
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам”-ын дагуу 2010-2011 оны хичээлийн жилийн сүүлийн хагаст 27 дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилалд хамруулсан. “Аттестатчилалд хамрагдах сургуулийн нэр, аттестатчилалын комиссын бүрэлдэхүүн батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 384 дүгээр тушаалаар 10 комисс байгуулан 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 15 -ны өдрийг хүртэл ажиллуулав. 2011 онд 55 дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилалд хамруулснаас 14 сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаад байна. Өнөөдөр улсын хэмжээнд 95 дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. 2012 онд үлдсэн их, дээд сургуулийг аттестатчилалд бүрэн хамруулна.
Аттестатчилах комиссын бүрэлдэхүүнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны холбогдох газрын дарга, мэргэжилтэн, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын их, дээд сургуулиудын консорциум, Монголын хувийн их, дээд сургуулиудын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын оюутны холбоо, мэргэжлийн номын санчид зэрэг төлөөллийг оролцуулсан.
Аттестатчилалд “Хантайшир” коллеж, “Гүүр” коллеж, Старс коллеж, “Монгол Фермер” коллежиуд тэнцээгүй тул сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг нь 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн цуцлахаар боллоо.
Аттестатчилалд тэнцсэн Хүрээ дээд сургуулийн докторын сургалт эрхлэхийг, Их монгол дээд сургуулийн Дуулах ур зүй бакалаврын элсэлтийг ирэх оны хичээлийн жилээс, Аттестатчлагдаагүй Олимп, Эко-Ази коллежийн зарим мэргэжлээр элсэлт авахыг бүрэн зогсоогоод байна. Ийнхүү нэгэн үе 170 шахаж байсан их дээд сургуулийн тоо 95 болж цөөрлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ