Ерөнхий сайд малчны хотонд зочиллоо

img

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөр орж, жижиг бизнес эрхлэгчидтэй уулзсаныхаа дараа Баянхутаг сумын нутагт өвөлжилж байгаа Хэрлэн сумын III багийн малчин Г.Нарангэрэлийн хот айлыг зорилоо.

Хэнтий аймагт энэ жил өнтэй сайхан өвөл болж, малын зоо тэнийж, малчдын сэтгэл санаа ч өөдрөг байна.

Он солигдох мөчид нэг үнээ нь тугаллаж эр хөх тугал гаргасны дараахан Засгийн газрын тэргүүн хүрэлцэн ирсэнд Сайн малчин Г.Нарангэрэл ихэд бэлэгшээн, зочдоо шинэхэн уурагаар дайлж угтлаа.

Гэрийн эзэн болон Ерөнхий сайдыг ирэх сургаар эднийд ирсэн ойр орчмын малчидтай гүйцэтгэх засаглалын тэргүүн ахуй амьдрал, малын тарга тэвээрэг, өвөлжөө, цаг агаарын байдал зэргийн талаар энгийн яриа хөөрөө өрнүүлэв.

Баян хангай ивээж, дээр нь төр, засгаас малчдынхаа талаар ихээхэн арга хэмжээ авч, төрөл бүрээр туслаж, дэмжиж байгаад Г.Нарангэрэл талархаж явдагаа илэрхийлээд, одоо малчид өөрсдөө хичээж, зүтгэх хэрэгтэй гэж боддогоо хэллээ.

Г.Нарангэрэл 2 500 гаруй малтай. Малаа төллөх, сувай гэж ангилан тусад нь хариулдаг. Энэ нь бэлчээр талхлахгүй байх бас нэг арга. Энэ жил газрын гарц сайн байгаа, дээр нь дөрвөн мянган боодол өвс бэлдсэн учир өвлийн хэцүү цагийг ажралгүй давж, урин цагтай золгочихно гэж ярилаа.

Тэрээр 4 малчинтай. Тэднийгээ сард тус бүр 300 мянган төгрөгөөр цалинжуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж, түлээ түлш, хоол хүнс гээд хэрэгцээтэй бүхнийг нь бэлдэж өгдөгөө ч Ерөнхий сайдад дуулгалаа.

Төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”, Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль, “Монгол мал” хөтөлбөр, “Таван эрдэнэ” арга хэмжээний талаар Засгийн газрын тэргүүн товч танилцуулав.

Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Засгийн газар энэ оноос малчин бол мэргэжил гэдгийг баталгаажуулж, малчин өрх бүрийг жижиг, дунд үйлдвэрлэгч гэж үздэг болж байгаа. Малчин хүн ажил олгогч, жижиг, дунд үйлдвэрлэгч гэдгийг Сайн малчин Г.Нарангэрэл мэргэжлийн түвшинд харуулж байна. Энэ мэт олон сайхан жишээ улс орны өнцөг булан бүрт түгэж, энэ хэрээрээ иргэдийн ахуй амьдралд тус нэмэр болохын ерөөл өргөе” гэлээ.

Төр, засгаас малчид, малчин өрхөө санхүү, үйлдвэрлэл, зах зээл гээд бүх талаар дэмжинэ. Гагцхүү малчид үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малынхаа үүлдэр, угсааг сайжруулах, чанартай  бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд борлуулан, ашиг орлого олж байхын төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байв.

Ажил хийвэл ам тосдоно гэдгийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын III багийн малчин Г.Нарангэрэл харуулж байна.

Тэрээр нэг хүү, гурван охинтой. Том хүү нь аймгийн төвд талх, нарийн боовны цех ажиллуулдаг бол өөрөө сүү, цагаан идээгээ аймгийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлдэг байна. Охидууд нь удам дамжсан малчид болжээ.

Чанарын шаардлага хангасан ноосоо үндэсний үйлдвэрт тушаавал урамшуулал олгож байгаа нь амьдралд ихээхэн нэмэр болж байгаа тухай малчид ам уралдан ярьж байлаа.

Өмнө нь ченжүүдийн аманд багтан хэлсэн үнээр нь ноосоо өгдөг байсан бол одоо өөрсдийн байгуулсан хоршоогоороо дамжуулан ноосоо тушааж, үр шимийг нь хүртэж байгаадаа баяртай байна гэж Ерөнхий сайдад хэлэх малчин олон байна. Г.Нарангэрэл гэхэд л энэ жил ноосоо тушаасны урамшуулалд хоёр сая гаруй төгрөг авчээ.

Шинэ оны ажлын эхний өдөр Улаанбаатар хотоос 410 километрийн зайд өвөлжиж байгаа гэрт нь хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Сайн малчин Г.Нарангэрэл талархал илэрхийлж, Баянхутаг сумын наадамд торгон жолоо өргүүлсэн хээр алаг соёлон морио бэлэглэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hi:
ene hun unen yarij bna
2012-04-22
tsaani ni hujaa erdenebaatar gej adgiin shaar bn daa hentiid 5 hujaa l zahirdag gesen chingisiin nutgiig hujaagiin huuhed barih ch gej de hentiihen doojooguimdaa
2012-01-11
Батболд еронхий сайдаа . Сая таныг зурагтаар хэнтийд ажиллаж ард тумнийхээ санал хусэлтийг сонсож байхад Замын Уудийн гаальтай машин дуусаагуй улам цэцэглэн хогжиж байгаа тухай ард иргэд чинь ярьж оглоо . Одоогоос хэдэн жилийн омно С Баяр еронхий сайд байхдаа гаальтай машиныг маргаашнаас байхгуй болго гэж гаалийн дарга нарт уурэг огоод л тэд нар н гаальтай машин байхгуй болчихсон гээд хуцаад байсан болоогуй л байгаа биз дээ. Монголд хэзээ ч хууль хэрэгждэггуйн тод жишээ энэ бишуу Батболдоо. Чи бас хэзээ ч гаальтай машинын зогсоож чадахгуй чамд тийм бяр ч байхгуй шуу дээ. Эфирийн омно хоосон чалчигч
2012-01-03