Тэр өдрийн тэнгэр

img

Монголд өдгөө албан ёсны бүртгэлтэй  улс төрийн 22 намтай гэдэг. Үүнээс хоёр нам нь 20 гаруй жил ээлжилж, заримдаа  хамтран төрийг барьж ирэв. Гарын таван хуруунд багтах цөөхөн хэдэн намууд нь энэ хоёрынхоо ар өвөрт нь булталзсаар сонгууль түүчээлж ирсэн. Саяхан явуулсан судалгаанд хамрагдагсдын 15-аас илүү хувь нь эрх баригч намуудын үйл ажиллагааг муу, 30- аас дээш хувь нь “маш муу” гэж үнэлжээ. Яг маргааш сонгууль болбол одоогийн МАНАН аль нэг гуравдагч хүчинд шууд ялагдахаар байна. Гэхдээ зүлэгт ногоон дэвжээ өөр гэдэг шиг яг сонгууль дээр тулаад ирэхээр бид хуучнаа давтдаг ужиг гэмтэй. Сонгууль өгөх болохоороо сурмаг хулхидуулж, намуудын захиалсан саналыг ёсоор болгож ирсэн замналаа эргэн нэг харцгаах хэрэгтэй болжээ.

ө

Лам,  малчин гэсэн нийгмийн гишүүдтэй 800-д  мянган монгол 1921 оны хувьсгалаар капитализмийг алсгасч байлаа. Үүнээс 70-аад жилийн дараа 2 саяд хүрсэн монголчууд ардчилсан хувьсгалыг ялуулж, дээгүүр нь харайгаад гарчихсан капитализмдаа эргэж зүтгэв. Ингэхдээ  мөн л түүхэн хөгжлийг нь товчилж хар эрчээрээ давхиж яваа капиталист ерөнцийн галт тэрэгнээс шууд үсрээд зүүгдчихсэн хэрэг. Барьцаа тавибал сүйрэл. Дахиж алгасах юм уу, шууд шилжих нийгэм гэж байхгүй. 70 жилийн турш дагуул орон байж хөгжлийн бодлогын тодорхой үзэл баримтлагүй явсан ард түмэн  өрсөлдөөний хатуу ширүүн хууль үйлчлэх капиталист нийгэмд замаас нь зүүгдчихсэн хэрэг.  Социализм гэх анд нөхдийн, эв хамтын тунхагтай нийгмээс хүн зөвхөн өөрийгөө бодох эрмэлзэлтэй капиталист нийгэмд дасан зохицох үйл явц одоо ч үргэлжилсээр. Арилжаа наймаа, зах зээлийн систем, орлого зарлагын тал дээр төрөлхийн наймаачин ухаан, хувийн сүйхээ сайтай бид дор нь сурсан. Харин ардчилсан нийгмийн гол илэрхийлэл болсон сонгуулийг хийх  гэж ёстой хөглөж ирлээ. Нэг талаас нийтийн засаглалыг бий болгох, нөгөө талаас төрийн дээд албан тушаалтнуудыг халж сэлгэх сонгуулиа хийж ирсэн бидний замнал үнэн хэрэгтэй их ээдрээтэй.Нэр дэвшдэг хэд ч, сонгож буй бид ч бүгд л сонгуулийн талаар төсөөлөл төдий ойлголттой. Үзүүр түрүүний хоёр бөх дээр хуваагддаг шигээ сэтгэл хөөрөл ихтэй, заримдаа хэтэрхий цагаахан гэмээр ханддаг байлаа. Ер нь бол буруу хөл дээрээ боссон гэж болохоор асар их төөрөгдөл дунд сонголтоо хийдэг байлаа.

р

Юун түрүүнд намууд болоод нэр дэвшигчид хүчээр төрийн эрх авахгүй ч хулгайгаар гэж болохоор сонгогчдыг хуурч төөрөлдүүлэхээс эхэлсэн гэж болно. Гэрээр нь хэсч архидуулах, арав арваар нь микрогоор үнэгүй зөөж  мөнгө тараах, торго дурдан бэлэглэх гээд буман гэмээр хар технологийг намууд бие биеэсээ өрсөн хэрэгжүүлж, ардчилсан чөлөөт сонгуулийг завхруулах туршилтыг сонгогчид дээр жинхэнэ утгаар нь явуулж эхлэв.

ро

 Эхнээсээ санхүүжилтийн хяналтын механизм, ил тод байдал байхгүй орчинд нэхэл хатуутай мөнгө босгосон түшээд бүрэн эрхийнхээ 4 жилд хуулиар халхалж дураараа туйлаад дараагийн сонгуулийн хар технологио бодчихсон хүрээд ирдэг болов. Төрийн эрх мэдлийг авснаар хэт явцуурч амархан баяжих давуу байдалд амташсан тэд ээлжит сонгуульд унах, буцах замгүй болсон хэрэг.

и

Үүнтэй хамт өнөөг хүртэлх 25 жилд жинхэнэ утгаар нь бий болгох ёстой байсан сонгогчийн боловсрол ор тас хаягдсан. Улс орны ирээдүйд чухал нөлөө үзүүлэх сонгогчийн боловсрол гэдэг ойлголт Бурмаа гэх даргадаа өмчлөгдөж “хувьд” гарснаар сураг алдарсан хэрэг. Ингээд бид амлалтын сонгуулиас аргаа барсан байдалд буюу зориуд цоорхойтой төрүүлсэн хуульд дөрлүүлэн сонгуульдаж ирэв. Үр дүнд нь эрх мэдлийн нарийн шаталсан байх бүтэц эхнээсээ алдагдаж нам төвтэй төр бий болох хөрс суурь тавигдав.

х

Удалгүй гол намууд иргэдээ хувьчлах мэт намдаа гишүүнчилж,  сайн талцуулж  найдвартай хоёр тал болгон хувааж авлаа. Гадаа алхах нэгнийгээ хэн нь улаан, хэн нь цэнхэр гэдгийг аль ч аймаг сумынхан төвөггүй хэлж чаддаг болов. Өрх айлууд ч дотроо улаан цэнхэрээрээ талцан үг сөрөх болов. Үүний үр дүнд аль аль нам нь ирэх сонгуульд дор хаяж  30 хувьтайгаа гэж цээжээ дэлдэж чадахаар болов. Ингээд сонгуулийн сүүлийн 14 хоногт үлдсэн 20 хувь буюу хөвөгч нар гэх урьд шөнийн шарталтын хэмжээ, шил архины үнэ ханшаас хамаарч тэр өглөөнөө шийдээд саналаа өгчихдөг хэсэгт анхаарч ажилладаг болов. Тэр өдрийн тэнгэр мэдэж саналаа өгдөг энэ хорин хувь шинэ мянганы эхэн дээр болсон хэд хэдэн сонгуулийн хувь заяанд нөлөөлсөн удаатай. Ийнхүү бэлэн мөнгө, хэдэн авдар архи, хүн зөөдөг микрогоор эцсийн цэгийг тавьж болдог сонгуулийн дүр зураг бий болсон хэрэг. Гэхдээ намууд сонгуулийн нэг бохир аргаа дараа нь давтдаггүй онцлогтой. Сонгуулиас сонгуульд шинэчлэн сайжруулж өөр хувилбарыг гарган ирж өрсөлдөгч намууддаа сюрприз барьдаг болсон. Үүнд нь бид бас дассан. Намууд ялалтандаа эрэмшин дээгүүрээ булагнах нь ихэсч жирийн гишүүдээ мартаж эхлэв. Үүнийх нь гор нь гарч цөхөрсөн дэмжигч гишүүд нь буруу харж эхэлсэн тул дараагийн сонгуульд сонгогчдыг бултаар нь худалдан авах замд шилжиж бэлэн мөнгөний амлалтыг өгч эхлэв. Үр дүнд нь дахиад нэг шинэ Улаанбаатар босгочих мөнгийг 2 сая илүү хүндээ тараагаад өгчихөж. Их сайндаа л энэ мөнгөнөөс хэдэн айл зурагтынхаа инчийг томсгосныг эс тооцвол энэ их мөнгө үндсэндээ архи,  хужаа бараа болж үрэгдсэн. Хэрвээ бид сонгууль өгөхийн мөн чанар, түүний цаадах сайн муу тусгалыг мэдэх хэмжээний боловсролтой байсан бол өрийн дарамт далласан энэ мөнгөнөөс олонхоороо татгалзаж болох байсан. Үүний илэрхийлэл болгож  мөнгө амлагч популистуудыг дөнгөж гарч ирж байхад нь  сонгуульд унагачихад л болох байлаа. Нэг бол зөв хүнийг дахин нэр дэвшүүлэх хүртэл нь гэртээ зурагтаа үзээд саналаа өгөхгүй хэвтээд байх эрх хуулиар нээлттэй байлаа. Ардчилсан нийгэмд хүнийг дайчлан баривчилж хүчээр санал өгүүлдэггүй.

х

Хамгийн сүүлд холимог систем гэх сонгуулийн хуулийг найруулан гаргаж хуульчилснаар хаалгаар хөөгөөд гаргачихвал тооноор ороод ирдэг зам нээгдэв. Үүгээр хэмнэлттэй эрсдэлгүй бас  найдвартай  гарч ирэх замаа намын томчууд өөрсдөдөө нээж өгсөн юм.

р

Одоо байгаа гишүүд овтой зальтай ч бай, ухаантай сүхээтэй  ч бай ялсан л бол ялсан. Энэ нь бидний хийсэн сонголтын үр дагавар гэдгийг бид эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой. Тэд юу ч хийдэггүй хүмүүс биш. Бидний итгэлийг олж авсан төрийн түшээд. Мөн эдгээр эрхмүүдийг бүгдийг нь эх оронч болгож дахин хүмүүжүүлж  улс орноо нэгт, ураг төрөл, хувийн бизнесээ хоёрт тавьдаг болгоно гэвэл бүүр худлаа. Манай өнөөгийн парламентийн энэ бараан төлөвшил  нэг удаагийн сонгуулийн 4 жилд бий болчихоогүй. Бүхэл 25 жилийн турш хуримтлагдаж муу “үнэр” орсон тул одоо агаар бохирдуулах хэмжээнд аль хэдийн тулчихаад байна. Мөнгөөр зодож гараад эргээд мөнгөө босгох гэж улсын санд гар дүрсээр ирсэн үйлийн гор нь өнөөгийн хямрал. Эрээний хилийг 3 хоног хаахад хямрахдаа тулах хараат байдалд хүрсэн ядмаг эдийн засаг. Анхандаа өмч хувьчлал, үнэгүйдүүлсэн  байр обьектод чичирч хөрөнгөжиж байсан улстөрчид шинэ мянганыг угтаад уул уурхай гэх нэг мөр цөм хийдэг бизнест гар дүрч эхлэв.

р

Ойрын жилүүдэд эрх баригч намууд тэмээ ямаанд, буудайнд, бензинд, ноолуур ноосонд  гэх мэтээр төсвийн мөнгөөр тодорхой бүлэгт урамшуулал өгөх их аяныг өрнүүлээд удлаа. Энэ нь цаагуураа өнөөх л ээлжит сонгуулд бэлтгэсэн бас халаасаа зузаалсан хоёр талын унацтай санаачилга. Явсаар сонуульд ялах магадлалаа хуулийн өөчрлөлтөөр халаасандаа хийчихсэн улстөрчид эх оронч бус үйлдэл, алдаатай бодлого шийдэрийнхээ  төлөө хариуцлага хүлээж дараагийн сонгуульд унах вий гэсэн айдсаасаа бүрэн ангижирсан гэж болно. Энэ нь одоогийн парламент дээр хамгийн ихээр ажиглагдаж байгаа. Сонгуульд яагаад ч гараад ирнэ гэж итгэлтэй болсон зарим гишүүд ичиж эрээлхэхгүйгээр бүлэг хооронд үйлчилж том унац дээр “юм” харж өөр хоорондоо  ил цагаан алалцдаг болов. Хэн нэгэн эсрэг юм ярьж толгой дагаад томроод байвал шоронд хийчихнэ. Хэн ч биш болгоно. Анд нөхдийг нь, амраг садан, хань үр хүүхдээр нь оролдож хар хэрэгт сэрдүүлж чадна.  Бие биедээ найр тавьж том санхүүжилт босгох хууль санаачлах нь үдийн цайны ажил болсон. Харийнханд хандтай хуулиудыг харанхуй шөнөөр зүтгүүлээд батлуулчихна. Ашиг сонирхлын зөрчил гэдэг 100 хувиар хяналтаас гарч бүлэг фракцуудын тааллаар хууль төрөх нь хэвийн үзэгдэл боллоо.

р

Үндсэндээ намууд цаг хугацааны жамаар төлөвших бус төрийн дээр жинхэнэ хаанчлал тогтоож улс орныг өөрсдийн үзэмжээр залуурдах болов.  Хурдны зам дээр огцом мушгих мэт  улс орныг хөгжлийн хэтийн бодлогогүй авч давхих болов. Энэ бүхнээ цайруулах ганц хариулт нь та бүхэн биднийг сонгож төр барих эрхийг олгосон гэдэг.

р

Явсаар ийм болсонд хэн буруутай вэ. Ямар нэг байдлаар ард түмэн бид, сонгогчид буруутай гэж Баабар нийтлэлч хэлсэн. Шууд буруутай  гэхэд хэтрүүлсэн болох биз. Галзуу хурдаар өршөөлгүй урагшилдаг капиталист нийгмийн галт тэргэнд шууд үсрээд зүүгдчихсэн бид “ухаалаг” сонгогчид болж төлөвшиж чадахгүй байгаагаа сэхээрч харах цаг иржээ. Цаашид улс төрийн намуудын болоод сонгуулийн шинэ хуулийг  сонгогдохыг хүсч байгаа эрхмүүд л боловсруулж батлах тул араа даасан юм хийх нь тодорхой. Тэгэхээр бид нэгдэж зүгээр нэг сонгогч бус гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө цаашлаад улс орныхоо хэтийн хэрэг дээр шийдэр гаргагч гэдгээ ухамсарлаж чаддаг болох хэрэгтэй байна. Хараат бус телевизүүд тэр дундаа Үндэсний олон нийтийн телевиз яг одооноос иргэдэд сонгогчийн мэдлэг боловсрол олгох сургалтын суртал нэвтрүүлгийг онол шинжлэх ухааны үндэслэлтэй  бэлтгэн, цаг хайрлахгүй цацахыг уриалах байна. Иргэний төлөөлөл олон нийтийн байгууллагууд одооноос энэ асуудал дээр зорилго нэгдэх хэрэгтэй юм. Сонгууль өгнө гэдэг энэ цагт “Бүү хуурт. Бүү март” гэсэн үг. Өрх гэрийн  тогоон дахь хоолны чанар муудаж, хэтэвчин дэх мөнгө үнэгүйдээд, эдийн засаг хямраад байгаа нь явсаар бидний сонголт буруу байсны тусгал гэдгийг ухаарах цаг болжээ.

р

Иргэд бид 4 жилд нэг эгшинд сонгогч байж ирээдүйд хэнээр хөтлүүлж, улс орноо сайн муугийн аль түвшинд хүргэхийг  шийддэг. Бид  хүссэн ч, эс хүссэн ч парламентийн засаглалыг сонгож, үүгээрээ хэдэн нөхдөд хөрөнгөжих боломж олгосон. Хөрөнгөлөг давхарга бий болгосон нь буруу биш. Угтаа бол ардчилал гэдэг баяжих боломж бүгдэд адил байхыг хэлэх болов уу. Энэ эрх тэгш боломж  өдгөө цөөн хэдэн хүнд өмчлөгдсөн нь гол алдаа.  Хэдийгээр сонгогчдын саналд нөлөөлөх намуудын нөлөө их байсан ч энэ нь бидний л өөрсдийн оюун бодлоор хийсэн сонголт байсан.

х

Тархинаасаа зүрх рүүгээ нүүх цаг болсон гэж мэргэдүүд хэлж байгаа шиг бид сувьдаг амиа бодсон, ашиг хонжооны хар буйрнаасаа нүүж эх орон төвтэй нэг бууцан дээрээ бөөгнөрмөөр байгаа юм. Ингэхийн тулд бид эхлээд сонгуулиа ухаалаг хийж сурах хэрэгтэй байна.  Сонгуулийн хуулийг эрхмүүд өөрсдийнхөө талд л хийнэ. Гэхдээ сонголт хийх эцсийн мөчид үзэг таны гарт л байдаг. Үүнийг ухаарахад 25 жил хангалттай бус гэж үү.

х

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ