2012 оныг “Төрийн удирдах албан тушаалтны манлайлал"-ын жил болгов

img

Төрийн албаны зөвлөлийн энэ оны сүүлчийн хуралдаанаар 2011 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, 2012 онд дэвшүүлэх зорилтын тухай хэлэлцээд Төрийн албаны зөвлөл болон түүний Салбар зөвлөлүүдийн 2011 онд хийж гүйцэтгэсэн дараах ажлуудыг ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛААР нэрлэлээ.

1.Төрийн албаны зөвлөл төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх үйл явцыг удирдах Төрийн албаны шинэтгэлийг удирдах хороо байгуулах асуудлыг боловсруулж, Засгийн газарт өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газрын тогтоолоор баталсан. Удирдах хороог байгуулснаар УИХ-ын 2004 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги"-ийг хэрэгжүүлэх зорилтыг хангахад зохион байгуулалтын хувьд чухал алхам болов.

2.Энэ оны зургадугаар сард Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны шинэтгэлийг удирдах хороо хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт Төрийн албаны Үндэсний анхдугаар чуулган Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийг цаашид гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болов. Чуулганд оролцсон 700 гаруй төлөөлөгчид Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн талаар цаашид авах арга хэмжээний тухай УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд хандаж Зөвлөмж гаргасан. Мөн эх орондоо ардчилсан, сайн засаглалыг төлөвшүүлэн бэхжүүлж, хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлэн, төр, иргэний итгэлцэлд тулгуурласан чанартай үйлчилгээг ард түмэндээ хүргэхийн тулд төрийн нийт албан хаагчид эрхэмлэн дагаж мөрдөх "Монгол Улсын төрийн албан хаагчийн ЭРХЭМЛЭХ ЕСӨН ЗҮЙЛ"-ийг батлан гаргав.

3. Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн асуудлаар энэ оны аравдугаар сард Улаанбаатар хотноо Канад, Голланд, Ирланд, Армян, Вьетнам, Монгол зургаан орны төлөөлөгчид оролцсон Олон улсын бага хурал зохион байгуулж, хуралд оролцогчид өөрийн улсын төрийн албаны шинэтгэлийн онцлог, ялангуяа төрийн албаны Мерит зарчмын тухай ойлголт, түүнийг хэрэгжүүлдэг арга механизм, улс төрийн нөлөөнөөс ангид төрийн албаны томилгооны талаар харилцан туршлагаа солилцов.

4."Монгол Улсын төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албаны боловсон хүчний хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах ажлыг шалган зааварлах ажлын дүн"-г Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргаж, түүний хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулснаар төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартын хэрэгжилттэй холбогдсон зөрчлийг арилгуулах, дахин гаргахгүй байх, төрийн жинхэнэ албаны томилгоонд хууль тогтоомжийг баримтлах үйл ажиллагаа жигдрэн, улсын хэмжээнд ахиц гарсан жил болов. Аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлүүд энэ онд бүх сумдын төрийн жинхэнэ албаны боловсон хүчний хэрэгцээ, хангалтын байдлыг шалган зааварласнаар улсын хэмжээний нийт төрийн албан хаагчид хамрагдлаа.5. Төрийн албаны зөвлөлөөс 2011 оныг “Ёс зүй, хариуцлагын жил” болгох уриа дэвшүүлж, "Ёс зүйт манлайлал" сэдэвт сургалтад 1800 гаруй хүн хамрагдаж, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний дүрэм, журмын хэрэгжилтэд тавих хяналт болон ёс зүйн зөрчлийн талаар тайлагнах, мэдээлэх тогтолцоонд ахиц гарсан жил болов. Жилийн ажлын хүрээнд Төв, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар, Дархан-Уул зэрэг аймгуудын Салбар зөвлөл ЗДТГ-тайгаа хамтран "Төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх" сэдвээр төрийн албан хаагчдын чуулган, сургалт, зөвлөлгөөн зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулсан нь Төрийн албаны зөвлөлөөс 2011 онд дэвшүүлсэн бодлого, зорилтыг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд үр нөлөөтэй ажил боллоо.

6.Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг үндэслэн "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын тогтоолоор батлуулан нийт төрийн албаны хэмжээнд мөрдүүлэв. Ингэснээр төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг түр томилох, үүрэг гүйцэтгэгчээр томилох зэрэг хууль бус томилгоог байхгүй болгож, төрийн жинхэнэ албаны ямар албан тушаалын сул орон тоог хэнээр, ямар хэлбэрээр түр орлон гүйцэтгүүлэхийг нэг мөр болголоо.

7.Төрийн албаны зөвлөлийн удирдлага Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймаг, тэдгээрийн зарим сумын төрийн албан хаагчид болон нийслэл, орон нутаг дахь Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй биечлэн уулзаж, Төрийн албаны зөвлөлийн бодлого, шийдвэр, сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өгч, төрийн албаны шинэтгэлийн тулгамдсан асуудлаар санал солилцсон нь цаашид нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих зүйлүүдэд анхаарлаа төвлөрүүлж ажиллах нөхцөлийг бүрдүүллээ.

8.Сонгон шалгаруулалтын шалгалт авах тусгай программ бүтээж, 2011 онд яам, агентлаг, нийслэл, зарим аймагт төрийн албаны мэргэшлийн шалгалтыг цахим хэлбэрээр авдаг цаасгүй технологийн аргад шилжүүлж эхлэв. Үүний үр дүнд шалгалтыг шударга, ил тод явуулах нөхцөлийг бүрдүүлж, зардал хэмнэх нөхцөлийг хангасны зэрэгцээ мэргэшлийн шалгалтын үнэлгээтэй холбоотой маргаан, гомдол зогссон. "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж" нэртэй 3000 гаруй сорилгын асуулт, хариултыг багтаасан гарын авлагыг дөрөв дэх удаагаа шинэчлэн хэвлүүлэв.

9.Төрийн албаны зөвлөлийн гадаад харилцаа бэхжин, өргөжлөө. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон Канадын Төрийн албаны комиссын хооронд байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд хоёр улсын төрийн албаны хууль тогтоомжуудын харьцуулсан судалгаа хийх, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажилласны зэрэгцээ Армян, Энэтхэг улсын ижил чиг үүрэгтэй байгууллагуудтай хамтран ажиллах эхлэлийг тавьсан нь төрийн албаны шинэтгэлийг олон улсын жишиг хандлагад нийцүүлэх боломж бүрдүүлж байна.

10.Төрийн албаны үйл ажиллагааг нийтлэг зохицуулсан 28 хууль, УИХ-ын болон Засгийн газрын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын дээд шүүхийн тайлбар, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, сайд, агентлагийн даргын баталсан тушаал зэрэг 139 эрх зүйн баримт бичгийн эмхтгэл, төрийн албан хаагчийн ёс зүйн холбогдолтой гарын авлагыг хэвлүүлсэн нь төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартуудыг нэг мөр ойлгож мөрдөх, тэдгээрийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх боломжийг төрийн байгууллага, албан хаагчдад бүрдүүлэв.

Төрийн албаны зөвлөлөөс 2011 оныг “Ёс зүй, хариуцлагын жил” болгох уриа дэвшүүлж, хэрэгжүүлснээр төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд зохих ахиц гарсан гэж дүгнээд, цаашид төрийн албан хаагчийн ёс зүйн болон сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг байнгын үйл ажиллагаа болгож, Үндэсний чуулганаас дэвшүүлсэн "Эрхэмлэх есөн зүйл"-ийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ёс суртахууны хэм хэмжээ болгон баримталж, энэ чиглэлийн ажлын одоогийн эрчмийг бууруулалгүй үргэлжлүүлэхийг нийт төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд чиглэл болголоо.

Төрийн албаны зөвлөлөөс 2012 оныг “Төрийн удирдах албан тушаалтны манлайлал"-ын жил болгон зарлав.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ зөвлөлийг татан буулгая
2012-01-03
болж үз дээ. 20 р зууны Коммунизмаараа сэтгэх юм .Юун төрийн удирдах ажилтаны манлайлалын жил вэ. Төрийн албанд зүтгэнэ гэж тангараг өргөсөн хүнд юун манлайлал. авилагл авч авгай хүүхэн эргүүлж архидадагаараа МАНЛАЙЛАХГҮЙ БОЛ ийм хөгийн социалист уралдаан байж болохгүй ш дээ.
2012-01-03