Монгол хуулиар дарамталдаг улс болжээ

img

Монгол Улс саяхан “Гурван сая хүнтэй боллоо” хэ­мээн хөөр баярт умбасан. Гэвч ард­чиллын 20 жилд 100 га­руй мян­ган иргэнээ гадаадад алд­саныгаа тө­дийлөн ярьдаггүй. Ирүүлье гэж өч төчнөөн хөтөлбөр, төсөл са­наачилсан ч олигтой үр дүн гар­даггүй. Ирсэн нэг нь буцаад явж байна. Яагаад вэ. Яагаад гэвэл Монголд өнөөдөр хуулийн шу­дарга зохицуулалт алга бай­на. Хууль зохицуулах үүргээ гүй­цэт­гэж чадахгүй байна. Тийм ч уч­раас Монголд ирсэн хөрөнгө оруулагчид байтугай монголчууд өөрсдөө эх орноосоо явахыг хүсэх нь мэдээж хэрэг юм.



Монгол Улсад шинэ хөрөнгөтнүүд гарч ирэхгүй нь 


Монгол Улс хүнлэг энэрэнгүй, иргэний ардчилсан нийгмийг цогцлоохоор зорьж байгаа гэж бүгд ярьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ улстөрчдийг дэмжсэн, иргэдээ хяхан хавчсан хууль эрхзүйн тогтолцоог бий болгосоор байна. Энэ процесс одоо ч үргэлжилж байгаа. 


Зарчим ярья л даа. Өнөөдөр баялаг бүтээгчид олширч байж, гаднаас валют олж байж Монгол Улс хөгжинө, дэвжинэ. Тэгвэл бидэнд дэлхийн зах зээлд санал болгож чадах юм одоохондоо ашигт малтмал л байна. Гэтэл уул уурхайн салбарыг хөгжүүлэх бодлого нь буруу эхэлчихсэн. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн аль өнгөтэй, өөдтэй ордуудаа “Стратегийн” гэсэн нэрийн дор хураагаад авчихсан. 


Тэгсэн хэрнээ Оюутолгойгоос өөр гараас гарсан орд байхгүй. Жагсаалтад 40 гаруй орд байгаад байдаг. Оюутолгойг бид ашиглаж чадахгүй, технологигүй байж болно, тэгвэл болиод бусад ордуудаа ашиглах хэрэгтэй шүү дээ. Хэрвээ төр засаг үнэхээр уул уурхайгаар дэлхийд нэр хүнд ольё гэж бодсон бол хөрөнгө оруулалт бага шаардах, нарийн технологи шаардахгүйгээр нь ангилаад хамгийн амраас нь хэрэгжүүлээд явах боломж байсан уу гэвэл байсан. 


Одоо ч байгаа. Гэтэл “Хамгийн хатуугаас нь эхэлж мэрье” гээд нуманд харвуулж үхдэг үнэгний үлгэрийг үзүүлж байна. “Мега төсөл” хэрэгжүүлнэ гэх мөртлөө “Бидэнд мега төслийн туршлага байхгүй” гэж ярих нь хачин. Тийм л юм чаддаг юм бол чадахаар боломжтой ордуудаа ашиглая л даа. 


Ашигт малтмалын тухай хууль нь гэхэд л гадны хөрөнгө оруулагчдыг дэмжих зарчимтай. Гадны хөрөнгө оруулагчид өч төчнөөн хөнгөлөлт эдлүүлдэг, тэгсэн хэрнээ дотоодын аж ахуйн нэгжүүддээ хатуухан хэлэхэд “салаавч” үзүүлдэг. Эрх баригчид нь томоохон орд газруудыг гадаадынханд өгч болно, өөрсдийнхөндөө болохгүй юм шиг ярьдаг. Тавантолгойгоос эхлээд олон жишээ бий. Улс орны хөгжлийн гол тулгуур нь хүнд үйлдвэрлэл, металлургийн салбар. Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн  Хятадын компанид өгч байсан. 


Хаа очиж Б.Жаргалсайхан ҮХЯ-нд байхдаа салгаж авсан байдаг. Өнгөрсөн 20 жилд уул уурхайн салбарт ажиллаж байсан өчнөөн компанийн үйл ажиллагааг татвар төлөөгүй, байгаль орчинд хор учруулсан гэсэн шалтгаанаар зогсоосон. Орон нутгийн иргэд эсэргүүцэхэд л шууд хүлээж аваад л лиценз хураадаг. 

Сүрхий хууль биелүүлээд байна уу гэхээр тийм биш.  Эрх баригч нам өрсөлдлөгч намынхаа “угшилтай” аж ахуйн нэгж, бизнесмэнүүдийг “чангалж” байгаа нь тэр. Энэ тохиолдолд хууль нь бусдыг дарамтлах хэрэгсэл болчихож байгаа юм. Хоёр намын ийм хэмлэлдээнээс болж өчнөөн цаг хугацаа алдагдаж байгааг мэддэг ч больдоггүй. Ийм байхад яаж үндэсний хөрөнгөтнүүд гарах билээ. 


Жирийн нэг иргэн жижиг бизнес эрхэлж, улмаар дунд бизнес рүү орж, цаашлаад санхүүгийн эрх чөлөөнд хүрэх орчин өнөөдөр Монголд байхгүй. Тийм ч учраас төр засгийн амлалтад итгээд нутагтаа ирсэн монголчууд эргээд гадагшилж эхэлж байна. Бизнес эрхлэгчид банкны зээлийн хүү хэтэрхий өндөр байна гэсэн гомдлыг байнга тавьдаг. 


Өнөөдөр банкны зээл жилийн 18-25 хувийн хүүтэй байгаа. Зээл авсан нь “Хүү хэтэрхий өндөр байна” гэвэл банкууд “Бид хадгаламж эзэмшигчиддээ 15 хувийн хүү өгдөг” гэж ам тагална. Гэтэл үнэн хэрэгтээ банкуудын гаргасан зээл нь татсан хадгаламжаасаа хоёр дахин их байгаа. “Хадгаламж эзэмшигчид” гэж нийтийн нэрийг барьж байгаа ч үнэн хэрэгтээ хадгаламжийн 80-90-ээд хувийг нь банкны эзэд, цөөн хэдэн баячууд эзэмшдэг юм. 


Зах зээлийн эхэн үед мөнгө хуримтлуулж чадсан хэдхэн этгээдийг дэмжиж, яг одоо хөлөө олох гэж ядаж байгаа бизнесмэнүүдийг нухчин дарах зарчим хэрэгжиж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, банкууд шинэ бизнесмэнүүдийг дэмжих, Монгол Улсаа хурдан хөгжүүлэх дургүй байна. 


Ийм байхад яаж шинэ баячууд гарч ирэх юм бэ. Шинэ гарч ирж байгаа гэгдэх баячууд нь нэгэнт нөлөөгөө тогтоосон хэдхэн олигархийн халаасны этгээдүүд байдаг. Залуучууд шинэ сэргэг юм сэтгэнэ, тэгээд банкны хүүнд “алуулж” дампуурна. Тэгмэгц олигархиуд шүүрээд авна. Иймэрхүү байхад хуулийн дарамт дор хэн бизнес хийж өөрөө баяжиж, улсаа баяжуулах билээ дээ. 



Иргэдээ дарамталсан хууль


Ардчилсан хувьсгал ялснаас хойш УИХ-д 200 гаруйхан хүн ээлжлэн сонгогдож ирсэн байдаг. Гэтэл нэлээд юм мэддэг нэг нөхөр “Монголын эдийн засгийн 90 хувийг 200 гэр бүл хянадаг” гэж хэлжээ. Төрд алба хашч байгаа этгээдүүд баяжих нөхцлөө хуулиар баталгаажуулсан байна. 


Авлига, хээл хахуулийн талаар хуульчлахдаа өгсөн, авсан аль алиныг нь хариуцлага хүлээлгэхээр заасан. Чухамхүү энэ заалтаас болж хүмүүс төрийн албанд орохоор улайрч байна. Засгийн газрын зардал жилээс жилд өсч ирсэн. Яагаад ийм юм болов. Авлига, өгсөн авсныг нь хоёуланг нь шийтгэдэг заалтаас болсон. 


Төрийн өмчийн томоохон компанийн захирал “Ажлыг чинь бүтээж өгнө” гэж худлаа хэлээд жирийн иргэнээр олон барилга бариулж хохироосон хэрэг гарч байлаа. Олон сая төгрөгөөр хохирсон иргэн хуулийн байгууллагад хандтал “Өгсөн авсныг нь адилхан шийтгэдэг юм, танд авлига өгсөн хэргээр эрүү үүсгэнэ шүү” гэсэн байдаг. Ийм хэрэг зөндөө бий. Зүгээр явж байсан хүнийг нэг л өдөр барьж аваад гэмт хэрэгтэн болгодог, дараа нь ямар ч буруугүй цагаахан амьтан байсан гээд сулладаг явдал олон давтагдахаар аргагүй шүү дээ. 


Энэ байдлыг өөрчилж, “Өгснийг нь өршөөдөг болъё” гэсэн саналд удаа дараа гарсан ч одоо болтол батлаагүй. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин энэ санааг өргөн барьсан хуульдаа тусгасан байсан ч сүүлд бүгдийг нь буцаагаад татчихсан. Зарчим нь юу вэ. Авлигыг жирийн иргэд өгдөг, төрийн албан хаагч авдаг. Хэрвээ “Авлига авсныг нь өршөөдөг болъё” гэсэн бол УИХ-ын 76 аль хэдийнэ гараа өргөөд баталчих байсан. Энэ бол “Төрийн ажлын туршлагатай” гэх мэтээр өөг­шүүлж, хэдхэн хүнийг ээлжгүй Парламентад суулгасны гай. Давраад хуулиар хамгаалалт хийж байна шүү дээ. 

 
Монголд ирсэн гадныхан, бизнес­мэ­нүүд, жирийн иргэд “Монголд үнэхээр юм хийх, амьдрах арга алга” хэмээн шогширдог. Яагаад вэ. Төр нь зүгээр байлгахгүй байгаа юм чинь арга байж уу. Төрийн гаргадаг хууль нь дарамт болж байгаа гэсэн үг. Хууль журам нь иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэх зорилготой. Өнөөдөр Монголын төр үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Тэгсэн хэрнээ иргэдээс хэтэрхий их хариуцлага шаардсан хууль баталж байгаа нь амьдралд нийцэхгүй байгаа юм. 


Иргэдээ бизнес хийх, чөлөөтэй ажиллах хууль эрхзүйн орчинг бүрдүүлж өгөх нь төрийн үүрэг. Тэгж байж татварын асуудал ярих ёстой. Гадаадад бол үүнийг сайн мэддэг. Гэтэл манайд тийм байж чадахгүй байна. Бизнес эрхлэгчдийгээ дарамталсан, хааж боосон хууль эрхзүй, банк санхүүгийн орчинтой улс хөгжсөн түүх байдаггүй билээ. Хэтэрхий хууль шүтэж байгаа нь энэ Монгол улсыг хөгжүүлэхгүй гэсэн далд санаа юм биш үү. Хуулиар дарамтлахгүй, харин ч  шинэ санал санаачилга, хөдөлмөр зүтгэлийг үнэлээд байвал улс минь хөгжих юм биш үү.

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bolson boloogui shine huuli batalj bhar huuchin batalsan huulia ergen harj zasaj zalruulj bolovsorngui bolgmoor yum uursdinho erh ashigt niitsuuleh gej yanz burin huuli batalsaar bgad suuldee uursdooch oilgohoo bsan munhag uls turchidig yanada
2015-03-12
уншигч:
голыг нь олоод хэлчихэж кк
2015-03-12
irgen:
buh ymiiig zadgai taviacheee zah zeeliig uragsh ni yvuulaachee hamag ym boogdson bh ymaaa
2015-03-12