Элгээрээ мөлхөх эрчим хүчний салбар хэзээ сэргэх вэ?

img

Эрчим хүчний салбар хэрэглэгчдээсээ, цаг үеэсээ хоцорч хол хаягдаад байна. Манай улс нүүрснээс эхлээд сэргээгдэх нар салхи, усны  эрчим хүчний нөөцтэй. Тэр байтугай дундад Азийн орнуудад импортлох боломжтой, ярилцаж байна гэж энэ салбарын үе үеийн сайд нар ярьж, хэлдэг ч, наанадаж, дотоодын хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа.




Улаанбаатар хотод  өвөлдөө зарим хороолол хөлдөж, цахилгааны тасардаг байсан үе уг нь ард хоцорсон. Гэхдээ тэртээ 1990 оны үеийн цахилгааны хэрэглээг өнөөдрийнхтэй харьцуулалтгүй. Тэр үед гар утас л дөнгөж цэцэглэх төдийгүй, айл өрх байтугай албан байгууллага ч цахимжаагүй байлаа. Өнөөдөр эрчим хүч тасалдаад байхгүй ч хэрэглээг  бүрэн хангаж чадахгүй, үнэ нь өссөн ч, алдагдал нь нэмэгдсээр байна.


Харин өнөөдөр нийгэм хөгжлийн хэрээр эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж байна. Гэтэл хотын захын хорооллуудад эрчим хүчний хэрэглээ өндөр үед хүрэлцэхгүй байна гэх үг ч дуулдана лээ. Тэр дундаа хүйтний улиралд гэр хорооллын иргэд нүүрс, түлээнээс залхаж, хөгжлөө даган, цахилгаанаар дулаанаа хангахаар гэртээ халаалт тавиулах болж. Халаалтын компаниуд ч олширсон байна лээ. Гэтэл эрчим хүчний хүчин чадал нь хүрэлцэхгүй, өвлийн дулаанаа барьж чадахгүй, байн байн цахилгаан нь тасарч доголдох, тэр бүр Эрчим хүчний газар руу дуудлага өгөх тохиолдолд нэлээдгүй гардаг байна.


Сонгинохайрхан дүүрэгт гэхэд шалны халаалт гэртээ тавиулах гэтэл цахилгааны хүчин чадал хүрэлцэхгүй гээд зөвшөөрлийг нь өгөөгүй гэх иргэдийн гомдол их байна лээ. Уг нь агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын иргэдийг цахилгаан халаалт тавиулахад шөнийн хэрэглээний төлбөрөөс нь 50 хувь чөлөөлдөг байлаа. Гэвч он гарсаар энэ урамшуулал суга хасагджээ.


Шийдлийн Засгийн газрын сайд Ч.Сайханбилэг төсвийн таналт, хэмнэлтээ шөнийн эрчим хүчний хэрэглээний төлбөрийн урамшууллыг багтаахаа мартсангүй.  Тиймээс цахилгаан халаалттай гэр хорооллын айл өрхүүдэд энэ нь шинэ оны давхар бэлэг болон очлоо.  Өнгөрсөн оны 12 дугаар сард цахилгааны үнэ нэмэгдсэн, үүн дээр гэр хорооллынхны цахилгаан халаалттай өрхийн төлбөр  урамшууллаас хасагдан  хоёр дахин нэмэгдэж байгаа Ам бүл цөөнтэй, өглөө ажилдаа гараад оройдоо гэртээ ирцгээдэг айл өрхийн  цахилгааны төлбөр дунджаар 200 мянган  төгрөгөөс 60 мянган төгрөгийн урамшуулал авдаг юм билээ.  Харин өнөөдөр цахилгааны төлбөрийн 200 мянга дээр 9 хувийн нэмэгдлээ давхар төлөөд ямар ч хөнгөлөлтөд хамрагдахгүй болжээ. Энэ нь өрхийн төсөвт ямар ачаалал ирснийг Засгийн газрын тэргүүн сайн мэдэж байгаа биз.


Салбарын сайдын мэдээлснээр алдагдлаа бага ч гэсэн нөхөх эх үүсвэрийн нэг нь цахилгааны үнийнй тарифаа үе шаттайгаар нэмэх бодлого гэсэн.


2014 онд Монгол Улс нийтдээ 6.7 тэрбум кВт.цаг эрчим хүчийг хэрэглэсэн. Үүний 5.3 тэрбум кВт.цаг -ийг дотооддоо үйлдвэрлэж, 1.4 тэрбумыг нь БНХАУ, ОХУ-ын  эрчим хүчний системээс худалдаж авсан дүнтэй байна. Өнгөрсөн 2014 онд цахилгаан хэрэглэгдэг айл өрх, аж ахуйн нэгж  35922-оор, дулааны хэрэглэгч 40356-аар тус тус нэмэгджээ.  Гэвч өнгөрсөн жил гэхэд энэ салбар 68.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.  


Өнөөдөр төвийн эрчим  хүчээр хангаж байгаа  станцууд аль 1960, 1980 онуудад баригдаж, жилийн жилд урсгал завсарын ажлыг үе шаттайгаар төсөв, төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэдэн тэрбум төгрөгөөр нь хийдэг. Энэ хэрээр өндөр өртөгтэй цахилгаан үйлдвэрлэж, хэрэглэгчдэд мөн л өндөр үнэтэйгээр хүрч байна.


Цахилгааны үнэ тарифыг төрөөс зохицуулж байгаа хэдий ч иргэдэд өндөр үнээр хүрсэн хэдий ч төр нь  алдагдлаа  нөхөж чаддаггүй аль алинд нь ээлгүй   бодлого хэрэгжсээр өнөөг хүрлээ. Нэдэр дээр нэрмээс гэгчээр өнөө ажиллаж байгаа цахилгаан станцуудын шугам, сүлжээ гэмтсэнээс  аль ч улиралд уур савсаж, хөлс, хөдөлмөр, мөнгө агаарт хийсдэг.


 Эгийн голын, Багануурын, Тавантолгойн цахилгаан станцууд  баригдах төсөл хөтөлбөр  яригдсаар өнөө ч хэрэгжээгүй,  зарим нь 20 гаруй жил дуншиж байна. Хамгийн гол нь хөрөнгө, санхүүгийн эх үүсвэргүйгээс ажил нь  эхлэлгүй өнөөдрийг хүрчээ.


Өнгөрсөн онд “ДЦС-III”-т 50  МВт-ын  өргөтгөл хийгдэж дууссан, “ДЦС-IV”-ын 123 МВт-ын генратын өргөтгөл энэ сарын эхээр сүлжээнд холбогдож, хэрэглэгчдэд цахилгаан дулаанаа түгээнэ. Амгалангийн ДЦС-ын ажил ирэх зургаадугаар сард ашиглалтад  орно гэх  чихэнд чимэгтэй мэдээ  дуулдаж байгаа ч энэ нь эрчим хүчний салбарыг алдагдлыг бууруулж, хэрэглэгчдэд хямд үнэтэй эрчим хүч түгээнэ гэсэн үг биш юм.


Түүнчлэн  бид хоёр хөршөөсөө эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг импортолдог.  ОХУ-аас авдаг  эрчим хүчний үнийг төсвөөс төлдөг бол Хятад улсаас импортолдог эрчим хүчийг “Оюутолгой” компани төлжээ. Төлжээ ч гэж дээ, Оюутолгой компанийн үйл ажиллагаанд зориулж импортолсон юм билээ.  Ингээд өнгөрсөн онд л гэхэд хоёр хөршдөө нийтдээ 200 гаруй сая ам.долларын эрчим хүчний төлбөрийг төлсөн байна.


Энэ мөнгөөр бид нэг байтугай цахилгаан станц барьчихна гэж салбарын сайд нь хэлж байна лээ.


Эрчим хүч үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь  байвч, баялгаа үйлдвэрлэх станц баригдахгүй хүлээгдсээр. Гадагшаа экспортолдоггүй юмаа гэхэд дотооддоо өндөр хүчин чадалтай, хямд  эрчим хүч түгээх цаг хэзээ вэ бол.  Элгээрээ  мөлхөх эрчим хүчний салбар хэзээ сэргэх вэ?.



Н.Энх



СЭТГЭГДЭЛ БИЧИХ

isis:
human resource baikhgui shy de ta nar....chukcha nar
2015-03-14
зохион байгуулалт:
зохион байгуулалт муу хуучирсан удирдлагууд намын харяаллаар тавигддаг арвилан хэмнэлт байхгуй зэрэг нь ийм байдалд хургэв
2015-03-14
don‘t worry:
mongol uls munkh tengeriin erchim huchin dor mandan badrah bolnoo. don‘t worry.
2015-03-14
зочин:
чадварлаг инженер техникийн ажилтнуудынхаа ачаар арай ч элгээрээ мөлхчихээгүй байна. юмыг дандаа харлуулж байхаа боливол таарна. үнэ тариф нь хэтэрхий хямдхан байгаа болохоор л станц барих хувийн хэвшлийнхэн байхгүй, улс өөрөө мөнгө гаргачих чадалгүй байгаа юм.
2015-03-13
даваа:
утааны хунгулултийг хучингуй болгоогуй биз дээ тэр чинь хуулиар баталгаажсан уих ын тогтоолтой шуу дээ
2015-03-13