Од нь гийсэн Оргодол арслан
Ардын хувьсгалын 76 жилийн ой болох цаг хугацаа нь тулчихсан 1997 оны долдугаар сарын 6-ны өглөө ажилчид болон албаны хэрэгцээнд зориулан хэдэн хонь ачаад Дундговь аймгийн Адаацагийн уулнаас хот руу бидний хэдэн хүн яаравчлан довтолгож явлаа. Адаацагийн уул ард сугаран үлдэж, тэртээ баруун урд Зоргол Хайрхан хэмээх онгон сүрлэг хангай хөндөлсөн цэнхэртэж, өмнөд этгээдэд Шархайн тал дөнгөж төрсөн эх хүн шиг нялхран харагдах нь үнэхээр хөдөө талын үзэсгэлэн ажээ.
Гэтэл жолооч маань “Дуутын ихрийн наад хотосын худаг дээр Оргодол арслангийнх зусаж байгаа. Өглөөний цайг нь буудаад гарах уу” гэдэг юм байна. Шар наран өмнөөс ээгээд ид үүрэглэж явсан миний бие илтэд сэргээд
-Тэгэлгүй яахав. Миний хуучин танил гэж олзуурхав. Зун цагийн хөнгөвтөр тавилгатай, их таван ханатай гэрийн хойморт бамбайрхуу зузаан дэвсгэр дээр Оргодол арслан нөмгөлөн ханхайн суугаад томоо гэгч модон тагштай цай оочлон сууна.
Шөнжингөө явсан бид халуун галд нозоорох аядан шинэ цай уух хооронд би тал засан,-Та намайг танихгүй байна уу даа. Яагаав, Монгол улсын арслангуудад зориулсан “Улаанбаатар” сонины нэрэмжит барилдааны үеэр ерөнхий эрхлэгч Ү.Хүрэлбаатарын өрөөнд тантай танилцаж хундага өргөн би хэдэн элэглэл шүлгэрхүү юм уншсан шүү дээ гэлээ.
-Өө тэгсэн бил үү! Ах нь мартчихжээ гэсний дараа
-Нээрэн тийм л дээ гэлээ. Энэ нь миний урмыг хугалахгүй гэсэн ахмад арслангийн сэтгэл зассан зөөлөн үг бололтой.
-Үгүй та нар тэмээний мах огтлооч гэж том модон тэвштэй мах ойртуулав.
-Та улсын наадамдаа очно биз дээ. -Наадмын урд орой Өнжүүлийн дарга нар тэргээрээ дөхүүлнэ гэсэн. -1955 оны наадамд хөтөлгөө морьтой давхин ирж 256 бөхөөс түрүүлж шууд улсын арслан авахдаа та хэдэн настай байсан юм бэ? -За байз. Би ер нь хожуу барилдсан хүн байгаа юм. 28 настай байсан юм байна.Бидний хооронд ийм яриа өрнөлөө. Оргодол гуай бид хоёр олноос зайдуухан зөөлөн ногоон дээр хөл нүцгэлж суугаад тухтай хүүрнэлдсэн билээ. Тэрбээр идэр залуудаа эмнэг хангал адуутай ноцолдож ид хаваа гайхуулан үрээ, шүдлэн адуу нүдэнд жигтэй жижигхэн харагдаад байх шиг санагдаад, харин бүдүүн морьд азарган үрээний ааг чадлыг үзмээр санагдан хорхой нь асаад байдаг болж гэнэ.
Удмын ажилд гавшгай Оргодол ойр орчны эмнэг адууг бүгдийг шахам номхруулж настнуудаас талархал, сайшаалын үг сонсож, түүндээ урамшихын зэрэгцээ бяр чадал суугаад буй нь өөрт нь илт мэдэгдэх болсон аж. Үүндээ эрэмшин Дундговь аймгийн наадамд түрүүлнэ хэмээн түхэлзэж очоод үзүүрт хүрсэн боловч Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Шарын Доржтовууд өвдөг шороодож, байны даага ногтлоно гэж баахан сагсуурч ногт ганзагалж очсондоо ихэд ичин, монгол бөхийн ёс жудаг, сануулга гэдгийг тэндээс ухаарсан гэдэг. Түүний хойтон жил буюу 1955 оны төрийн наадамд барилдах гэж сумынхаа дарга Дашням гуайгаас чөлөө гуйжээ.
-Улсын наадамд тав давж начин цол хүртэхгүй бол бараг хэрэггүй дээ. Одоо ид уртын ноос, өвс хадлангийн цаг шүү дээ гээд дурамжхан чөлөө өгсөн гэнэ. Учир нь Орогдол багийн даргын алба хашдаг төрийн албан хаагч байжээ. Ингээд нэг голын Жамбалдоржтой цуг хөтөлгөө морьтой нийслэлд ирж, эхний өдрийн оройхон ганц давсан байна. Энэ наадмын онцлог нь монгол үндэсний бөхийн олон жилийн уламжлалыг орхигдуулан, “шинэчлэх” нэрийдлээр цолны зэрэг дэв үл харгалзан гурвын даваанаас эхлэн сугалаагаар барилдуулж Европ хэв маягт ойртуулах гэсэн бусармаг оролдлого хийсэн байв. Сугалаа гэдэг аз, эз хоёрыг аль алийг нь дагуулдаг хэцүү эд л дээ. Тавын даваанд идэрхэн гялалзаж явсан хүчит аварга Шаравын Батсуурь гуайг сугалчихав.
-Миний начин болох талаар боллоо. Сумын дарга Дашням гуайн нүүрийг яаж харна гэж үеийн нөхөр Жамбалдорждоо халаглан хэлэв. Батсуурь аваргын хүчтэй дугтралтад тэвдэн тэнд энд тэвдүүхэн үсэрч буух залуу бөх Оргодолын хурц хараанд аварга хөлөө цөмлөн гишгэх нь өртөх тэр л торгон агшинд өрөөсөн гуяыг нь тэвэрч өргөөд цацчихжээ. Батсуурь гуай бол хэр баргийн хүн цацчихаар шавилхан бөх биш гэдгийг хэн ч мэдэх хойно доо.
Ингээд л Оргодол хүү сумын даргынхаа өмнө хэлэх үгтэй улсын начин цол хүртэх боломжтой болоод дотор нь онгойж, наймын давааны бэлэгшээл бодож найман ширхэг хуушуур авч иджээ. Тэгээд зургаагийн даваанд У.Мижиддоржийг, долоогийн даваанд Г.Цоодол арсланг, наймд цэргийн залуу бөх Б.Бадамыг орхин түрүүлж шууд улсын арслан цол хүртжээ. Улсын наадмын түрүү бөхийн бай шагналаа аваад буцаж явтал их Түвдэн аварга майхны үүдэндээ угтаад зогсчихсон нилээд шаралхсан байдалтай
-Бай мөрийгөөр чинь дэнчин тавиад барилдчих уу гэж шинэхэн арсланд санал тавихад...........................
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ