“Эзэн”-дээ эргэж очих уу
Замын хөдөлгөөнд саад учруулсан эсвэл зөвшөөрөлгүй газар байрлуулсан тээврийн хэрэгслийг ачиж, журамлах санаачилгыг анх хотын захиргаанаас гаргасан. Харин гардан гүйцэтгэгчээр Замын хөдөлгөөний удирдлагын төвийг ажиллуулсан. Гэвч өнөөдөр энэ үйлчилгээнд буух эзэн буцах хаяг төдийлөн байхгүй. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн өгч буй мэдээллээр тус төв өөрийн мэдлийн 12 ачигч машиндаа л эзэн болдог. Өглөө бүр Замын цагдаагийн газраас чиглэл авч, тухайн өдөр аль гудамжаар ачилт хийхээ тохирдог гэнэ. Бас машин нь болоод жолооч нь камертай. Товчхондоо бүхнийг баримтжуулах боломжтой гэсэн мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн А.Мөнхбаяр өгч байна. Бас энэ 12 машины ачиж журамласан тээврийн хэрэгслийн торгууль болох 55 000 төгрөг нийслэлийн Төрийн санд төвлөрдөг. Өөрөөр хэлбэл мөнгийг нь авдаг энэ 12 машинаа л нийслэл хариуцдаг.
h
Харин ачилт хийдэг хувийн хэвшлийнхэн бол тэдэнд падгүй гэнэ. Зөвшөөрлийг нь ч олгодоггүй учраас хувийн ачигч нартай хариуцлага ярьж, хяналт тавих шаардлагагүй гэж үзэж байна. "Тэнүүн огоо", "Авто гранд мастер", "ОЧУГ, "Хас транс", "BMML-2", "Ачит Сэлэнгэ" гэсэн хувийн ачигч компаниудад “ангууч” хийх эрхийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтэс олгожээ. Одоогоор бол хувийн ачигч нарын бүх асуудал энэ байгууллагад хамаатай гэсэн үг. Гэвч энэ ажил аль хэдийнэ эзэнгүйдсэн. Анхны санаачилга гаргасан хотын захиргаа ч, гардан гүйцэтгэх үүрэг авсан Замын хөдөлгөөний удирдлагын төв ч, эрх олгодог Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтэс ч энэ ажилд эзэн болж чадаагүй.
ө
Тэгвэл эхэлсэн цагаасаа өнөөг хүртэл хэл ам дагуулсан энэ ажлыг цэгцлэх шаардлагатай болсныг холбогдох байгууллагууд нь одоо л олж харж буй бололтой. Тэд хувийн компаниудад тээврийн хэрэгсэл ачих эрхийг хотын захиргаа олгох төслийг боловсруулаад буй гэнэ. Уг төсөлд хувийн компаниудад машин ачих эрх олгох болон түтгэлзүүлэх, хасах шийдвэрийг хотын дарга эсвэл нийслэлийн хурлынхан гаргаж байхаар тусгажээ. Товчхондоо энэ ажил "эзэн"-дээ очиж, илүү цэгцтэй болж магадгүй нь. Зогсоолгүй Улаанбаатарын зовлонг зоосоороо төлж буй жолооч нарт чирэгдэл болоод буй энэ ажил илүү цэгцтэй болвол хэн хэндээ хялбар болно.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ