Шаардлага хангахгүй 66 орон сууцыг шинэчилж эхэллээ
Нийслэлийн ерөнхий Төлөвлөгөөний газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 535 орон сууцны жагсаалт гарчээ. Тэдгээрээс 210 барилгыг хүчитгэн /сайжруулан/ ашиглаж болно гэж албаныхан үзэж буй аж. Үлдсэн 325 орон сууцыг буулган, дахин төлөвлөлтөд оруулах шаардлагатай гэнэ.
ө
Нийслэлд 1965-1980 оны хооронд баригдсан том хавтгаалжин угсармал барилгуудыг хүчитгэвэл 6-7 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэнэ гэж мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Чулуут бетон суурь, тоосгон хана, модон ба төмөр бетон хучилт бүхий барилгууд газар хөдлөлтөнд тэсвэргүй болох нь тогтоогджээ. Орон нутагт ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын дүнг Барилгын хөгжлийн төвөөс нэгтгэсэн байна. Архангай аймагт 19, Баянхонгорт ес, Булганд тав, Говь-Алтай гурав, Дундговьд 46, Дорнод аймагт долоо, Өмнөговьд 10, Сүхбаатарт дөрөв, Сэлэнгэд 14, Төвд 20, Өвөрхангай төв, Орхон ес, Ховдод зургаа, Увс Говьсүмбэрт тус бүр тав , Баян-Өлгийд дөрвөн ашиглах боломжгүй барилга байгаа гэсэн мэдээлэл ирүүлжээ. Архангайд л гэхэд 1946 онд баригдсан орон сууцны барилга байдаг аж.
ө
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг дахин төлөвлөн барилгажуулахм ажлын явцын талаар Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяртай ярилцлаа.
ө
-Дахин төлөвлөлтөд ямар барилгууд хамрагдаж байгаа вэ. Ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн эзэмшлийн орон сууцыг дахин барилгажуулах ажлыг хийж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 20 барилгыг дахин барилгажуулж байна. Үүнд таван аж ахуйн нэгж сонгогдоод, батламжаа аваад ажлаа эхлүүлсэн байгаа.
Мөн Нийслэлийн Засаг даргын А/977 дугаар захирамжийн дагуу Баянгол дүүргийн хэмжээнд нийтийн зориулалттай 39 орон сууцыг дахин төлөвлөхөөр болсон. Үүний дагуу сонгон шалгаруулалт хийгдэж байна. Одоогийн байдлаар тухайн 39 барилга дээр 16 аж ахуйн нэгжийн 40 төслийн санал ирсэн байна.
Түүнчлэн, Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/151 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй Баянзүрх дүүргийн 13 барилгыг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон.
ө
-Баянзүрх дүүргийн хэддүгээр хорооны ямар барилгыг дахин төлөвлөхөөр болсон юм бэ?
-Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дугаар байр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 5, 8, 9 дугаар орон сууцны барилгуудыг дахин төлөвлөж, барилгажуулахаар боллоо. Эдгээр барилгуудад мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болохыг тогтоосон.
Орон сууцны барилгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлсэн байгаа.
ө
- Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөхөд ямар хүндрэл гарч байна вэ?
-Хуучин барилгыг дахин төлөвлөн барилгажуулах нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөс ч илүү хүнд ажил байдаг. Тухайн орон сууцны барилгын нийт сууц өмчлөгчдийн 80-аас дээш хувь нь дахин төлөвлөн барилгажуулах төслийг дэмжээгүй тохиолдолд төслийг хэрэгжүүлэх боломжгүй болно. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар төслийг хэрэгжүүлэх учраас төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэй сонгон шалгаруулж, гурван талт гэрээ байгуулдаг.
ө
-Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээгээ байгуулаагүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Ийм тохиолдол гарвал нийслэлийн Засаг дарга гэрээг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгийг буцаан олгохгүй байхыг журамд тусгасан байдаг. Энэ журмын дагуу зохицуулагддаг.
ө
-Дахин төлөвлөлт хийгдэж байгаа барилгын оршин суугчдыг хаана түр байлгадаг вэ?
-Оршин суугчдийг түр байранд байлгахыг гурван талт гэрээгээр зохицуулсан байгаа. Энэ гэрээнд оршин суугчдын түр байрлах байрны асуудлыг заавал тусгасан байх шаардлагатай байдаг.
ө
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ