"Гамлет" дахин тоглоно

Уильям Шекспирийн "Гамлет" жүжиг энэ сарын 22-нд 17:00 цагаас, 23-нд 19:00 цагаас УДЭТ-ын тайзнаа дахин залрах нь ээ. Уг жүжгийг 33 жилийн тэртээ 1979 онд анх УДЭТ-ын алтан тайзнаа анх тоглогдож байжээ.
Нийгмийн зөрчил, бухимдал, худал хуурмаг, эс бүтэх бүхнийг өөрөөрөө, өөрийн солиорлоор илэрхийлэх Гамлетын дүрийг найруулагч Н.Наранбаатар “Монголын ард түмний саруул ухаан” хэмээн тодотгосон. XXI зуунд техник технологийн хөгжлийг гэрлийн хурдаар хэмжихүйц хэмжээнд хүрсэн ч хүний эх язгуур гэгч зүйл алдагдаж, сайн муу, үнэн худлын дэнсэн дээр сөрөг тал руугаа давамгайлж, материаллаг сонирхол ихтэй, өнгөц, хийсвэр болсон энэ цаг үед “Гамлет” жүжиг тайзнаа тавигдаж байгаа нь цагаа олсон гэдгийг ч тэр онцолсон юм.
“Гамлет” жүжгийг дэлхийд анх удаа 1601 онд тайзнаа тавьсан гэх түүхэн баримт бий. Тэр цагаас хойш олон орны олон театрт солиотой, хардагч, өшөө авагч гээд тоймгүй олон “Гамлет” амилсан. Харин Монголын үзэгчидтэй уулзах Гамлетыг хамгийн энгийнээр, хамгийн товчхоноор үнэнийг хайгч, үнэний эрэлч гэж найруулагч нь тодотгсон. Найруулагчийн нүдээр нийгмийн бухимдлыг өөрөөрөө, өөрийнхөө солиорлоор дамжуулан гаргаж чадах тэр хүн нь С.Болд-Эрдэнэ байсан юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ