхаарч байна. Магадгүй тэдэнд зөөлөн хандвал гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг бусад нөхдийг өөгшүүлсэн хэрэг болоод өнгөрөх вий гэж сэтгэлээ чилээн байгаа.
s
Ямартаа ч, Монголчууд хүн хүнээ гэсэн сэтгэлтэй. Сайн хүмүүс мянга мянгаараа байгаа гэдгийг бямба гаригт Чингисийн талбайд бяцхан охиныг дурсан, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдсэн “Цагаан цуглаан”-д ирсэн 10 мянган гаруй иргэд батлан харуулсан. Зөвхөн нийслэл хотод ч гэлтгүй хөдөө орон нутгийн иргэд энэ өдөр уг цуглаанд нэгдэж, зул өргөж байгаагаа цахим хуудсуудаар түгээж байсан. Сайн муу зэрэгцэн байдаг орчлонд төрсөн үрээ хазаж, зодож, гэмтээж, заазуурдаж, эцэст нь амиа алдахад хүргэж байгаа эцэг эх байхад хойд аав, хойд ээж нь хүний сэтгэлээр хандсан талаар ярих ч хэрэггүй. Гагцхүү хүн нэртэй, хүний дүрстэй чулуун зүрхтнүүд хаанаас бий болов гэдэгт анхаарах цаг болсон гэдгийг сүүлийн 10 гаруй жилд гарч байгаа аймшигтай хэргүүд гэрчилнэ.
a
Хаалганы цаадах хүчирхийллийг илчилье
s
Хэдхэн жилийн өмнө хойд эцэгтээ зодуулж, дарамтлуулдаг байсан 11 настай хүү эрүүлжүүлэхээс гарах ааваасаа айхдаа ээждээ гэрээслэл бичээд гэртээ өөрийгөө боомилж амиа хорлосон эмгэнэлтэй хэрэг гарсан. Ямар их шаналал, айдас мэдэрсэндээ хөөрхий хүү амиа хорлох шийдвэр гаргасан бол.
a
Гурван жилийн өмнө тээж төрүүлсэн охиноо тэжээвэр нохойноос долоон дор үзэж хоёр гарыг нь хугалж, бүх биеийг нь шарх сорви болгон эрэмдэглэсэн ээжийн бичлэг цахим хуудсуудаар гарч байсан.
sa
Зайрмагны 300 төгрөг хэлэлгүй авсан хэрэгт буруутган долоон настай хүүг хойд эцэг нь, төрсөн эхтэй нь нийлж зодсон хэрэг гарсан. Гурван цагийн турш нуруу, хүзүү, хөл гар, толгойндоо зөөлөн эдийн бэртэл автлаа зодууулсан хүүг хөршийнх нь эмэгтэй хүрч ирж авраагүй бол долоохон настай тэр хүү амиа алдах байсан ч байж магадгүй.
a
Хөвсгөл аймагт гурван жилийн турш амбаарт хоригдож байсан 16 настай хүү өлсч үхэхийн даваан дээр аврагдсан. Энэ хэргийг хүүгийн төрсөн эцгийнх нь хоёр дүү нь хийсэн гэдэг. Хүүгийн аав, ээж хоёр салахад асран хамгаалах эрхийг шүүхээс аавд нь шилжүүлж, ямар нэгэн зовлонгүй амьдарч байсан аж. Гэвч аав нь нас барснаар хүүг өсгөж, хүмүүжүүлэх үүрэг хоёр эмэгтэй дүүд нь шилжиж, тэд хүүг нь хамгаалах бус хоол унд өгөлгүй удааж, гар хөлийг нь гавлан дөнгөлж амбаарт хашиж байсан гэдэг.
a
Хоёр жилийн өмнө тавхан настай хүүхдээ төрсөн эцэг нь заазуурдаж бэртээсэн аймшигт хэрэг гарсан. Тухайн үед Яаралтай түргэн тусламж 103-аар очиж анхны тусламж үзүүлсэн эмч залуу олон нийтийн цахим хуудсаараа уг хэргийн талаар мэдээлсэн. Эмч залуугийн мэдээллийн хүчинд сайн санаатай олон хүн тэдэнд тусалж, аавыг нь хуулийн дагуу шийтүүлж, хүүг ээж, ах дүү нарынх нь хамт өөр газарт нүүлгэж чадсан.
a
Өнгөрсөн онд эхийг нь хичээлдээ явсан хойгуур төрсөн эцэг нь 2 настай охин болон 8 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон байсныг илрүүлсэн. Тэр аав хүүхдүүдээ хазаад сууж байхын оронд тэднийхээ төлөө хөдөлмөрлөөд, амьдралаа өөд татаад явж болохгүй байсан гэж үү.
a
Сэтгэл эмзэглүүлсэн хэргүүдийн жагсаалтыг ингээд төгсгөе. Үүний цаана бидэнд мэдэгдээгүй, хүний нүднээс далд хичнээн хэрэг хаалганы цаана үйлдэгдэж байгааг таах аргагүй. Хүний амьдралаар хүн амьдардаггүй гэдэг ч та бид хичнээн хүүхдийн нулимс, зовлон шаналал, бие сэтгэлийн хөндүүрийг сонсож, үзэж байж ухаарах ёстой юм бэ.
a
Хүүхдийн нулимсанд учир бий
1
Буурлууд маань дээх нь үед хүүхэд уйлахаар “Сайн уйл. Уйлж байж хүн болдог юм. Ядахад л цээж сайтай хүн болно. Сайн дуучин ч төрөх юм билүү” гэж өхөөрддөг байлаа. Тэр үед бидний нулимс, эрхэлж, туньж айлгасандаа, аргадуулах гэсэндээ гардаг байж. Гэтэл энэ цагт хүүхдийн нулимс зовлон шаналал, өвдөлт, гомдол цөхрөл тээх болжээ. Хүүхдүүд уйлж байна. Хүүхдүүд архидалт, садар самуун дунд амьдарч байна. Гудамжинд хүүхдээрээ гуйлга гуйлгаж, олсон мөнгөөр нь архи аваад уучихдаг аав ээжүүд ч байна. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй ч гэлээ, тийм хүний хүүхэд болж төрснөөрөө буруутан болох ёсгүй. Нөгөө талаар хүчирхийллээс хүчирхийлэл төрөн гардаг гэдэг утгаараа ийм орчинд өссөн хүүхдүүд том болохоороо та бидний хүүхэдтэй нэг нийгэмд амьдарна.
a
Маргахын аргүй үнэн гэвэл хэн хэний хүүхэдтэй таарч, хайрлаж дурлалцахыг таах аргагүй. Хүн бүр үр хүүхдээ сайн хүнтэй сууж, сайхан амьдрахыг хүсдэг ч гэлээ. Хүний сэтгэлийг хорьж болдоггүй эд. Тиймээс ирээдүйгээ хайрлаагүй байж, хүнлэг энэрэнгүй нийгмийг тэднээс хүсч чадах уу. Аливаа асуудлын үр дүнг цаг хугацаа л харуулна. Нийгмийн сөрөг үзэгдлийг амьдралыг боломж тааруу, боловсролгүй хүмүүсийн архидалт, ядууралтай холбож байна. Гэтэл боловсрол мэдлэгтэй, сэхээтэнүүд ч хүний санаанд оромгүй хэрэг үйлдэж байгаа нь мэдлэг боловсрол, амьдралын боломжоос илүүтэй хүн чанар, хүнлэг сэтгэл чухал гэдгийг сануулах мэт.
a
Хүүхэд хүсэхгүй бол нуучихдаг эд бараа биш
a
Энэ орчлонд ирээд дөрөвхөн жил болсон бяцхан охины амиараа төлсөн энэ харамсалтай хэрэг монголчуудыг ухааруулж, сэрээсэн. Бид муу үйлийн эсрэг нэгдэж чаддагаа харуулсан. Хамгийн гол нь хүчирхийлэл үйлдсэн хүн хэн байх нь хамаагүй оногдох хариуцлагыг нь чангатгая. “Төрүүлсэн хүүхдээ алчихсан ч миний дур чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлдэг ээжийг өөрөө мэдэг гэж орхиж болохгүй. Түүний эрх байж болох ч хүүхэд гэдэг хүссэн цагтаа гаргаад ирдэг хүсэхгүй бол нуучихдаг эд бараа биш.
a
Хүн бүр үр хүүхдээ зодож, зандарч, загнаж байгаа гэм буруутэй нэгнийг харсаар, сонссоор байж чимээгүй өнгөрөхгүй байя. Гэм буруутэй нэгнийг холбогдох байгууллагад нь мэдээлээгүй хөршүүдийг шийтгэдэг. Хэрвээ хөрш нь мэдээлэл өгсөн бол аюулгүй байдлын үүднээс гэрчийг хамгаалдаг байх, асуудал шийдэгдэж, үнэн мөнийг тогтоосны дараа урамшуулах хэлбэрээр, иргэний үүрэг, хариуцлагыг сайжруулах боломжтой.
a
Хүчирхийлэгчийг 40-50 мянган төгрөгөөр торгодог хуулиа өөрчилье
a
Нөгөө талаар гэм буруутанд хуулинд зааснаар гээд 4-8 жилийн ял оноох биш 15-20 жил өгч, хуулиа чангатгах нь хамгийн эхний алхам. Хууль зөөлдөж байгаагийн нэгэн жишээ болгон http://www.legalinfo.mn/law/details/561 цахим хуудас дахь “Хүүхдийн эрхийг хамгаалах хууль”-нд заасан заалтаас дурьдвал:
a
“1/ хүүхдийг сэтгэл санааны болон бие махбодийн дарамтад байлгасан, хавчин шахаж хүч хэрэглэсэн иргэн, албан тушаалтныг 40000-50000 төгрөгөөр торгох буюу 30 хүртэл хоногоор баривчлах; 2/ хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар санаатай гачигдуулсан, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг санаатай хэрэглүүлсэн иргэн, албан тушаалтныг 35000-50000 төгрөгөөр торгох” гэжээ.
a
Энэ хуулинд заасан хамгаалах, хариуцлага тооцох тухай оруулсан заалтуудын торгуулийн хэмжээ өнөөгийн эдийн засгийн өсөлтийн хажууд өчүүхэн бага тоо. Хүчирхийлэл үйлдэгчийг өөгшүүлсэн энэ хуулиндээ өөрчлөлт оруулах цаг болсон.
a
Мэргэжлийн хүнээр Хүүхдийн төлөөх байгууллагуудыг удирдуул
s
Тиймээс хууль тогтоогчид Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд онцгойлон анхаарахыг шаардаж байна. Энэ дэлхийг, энэ Монгол Улсыг зорьж ирсэн хүүхдүүдийн эрхийг хамгаал. Тэдний эрхийг хамгаалж чадвал Монголын үрс олон болтугай гэсэн ерөөлийн үг жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Хүүхдийг бага гэж голж болохгүй. Өөрийгөө хамгаалах чадваргүй гэж дээрэлхэж болохгүй. Тэднийг хайрлаж хамгаалах үүрэг нь эцэг эхчүүд хүлээж байгаа гэдгээ мартаж болохгүй. Хэрэв эх, эцэг байж чадахгүй бол улс хүнээ мэддэг байх хэрэгтэй. Хүнд хүн илүүдэхгүй гэдэг шиг Монгол Улсын баялаг бол хүн. Тиймээс хүний тэр дундаа хүүхдийн эрх хамгаалал дээр хөдөлшгүй хатуу хуультай болохгүй л юм бол хүчирхийлэл хэзээ ч зогсохгүй. Хүнээ, хамгаалдаг сайн хуулийн тогтолцоог бий болгож, арьсаа хамгаалдаг намын нөхдөөр биш, хүний төлөө гэсэн сэтгэлтэй мэргэжлийн хүнээр Хүүхдийн төлөөх байгууллагуудыг удирдуул.
s
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ