Парламентаас огцроогүй гуравдагч хүчин
ИЗНН үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Хүмүүний он тооллоор бол 15 гэдэг насанд хүрээгүй хүүхэдтэй л зүйрлэх, иргэний үнэмлэх авч “том хүн” болоход нэг жил дутуу байна гэсэн үг. Тус намыг УИХ-ын гишүүн, намын дарга С.Оюун анх Х.Хулан, С.Эрдэнэтуул зэрэг найз нарынхаа хамт үүсгэн байгуулж байсан түүхтэй. Ардчилсан хувьсгалын ерөнхий зохицуулагч С.Зориг агсны зорьж, тэмүүлж байсан үйл хэргийг үргэлжлүүлэх үүрэг түүний дүүд нь ногдсон. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг бусдын гарт амиа алдсан тэр жил УИХ-ын нөхөн сонгуулиар ахынхаа сонгогдсон Дорнод аймагт С.Оюун өрсөлдөн ялалт байгуулж, улс төрийн замналаа эхлүүлж байв. Тиймээс ч намын нэр өгөхөд янз бүрийн хувилбар гаргаж ирж байсан ч хамгийн гол нь “Зориг” гэсэн үгийг хавсаргах ёстой гэдгийг үүсгэн байгуулагч зарчмаа болгож байсан гэдэг. Ийнхүү Иргэний зориг нам 2000 онд байгуулагдаж байсан түүхтэй. Мөн ондоо УИХ-ын сонгуульд Монголын ногоон намтай эвсэн оролцож, нэг суудал авч байсан. ИЗНН-ыг байгуулагдсаны дараагаар тухайн үеийн Монголын төлөө, Орон нутгийн хөгжлийн нам зэрэг улс төрийн хүчнүүд нэгдэн орж, зарим нь УИХ-ын сонгуульд эвсэн оролцож, тодорхой цаг хугацааны дараагаар салан тусгаарлаж байлаа. Тухайлбал БНН-ын дарга Б.Жаргалсайхан ИЗН нэгдэн ИЗБНН болж байсан бол 2012 онд ИЗН-д МНН гишүүнээр элсэн, Иргэний зориг, ногоон нам болгон нэрээ өөрчилжээ. Тус нам эмэгтэй даргатай анхны улс төрийн хүчин төдийгүй өнөөдөр ч энэ байр сууриа хадгалсаар ирсэн.
УИХ-ын сонгуульд тус нам ихэнхдээ бусад хүчинтэй эвсэн өрсөлдөж байсан. Жишээ нь 2000 онд МНН-тай, 2004 онд АН, Эх орон намтай хамтран “Эх орон-ардчилал” эвсэл болж оролцож байсан. Харин 2008 оны УИХ-ын сонгуульд дангаараа өрсөлдсөн бол 2012 оны сонгуулиар тойрогт өрсөлдөхгүйгээр жагсаалтад нэрээ дэвшүүлэн парламентад суудал авчээ.
Өнгөрсөн хугацаанд тус намыг УИХ-ын гишүүн С.Оюун тасралтгүй удирдаж ирсэн. Тиймээс ч ИЗНН-ыг олон нийт “нэг хүний” тодруулбал үүсгэн байгуулагч С.Оюун даргынхаа нэр төрөөр л явдаг гэж шүүмжилдэг. Гэхдээ энэ нь нэг хүний захиргаанд, гэр бүлийн гэсэн агуулгатай бус. Намын гишүүдийн дунд удирдлагаа солих асуудал яригддаг ч Их хурлаа хуралдуулах бүрт олонхийн санал авч сонгогдсоор ирсэн билээ. ИЗНН-ын амжилтыг УИХ-ын гишүүн С.Оюунтой холбон тайлбарлахаас өөр аргагүй. Шуудхан хэлэхэд ИЗНН С.Оюуны улс төрийн түүчээ.
Бүгд найрамдах социалист Чехсловак улсад геохимичийн мэргэжил эзэмшин, эдүгээ манай Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рин тинто” компанид геологичоор ажиллаж байсан тэрбээр хувь заяаны эрхээр улс төр рүү хөл тавьсан түүхтэй. Хэдийгээр ИЗНН парламентад цөөнх болж байсан ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Засгийн газарт хамтарч ирсэн, эдүгээ ч шийдлийн Засгийн газарт хамтран ажиллаж байна. Тухайлбал, 2007 онд Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт ИЗНН хамтарч, намын дарга С.Оюун ГХ-ийн сайдын, 2012 онд Шинэчлэлийн Засгийн газарт хамтарч Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар тус тус ажиллаж байсан. Басхүү 2004 оны УИХ-ын сонгуульд АН, Эх орон намтай нэгдэн “Эх орон-Арчилал” эвслээр сонгуульд оролцон, парламентад суудал авсны дараагаар УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан юм. Эвсэл тарсны дараагаар 2006 онд парламентад сөрөг хүчний байр сууриа хадгалан, Сүүдрийн Засгийн газрыг байгуулан ажиллаж байжээ.
Ийнхүү УИХ, Засгийн газарт хамтран ажилласан нь тус намын түүх, намын даргын намтарыг баяжуулснаас бус улс төрийн шийдвэр гаргахад нөлөөлөл байгаагүй гэж ажиглагчид үздэг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хамтарлаа ч, гарлаа ч эрх баригч хүчинд нөлөөгүй. Өнөөдөр ч тус нам Шийдлийн Засгийн газраас гарах эсэхээ шийдвэрлэнэ гэсэн. Үүнийг улс төрийн хүрээнийхэн, тэр дундаа эрх баригч хүчин ч цочирдон хүлээж аваад байсангүй. Нэг ёсондоо “байгаад нэмэргүй, байхгүйд гарзгүй” гэгчээр эрх баригчид нүүрний ч хувиралгүй байна лээ.
Улсын Дээд шүүхэд 20 гаруй нам бүртгэлтэй ч парламентад АН, МАН, ИЗНН л байнга суудал авч ирсэн байдаг. Харин бусад гуравдагч хүчнүүд УИХ-ын сонгууль бүрээр ичээнээсээ гарч, өрсөлдөн ялагдаад бусад үед нам жим байдаг бичигдээгүй хуультай. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд ИЗНН парламентад олонхи бус, олон суудал ч авч байгаагүй, цөөнхийг бүрдүүлж ирсэн ч гуравдагч хүчний дуу хоолой, төлөөлөл болсоор ирсэн түүхэн гавьяатай. Нам нь гуравдагч хүчнийг төлөөлж ирсэн бол намын дарга С.Оюуны хувьд ч эмэгтэй лидер улстөрчөөр өргөмжлөгдөн Монголдоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Гэхдээ С.Оюун лидер улстөрч ч ИЗНН-аа хүчирхэгжүүлж, тэлж чадаагүй, гуравдагч хүчин хэвээр шинэчлэгдэхгүй байгаа гэж шүүмжлэгсэд бий. Нөгөө талд “Монголын улс төрд АН, МАН хоёр том хүчин байр сууриа хэзээ ч гурав дахь хүчинд тавьж өгөхгүй, сонгогчид ч энэ хоёр намд илт давуугаар суудал өгсөн байдаг. Монголын 20 гаруй хүчнээс хоёрхон нам нь улс төрд ноёлж байхад ганцхан эмэгтэй гуравдагч хүчний орон зайг хадгалж, төлөөлж яваа шилдэг улстөрч” хэмээн дээрх шүүмжлэлийг няцаадаг.
Өнөөдөр ИЗНН хоёр даргатайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэг нь УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл. Гэхдээ С.Дэмбэрэл гишүүнийг нэртэй эдийн засагч гэдэг ч улс төрийн хувьд гавьтай оноо аваад байдаггүй. Харин намын их хурлаараа дарга нараа өөрчлөх асуудлыг хэлэлцэх байсан. Хэрвээ нэг даргатай байхаар ИЗНН-ын их хурлаас шийдвэрлэвэл намын даргаасаа татгалзахад бэлэн байгаа С.Оюун гишүүн С.Дэмбэрэлд байр сууриа үлдээх магадлалтай байв. Нөгөөтэйгүүр “С.Оюуныг ИЗНН-ын даргаас чөлөөвөл намын рейтинг энэ хэрээр буурна. Угийн рейтинг багатай улс төрийн хүчин, ирэх онд УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд хүчгүйдэнэ. Тус намд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч байхгүй. ИЗНН-ын нэрийн хуудас бол үүсгэн байгуулагч, намын дарга, зөвхөн С.Оюун” гэх хэсэг байна лээ. Тус нам их хурлаараа намын дарга нараа өөрчлөхгүй улираахаар шийдвэрлэжээ. Харин намын дэд даргаар Д.Ганхуяг томилогджээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ